Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хятадын хөрөнгө оруулагчидтай уулзав

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй айлчлал хоёр дахь өдрөө /2026.01.16/ үргэлжилж байна. Тэрээр Санхүүгийн зохицуулах хорооны санаачилгаар зохион байгуулсан “Монголын Хөрөнгийн Зах Зээлийг Холбох нь: Бээжин “Хөрөнгө оруулалт ба Уул уурхай” хуралд оролцоо. БНХАУ-аас 100 гаруй бизнесийн байгууллагын төлөөлөл, манай улсын уул уурхайн салбарын 50 гаруй аж ахуйн нэгж оролцов.

Сайд Г.Дамдинням Монгол эрдэс баялаг, аж үйлдвэр, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт асар их боломжтой гээд манай улсын эдийн засгийн өсөлтийн тулгуур нь уул уурхай, түүнийг дагасан боловсруулах үйлдвэрлэл. 

Эдгээр салбарыг урт хугацааны, тогтвортой, ил тод санхүүжилтийн эх үүсвэрээр хангах нь Монгол Улсын хөгжлийн бодлогын чухал зорилт гэв. Мөн тэрбээр Засгийн газар уул уурхай, аж үйлдвэрийн салбарт зөвхөн олборлолтод бус, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтэц, технологийн шинэчлэлд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж, ийм хөрөнгө оруулалтыг татах хамгийн үр ашигтай суваг бол хөрөнгийн зах зээл гэлээ.

Монгол Улсын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, хөгжлийн шинэ шатанд гарч, зах зээлийн үнэлгээ, арилжааны хэмжээ тогтмол өсөж, хувьцаа, бондын зах зээл, ногоон болон тогтвортой санхүүжилтийн хэрэгслүүд бодитоор хөгжиж байна. 

Төрөөс салбарын зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэх, ил тод байдал, засаглалыг сайжруулах томоохон шинэчлэлүүд хийж байна. Монгол уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зах зээлийн зарчимд шилжүүлэх, ил тод байдлыг нэмэх чиглэлээр бодит ахиц гаргаж, уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болу, нүүрс, зэс, бусад стратегийн түүхий эдийн үнийн ил тод байдал сайжирч, зах зээлийн жишиг үнэ тогтоох, логистик, төлбөр тооцооны эрсдэлийг бууруулах чухал суурь бүрдсэн гэдгийг онцлов. 

Цаашид биржийн тогтолцоог олон улсын хөрөнгийн болон деривативын зах зээлтэй уялдуулна гэлээ. Монгол БНХАУ-ын ойрын хөрш, стратегийн түнш. Бидний эдийн засаг харилцан уялдаатай, харилцан ашигтай байдлаар хөгжиж ирсэн. 

Ялангуяа уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт Хятадын хөрөнгө оруулалт, зах зээлийн оролцоо чухал үүрэг гүйцэтгэж ирлээ. Монголын Засгийн газраас ашигт малтмалын салбарыг олборлолтоос боловсруулах салбарт шилжүүлэхээр том төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэж, Хүнд үйлдвэрийн тухай, Ашигт малтмалын тухай хууль болон зарим холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мөн хуваалцав. 

Ингэснээр аж үйлдвэрийн салбарт хамтран хэрэгжүүлэх боломжтой зэс хайлуулах, ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс хийжүүлэх, алт цэвэршүүлж боловсруулахад хөрөнгө оруулалт татахаар олон улсын хөрөнгө оруулагчдыг урина. 

БНХАУ-ын хөрөнгө оруулагч эдгээр бүтээн байгуулалтад оролцох боломжтойг дуулгахад таатай байна гэв. Эцэст тэрбээр Монголын хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбарын уялдааг шинэ шатанд гаргах, бүс нутгийн болон олон улсын зах зээлтэй илүү нээлттэй, уян хатан, өрсөлдөх чадвартайгаар холбогдох бүрэн боломжтой гэсэн юм.

Энэ хурал энэ зорилгын эхлэл болж, бодит хамтын ажиллагаа, шинэ санаачилга, харилцан ашигтай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байна гэв. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан