Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 17 үл хөдлөх хөрөнгө, 3 автомашиныг битүүмжилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

АТГ-аас мэдээлснээр, Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байгаа аж. Мөн албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн түүний хөрөнгө, орлого 3.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл, 80 мянган ам.доллараар нэмэгдсэнийг хууль ёсны эх үүсвэртэй болохыг тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон гэж АТГ мэдээлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн, шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан байна. Уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж, гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөлийг тогтоосон гэжээ.

Мөн хэрэгт холбогдуулан 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авснаас гадна санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан