Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцов.
Тариаланчид дотоодын тариаланчдыг дэмжих, гурилын үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилгоор олгодог улаан буудайн урамшууллын өрийг яаралтай барагдуулах, хөнгөлттэй үнэтэй түлшний зардал, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагтайг онцожээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хэлэхдээ "Нэгдүгээрт, 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна.Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж аж ахуйн нэгжүүдэд хязгаарлагдаж байна.
Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ.
Гуравдугаарт, шатахууны хангамж, зохицуулалтын асуудлыг мөн анхаарч, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.
Иймд ирэх Засгийн газрын хуралдаанд газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, урамшууллыг шуурхай олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахууны хангамжийг тогтвортой болгох чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргана.
Хэрэв дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол салбарт ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллана.
Дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх ёстой.
Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана.

Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарна” гэв.
Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, улаан буудайг 312 мянган га-д, төмсийг 16 мянган га-д, хүнсний ногоог 18 мянган га-д, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт тариалалтын хэмжээ 633 мянган га-д хүрэхээр байна.
Тариалалтын үндсэн бэлтгэлүүдийг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, тариаланчид өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн.Үүнээс 14 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үрийг зээлийн шинэчлэлд хамруулаад байна.
Төмсний үрийн хангамжийн хувьд зарим бүс нутагт хомсдол үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан нэмэлт нийлүүлэлт, зохицуулалтын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Мөн бордооны нийлүүлэлтийн хүрээнд 10 мянга орчим тонн бордоог импортлон, тариаланчдад хүргэх зохион байгуулалтыг хийж байгаа бол ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 ААН-ээр дамжуулан тасралтгүй хангахаар ажиллаж байна.
Түлш, шатахууны хангамжийг сайжруулах чиглэлээр уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 ААН-тэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийсэн байна.
Одоогийн байдлаар 15 ААН-тэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ. 240 орчим тариаланчид гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтыг эхлүүлээд байна.
Иймд хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тариалалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч байна гэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ

























