Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан үргэлжилж, Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хорооны салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжтэй танилцаж байна.Тухайлбал, Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун эхлээд индэрт танилцуулгаа хийв. Тэрбээр, монгол хүний эрүүл насжилт, хөгжлийн онцлогтой иргэдийн гэрээс гарч чаддаггүй шалтгаан, тэднийг хөдөлмөр эрхлэх боломжтой тогтолцоотой болох зэргийг хөндөж ярив.

Монгол Ардын намын Бага хурлын II хуралдааны эхэнд тавьсан илтгэлүүдийг дохионы хэлмэрчтэй дамжуулсан нь ихээхэн хүртээмжтэй шийдэл болсныг Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Саранчулуун онцолж байв.

Мөн Хүний эрхийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал манай улсад хүүхэд хамгааллын тогтолцоо учир дутагдалтайг дурдав.

Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны салбар хуралдааны үеэр боловсролд тулгарч буй асуудлыг багцаар нь ярих шаардлагатай, суралцагчийн ёс зүй, багшийн хөгжлийг оролцогчид түлхүү хөндөж ярилцсан талаар тус хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах танилцууллаа.

Хот байгуулалтын бодлогын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Уянга намын мөрийн хөтөлбөрт тусгасан 20 минутын хот төсөл, шинэ Хархорум хотын төслийг эрчимжүүлэх, иргэдийн хүсдэг ипотек, эрчим хүчинд хэмнэлттэй, байгаль орчин ээлтэй орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар салбар хуралдааны үеэр ярилцжээ.Технологи, инновацийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Анар иргэдийн цаг зав, эдийн засгийг хэмнэдэг, цахим хэрэглээнд оновчтой шийдэл болсон и-монголиа дараагийн шатыг хэрэгжүүлэхийг танилцуулгадаа дурдав.“Гишүүн төвтэй нам E-4 стратеги"-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Ардын намын даргын дэвшүүлсэн “Чөлөөлье” ая иргэдэд богино хугацаанд хүрч, ард түмнийг дэмжлэгийг авч байна, тэд эдийн засгийн эрх чөлөөг, эрчим хүчний эрх чөлөөг, улс төрийн эрх чөлөөг хүсэж байна гэж онцлон ярив. Мөн Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны Нарийн бичгийн дарга П.Норовсамбуу, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжөө Бага хурлын гишүүдэд танилцуулав.

Бодлогын хороодын салбар хуралдаанаас гаргасан санал, зөвлөмжийг тусгасан тогтоолыг Бага хурлаас батлах юм. Бага хурлаас гаргах тогтоолуудыг эцсийн найруулгад бэлтгэх редакцийн комиссыг намын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар ахалж ажиллаж байна.











































