УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Туулын хурдны замыг эсэргүүцэж, амралтын өдөр жагсаж буй иргэдтэй нэгдсэн юм. Өнөөдөр тэрээр байнгын хорооны хурлын үеэр дараах мэдээллийг өглөө.
-Хэдүүлээ хэзээ мэтгэлцэж сурах вэ? Бид улс төрчид шүү дээ. Мэтгэлцэх нь бидний ажил. Гэтэл дэмжихгүй гэснийих нь төлөө улс төржлөө гэх юм.
Би нийслэлийн зарим ажлыг дэмждэг. Сэлбэ голын төслийг дэмжээд, амаа жимийгээд хэзээ дуусах бол гээд хүлээж байна. Туулын хурдны замыг яагаад эсэргүүцэв гэхээр 2.3 их наяд төгрөгийн одоогийн төсөв нэмэгдэнэ.
Энэ бол маш их мөнгө. Үүнийг УИХ ярих ёстой. Энэ хотын жирийн нэг төсөл биш. Засгийн газар энэ төсөлд өрийн баталгаа гаргаж өгсөн. Үр дагавар нь маш ноцтой шүү. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том төслүүд л хийе гэсэн бодол олон хүнд байна. Богд уулыг нүхэлнэ, Өөдөө тэмүүлэх гүүр барина гэх мэтээр баахан мөрөөдсөн. Үүний үлдэгдэл нь Туулын хурдны замын төсөл юм.
Орд газруудаа бартердаж байгаад бүтээн байгуулалтаа хийе гэж 2024 оны сонгуулийн дараах Засгийн газар шийдсэн. Энэ бодлого одоо ч яваад байна. Төрийн мөнгөөр ийм том төсөл хэрэгжүүлэх нь ялангуяа энэ цаг үед маш их эрсдэлтэй. Та нар хуурамч гарын үсгийг Байгал орчны нөлөөллийн үнэлгээн дээрээ тавьсан биз дээ. Сайхан төсөл боловч мэдээллээ дутуу өглөө гэж наль паль хиймээргүй байна гэв.
Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Х.Булгантуяа, Д.Алдаржавхлан, П.Сайнзориг, Ч.Номин, Ц.Идэрбат нар төслийг дэмжинэ гэв.

























