Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨНӨӨДӨР: Олон улсын гал сөнөөгчдийн өдөр

ӨНӨӨДӨР: Олон улсын гал сөнөөгчдийн өдөр

Өнөөдөр буюу тавдугаар сарын 04-нд дэлхий даяар Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг тэмдэглэж байна. Энэхүү өдрийг гал түймэр, гамшгийн үед хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, эрсдэлтэй нөхцөлд үүргээ нэр төртэй гүйцэтгэдэг гал сөнөөгчдийн эр зориг, зүтгэлийг хүндэтгэн тэмдэглэдэг юм.Олон улсын гал сөнөөгчдийн өдрийг 1999 оноос эхлэн албан бусаар тэмдэглэж ирсэн бөгөөд Австрали улсад гарсан ой хээрийн түймрийн үеэр амиа алдсан гал сөнөөгчдийг дурсах санаачилгаар бий болсон түүхтэй. Тодруулбал, 1998 оны 12 дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн Линтон хот орчимд гарсан ой хээрийн түймрийн үеэр таван гал сөнөөгч амиа алдсан эмгэнэлт явдал болсон. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-нд гал сөнөөгч Жэй Жэй Эдмондсон дэлхий нийтэд уриалга гаргаснаар энэхүү өдрийг тэмдэглэх санаачилга олон улсад түгэн дэлгэрчээ.Тухайн түймрийн үеэр амь насаа алдсан гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нарыг өнөөдрийг хүртэл олон оронд хүндэтгэн дурсдаг байна. Өдгөө энэ өдөр нь дэлхийн олон оронд гал сөнөөгчдийн гавьяа зүтгэлийг үнэлэх, тэдний хөдөлмөрийн үнэ цэнийг олон нийтэд таниулах өдөр болон өргөжжээ.Гал сөнөөгчид нь зөвхөн гал түймэр унтраахаас гадна зам тээврийн осол, байгалийн гамшиг, аврах ажиллагаанд оролцож, онцгой нөхцөлд ажилладаг. Тэдний ажил нь цаг хугацаатай уралдсан, өндөр эрсдэлтэй байдаг бөгөөд олон улсын хэмжээнд жил бүр гал сөнөөгчид албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Монгол Улсад ч мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймэр, зуд, үер ус зэрэг гамшгийн үед тасралтгүй ажиллаж, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалсаар байна. Сүүлийн жилүүдэд ой, хээрийн түймрийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь гал сөнөөгчдийн ачааллыг нэмэгдүүлж, бэлэн байдлыг улам чухал болгож байна.Иймд Олон улсын гал сөнөөгчдийн өдөр нь тэдний гавьяа зүтгэлийг хүндэтгэхийн зэрэгцээ галын аюулгүй байдлыг сахих, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоо чухал болохыг сануулж байна.

Эрхэм гал сөнөөгчиддөө баярын мэнд хүргэж, амь нас, эрүүл мэндээ үл хайхран эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө зүтгэж буй та бүхэнд гүн талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан