Боловсролын сайд Л.Энх-Амгалан Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн түүх, археологийн судалгаагаар дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн, салбартаа манлайлагч гадаадын нэрт эрдэмтэн, судлаачдыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад:
● Крис Госден (Оксфорд Их сургуулийн профессор)
● Михал Биран (Израилийн Хебрей Их сургуулийн профессор, Монголын эзэнт гүрний түүх судлаач)
● Ян Бемманн (ХБНГУ-ын Боннын Их сургуулийн профессор, Хархорум болон Хүннүгийн археологийн судалгааны манлайлагч)
● Мари Фаверо (Францын Нантеррийн Их сургуулийн профессор, дэлхий дахинд өндрөөр үнэлэгдсэн "Орд: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв" номын зохиогч)
Эдгээр эрдэмтэд Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн соёл иргэншил, археологийн чиглэлээр олон арван шилдэг бүтээл туурвиж, дэлхийн шинжлэх ухааны эргэлтэд шинэ мэдлэг нэмсэн төдийгүй Монголын түүхийг олон улсад үнэн зөвөөр, шинжлэх ухааны өндөр түвшинд таниулан сурталчлахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулж буй хүндтэй эрхмүүд юм.
Уулзалтын үеэр Боловсролын сайд эрдэмтдийн Монгол судлалд оруулж буй нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Мөн талууд цаашид боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрхэн илүү нягт хамтран ажиллах, олон улсын хамтарсан судалгаа шинжилгээний төслүүдийг өргөжүүлэх, түүнчлэн Монголын залуу эрдэмтэн судлаачдыг дэлхийн хэмжээний их дээд сургуулиудад туршлага судлуулах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлаар чухал санал солилцлоо.


























