Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах салбарын хөгжил, донорын тогтолцоо, дэвшилтэт технологи, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “ICOT V - 2026” олон улсын чуулган 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
“Нэг Үндэстэн – Нэг Алсын Хараа” уриан дор болж буй тус чуулганд Монгол Улс, БНСУ, Энэтхэг, Турк, БНХАУ зэрэг улсын 20 гаруй доктор, профессор, 30 гаруй тэргүүлэх мэргэжилтэн оролцож, эрхтэн шилжүүлэн суулгах салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар туршлага солилцох юм.
Эхний өдрийн сургалт Хавдар судлалын үндэсний төвд зохион байгуулагдаж байна.
Энэхүү төгсөлтийн дараах сургалтад элэг, цөс, нойр булчирхайн чиглэлийн 60 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Сургалтын хүрээнд оролцогчид элэг тайрах, нойр булчирхай тайрах болон роботын тусламжтай элэг тайрах мэс заслыг ажиглан, бодит орчинд дадлага туршлага хуримтлуулах боломжтойгоороо ач холбогдолтой.
Монголын элэг, цөс, нойр булчирхайн нийгэмлэг нь энэ чиглэлээр нарийн мэргэшлийн эмч, мэргэжилтэн бэлтгээд 14 жил болж байгаа бөгөөд олон улсын мэргэжлийн нийгэмлэгийн гишүүн орны хувьд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сургалтын нээлтийн үеэр ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс засал–Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эрхлэгч Г.Үнэнбат “Дэлхий даяар элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын чиглэлээр ажилладаг 3000 орчим нарийн мэргэжлийн эмч байдгаас 65 нь Монгол Улсад ажиллаж байна” хэмээн онцоллоо.
ХСҮТ-ийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг жил бүр 800-900 мэс засал амжилттай хийжээ.

























