
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас эх оронч үзэл, үндэсний бахархал, эв нэгдлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, төр-иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой сургалт, өдөрлөгийг орон даяар зохион байгуулж байна.
Сургалт, өдөрлөг нь Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийн үнэ цэн, иргэн бүрийн үүрэг хариуцлагын талаар мэдээлэл хүргэхийн зэрэгцээ Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэл, үйл ажиллагааг ард иргэдэд таниулж байгаагаараа онцлог болов.

“Эх оронч Монгол” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Завхан аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр, Засаг дарга Г.Өнөрбаяр, Батлан хамгаалахын яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг, Орон нутгийн хамгаалалт, дайчилгааны газрын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Дугаррагчаа, Зэвсэгч хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал тэргүүтэй салбарын удирдлагууд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын орон нутаг дахь удирдлага, алба хаагчид, Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, иргэд оролцлоо.
Энэ үеэр 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын үр, хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Чөлөөлөх дайны 80 жилийн ойн медаль гардуулж, салбарын шагналаар алба хаагчдыг шагнав.
Мөн 2025 оны II ээлжээр Завхан аймгаас татагдан Зэвсэгт хүчний 342 дугаар ангид хугацаат цэргийн албаа нэр төртэй хааж байгаа байлдагч Б.Баяржавхланд өргөө цагаан гэр гардууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг иргэд олон нийтэд танилцуулах, Зэвсэгт хүчний харьяа ангид ажиллаж байгаа алба хаагчдын нөхцөл байдалтай танилцах, Цэргийн төв эмнэлгийн үзлэг, оношилгоо, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолт зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.























