Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр Налайх дүүргийн нутаг, Тайж хайрханы бэлд албан ёсоор эхэллээ. Наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, Их тайзнаа нээлтийн үг хэлсэн бөгөөд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр арга хэмжээ нээлтээ хийв.


Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нар оролцсон бөгөөд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, олон улсын оролцогчид ёслолын жагсаал хийлээ. Үйл ажиллагааны үеэр Үндэсний Урлагийн Их Театр, Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал болон 21 аймгийн уран бүтээлчид Ерөнхий удирдаач, УГЗ Э.Мөнхбаярын удирдлага дор “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу, “Бадралт Монгол” зэрэг хөгжмийн бүтээлүүдийг толилуулав. Түүнчлэн цам, цацлын 9 хээ, уран нугаралт, морьтны үзүүлбэр, шувуулахуй, анч нохдын үзүүлбэрийг зохион байгууллаа.


Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн отгийн тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд Дүрслэх урлагийн музейн хүрээ, Цомцог гэрт байрлах Алтайн Язгуур хөгжмийн өргөөгөөр тус тус зочилж, үндэсний өв соёл, урлагтай танилцлаа.

Наадмын талбайд хэл хуур, товшуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэг, эсгий ширмэл, мод, арьс ширэн эдлэл, уламжлалт тоглоом наадгайг дэлгэж, цаатан, хөсөг, үхэр тэрэг бүхий нүүдэлчдийн ахуйг харуулсан үзүүлбэрүүдийг олон нийтэд танилцуулав. Түүнчлэн наадмын талбайд онцлох олон өргөө, отгууд ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн отог Дорнод Монголын модон урлал, гэрийн мод, тавилгын дахин давтагдашгүй хээ угалз болон Дарьганга, Үзэмчин ястны соёл, дуу бүжгийн тоглолтоо толилуулж байна.

Мөн Улсын Драмын Эрдмийн Театраас наадмын хойморт “Нүүдэлчдийн оюуны ертөнц” өргөөг байгуулж, Монгол тууль хайлах өвийг сурталчлан таниулж байгаагийн сацуу тус театрын “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Александринскийн театрын тайзнаа тоглогдох гэж буйг албан ёсоор мэдээллээ. Харин Монгол Улсын Филармони нь “Хөгжмийн хүрээлэн” өргөөндөө ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн морин хуур хөгжмийн үзэсгэлэн, хөгжмийн зэмсгийн урлал, урлагийн тоглолтоо наадамчдад сонирхуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан