Улаанбаатар хотын музейн барилга 1919 онд хувийн сууцны зориулалтаар ашиглалтад орж, 1956 оноос музейн үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
107 жилийн насжилттай тус барилгын ашиглалтын хугацаа хэтэрч, музейн үзмэрийн хадгалалтын горим алдагдах эрсдэл тулгараад байна.
Мөн зай, талбайн хүртээмж хангалтгүйн улмаас хадгалагдаж буй 3500 гаруй үзмэрээс 120 гаруйг нь л олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Үлдсэн үзмэрүүдийг стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалахад хүндрэл үүсээд буй.
Энэ хүрээнд нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Улаанбаатар хотын музейд ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосны дагуу соёлын бүтээлч өвийг иргэдэд хүргэх, хүүхэд, залуучууд түүхээрээ бахархах, музей үздэг соёлыг түгээн дэлгэрүүлэх, Улаанбаатар хотыг зорин ирж буй гадаадын жуулчдад илүү таатай орчинтой, зай талбай ихтэй, нэг дор олон хүн үзэж сонирхох боломжтой музейг бий болгохыг зорьж байна. Энэ хүрээнд музейг дахин шинэчлэх, шаардлагатай бол шинэ байр барих зэрэг асуудлыг газар дээр нь судалж ажиллаж байна. Бид Улаанбаатар хотод суурьшмал амьдраад 380 гаруй жилийн түүхийг бүтээсэн. Гэвч хотын музейг дэлхийн хотын жишигт нийцүүлэн авч явч байгаа эсэх учир дутагдалтай. Манай музей 70 жилийн түүхэндээ 3500 гаруй үзмэрийг бүрдүүлсэн бөгөөд олон талын үнэ цэнэтэй үзмэр хадгалагдаж байна. Тэр дундаа олон нийтэд өмнө нь дэлгэгдэж байгаагүй цор ганц үзмэр ч бий. Гэвч музей зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж, чийгшил болон хадгалалтын стандарт хангахгүй нөхцөлд үзмэрүүдэд эрсдэл үүсэж байна. Үүнийг шат дараатайгаар засварлаж, шинэчлэн сайжруулна” гэлээ.

Улаанбаатар хотын музейн захирал П.Даваасүрэн “Улаанбаатар хотын музей 1956 онд байгуулагдсан бөгөөд 386 жилийн түүхтэй нийслэл хотын соёлын биет өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой ажилладаг. Энэ жил манай музей үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буй онцгой жил. Ойгоо угтахтай зэрэгцэн сайхан мэдээ сонслоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар их хотын түүх, соёлын өвийг хамгаалах зорилгоор музейг зориулалтын шинэ байртай болгохоор анхаарч буйд чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн түүхэн дурсгалт барилгыг нураалгүйгээр сэргээн засварлах шийдвэр гаргасан. Өнгөрсөн хугацаанд үзмэрийн танхим, ариун цэврийн өрөө зэрэг дотоод засваруудыг түүхэнд байгаагүйгээр хийж өгсөн. Цаашид гадна фасад, дээврийг шинэчлэх, орчны тохижилтыг сайжруулах, улмаар Улаанбаатар хотын музейг үндэсний хэмжээний бүрэлдэхүүн музей болгохоор төлөвлөж байна. Ингэснээр их хотдоо хайртай ахмад настан, хүүхэд, багачууд төдийгүй иргэд олон нийт баярлана гэж найдаж байна.
Дэлхийн улс орнуудын нийслэлийн музейнүүдтэй харьцуулахад Улаанбаатар хотын музей онцлог, давтагдашгүй түүхийг өгүүлдэг. Монгол Улс арвин баялаг түүх, өв соёлтой ард түмэн бөгөөд хотын түүх гэдэг утгаараа бүр ч ондоошилтой. Манай музей нь их хотын түүх, соёлын өвийг хадгалж, хамгаалах, жуулчдад сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага юм. Гэвч өнөөдрийн байдлаар ердөө 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай” гэв.




























