ХӨСҮТ болон БНСУ-ын Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэг “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ) болон Солонгосын Үндэсний Сүрьеэгийн Нийгэмлэг (СҮСН) байгууллагууд сүрьеэгийн тандалт, судалгаа болон урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамтран ажиллаж байна.

2026 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааны “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулав. Уулзалтад ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Г.Гантунгалаг, Сүрьеэгийн үндэсний лавлах лабораторийн эрхлэгч Б.Цэцэгтуяа болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Харин БНСУ-ын талаас Жан Сын Жүн (Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга), Ким Канг Хи (багийн ахлах), Со Сог Хёнг (Монголын төслийг хариуцсан менежер), мөн Сүрьеэгийн судалгааны хүрээлэн (KIT)-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн төвийн дарга Гү Жин Сү болон бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний 9 дүгээр хурлыг энэ жил Улаанбаатар хотод зохион байгуулах талаар хэлэлцлээ. Мөн одоогоор хэрэгжиж буй хамтарсан төсөл 2026 оны 12 дугаар сард дуусахтай холбоотойгоор цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, шинэ төсөл боловсруулах, өргөн барих асуудлаар санал солилцов.
Түүнчлэн 2026 оны 11 дүгээр сарын 17–20-ны өдрүүдэд Бразил улсын Рио-де-Жанейро хотод зохион байгуулагдах Уушгины эрүүл мэндийн дэлхийн хурал-д хамтарсан төслийн үр дүнгээр илтгэл илгээж оролцох талаар талууд хэлэлцэв.

Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, сүрьеэгийн хяналт, судалгаа, урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг өргөжүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж. ХӨСҮТ

























