Монгол Улсын санаачилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 76 дахь чуулганаар 2026 оныг Бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил (IYRP 2026) болгон зарласан A/RES/76/253 тогтоолыг баталсан бөгөөд үүнийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор хэрэгжүүлэхээр болсон.
2026 он нь бүтэн жилийн турш монголын соёл, нүүдлийн ахуй, байгальтайгаа зохицон оршиж ирсэн өв уламжлалыг дэлхий дахинд хүндэтгэн таниулж буй онцгой жил юм.
Энэхүү жил нь бэлчээрт суурилсан мал аж ахуйн үйлдвэрлэл, уламжлалт мал аж ахуйн мэргэжилтнүүдийн хүнсний аюулгүй байдал, экосистемийн тэнцвэр, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бууруулах, байгаль орчны тогтвортой байдал, хөдөөгийн тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар дэлхий нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Дэлхийн бүс нутгуудад энэ 2026 онд малчдын уулзалт, бага хурал зохион байгуулагдаж байна. Эдгээр хурал, уулзалт зэрэг арга хэмжээний үр дүн, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, Дэлхийн байр суурийг илэрхийлсэн баримт бичиг гаргах шаардлагатай байна. Тиймээс Монгол Улс бүс нутгийн үр дүнг нэгтгэн баталгаажуулж, Дэлхийн бодлогын түвшинд хүргэх зорилгоор Дэлхийн малчдын чуулган зохион байгуулна.
Хурлын зорилго:
2026 оны 8-р сарын 9-15-ны хооронд Монгол Улсад болох Дэлхийн малчдын чуулганы зорилго нь:
- Дэлхийн бүс нутгуудад болсон малчдын уулзалт, яриа хэлэлцээрийн үр дүнг нэгтгэх;
- Эмэгтэй малчид болон залуу малчдын тэргүүлэх чиглэлийг тусгасан хамтарсан тунхаглал, зөвлөмж боловсруулах;
- Бэлчээр, мал аж ахуйн тогтвортой байдлыг дэмжих бодлогын чиглэл, хамтын ажиллагааны механизмыг тодорхойлох;
- Нэгтгэсэн баримт бичгийг СОР17-д танилцуулан, шийдвэрлүүлэх,
- Гарсан шийдвэрийг дэлхий даяар танилцуулах, хэрэгжүүлэх юм.
Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн албан ёсны нээлтийн арга хэмжээг 2025 оны 12 дугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд зохион байгуулсан. Уг нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд нарын хамт биечлэн оролцсон. Энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр үндэсний нээлтийн арга хэмжээг Чингис хаан музейд зохион байгуулж, нээлтэд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон бусад албаны төлөөлөл оролцсон нь манай улс энэхүү олон улсын жилд томоохон ач холбогдол өгч байгаагийн тод илрэл байсан юм.
Бэлчээр, мал аж ахуйн өмнө тулгарч буй дэлхийн хэмжээний чухал сорилтуудыг онцлон тэмдэглэхийн тулд сар бүр 12 сэдвийн доор арга хэмжээний хүрээг тодорхойлсон. Мал аж ахуйн бүлгүүд өөрсдийн соёл, амьдралын хэв маягийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний болон дэлхийн бодлого боловсруулагчдын мэдлэг, нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулж байна.

























