Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзлаа. Уулзалтад МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхим болон томоохон бизнес эрхлэгчид, санхүү, эдийн засгийн салбарын эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов.Бизнес эрхлэхэд ээлтэй, хөрөнгө оруулалт татахад чиглэсэн суурь өөрчлөлтөд хувийн хэвшлийнхний байр суурь нэн чухал болохыг Ерөнхий сайд уулзалтын эхэнд онцлов. Ялангуяа төсөв, татварын бодлогын шинэчлэлд татвар төлөгчид, эрдэмтэд судлаачидтай нягт хамтран ажиллаж, тэдний саналыг тусгах зайлшгүй шаардлагатай гэлээ. Засгийн газар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа уулзалтын үеэр мэдээлэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасныг хөрөнгө оруулагчдад сайтар тайлбарлах шаардлага үүсэж байгааг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэллээ. Мөн Татварын багц хуулийн төсөлд хувийн хэвшлийнхний оруулсан хэд хэдэн санал дэмжигдсэнд талархал илэрхийллээ.Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохирсон, олон улсын сайн туршлага шингэсэн, эрх зүйн орчин бүрдүүлбэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх боломжтой талаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт илэрхийлэв.

Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буйг “Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн хэлэв. Мөн Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байгааг засах, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зэргээр зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ.

Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын санал бодлыг шийдвэр гаргахад тусгаж, хууль эрх зүйн орчныг сайжруулахад Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдийн оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байнгын ажиллагаатай болгохоор тогтов.УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгалаа. Тус зөвлөлөөс дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого, шийдвэр болон гарч, асуудлыг шийдвэрлэдэг байх нь зөвлөлийн гол зорилго гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Нийтэлсэн: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан