Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн буюу 2026 оны есдүгээр сарын 7-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль болон Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотголыг танилцуулахдаа 2026 оны эхний найман сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, зарлага 19.5 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг болсныг мэдээлэв. Төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наяд төгрөгөөр тасарсан нь тодотгол хийх үндэслэл болсныг онцоллоо.

Засгийн газар сайд нарын болон бусад зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, 11 дүгээр сарын 1-нээс эхлэн эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх, ахмад настнуудад суурь тэтгэвэр олгох зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр төсөлд тусгажээ.

Тодруулбал, эмч, сувилагч болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 20 хувь, байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуй, соёл, спорт зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн боловсролын салбарын дутагдсан цалингийн зардлыг нөхөж, 435 мянган ахмад настанд ажилласан жил, төлсөн шимтгэлээс нь хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгохоор тусгажээ.

Түүнчлэн мах, улаанбуудай, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх, төрийн өмчит компаниудын 1.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд чиглүүлэхээр төлөвлөсөн байна.

Төсвийн тодотгол батлагдвал 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2 хувь байхаар тооцжээ.

Харин Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн төсвийн тодотгол нь хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлоготой нийцэж байгаа ч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсөв болон үнийн тогтвортой байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхаарууллаа.

Төрийн аудитын байгууллага мөн төсвийн тухай хуулийн өөрчлөлтийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэсэн байна.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжих бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх замаар үргэлжлүүлэх нь эрсдэлтэй гэж үзжээ.

Хуулийн төслүүдийг нэг дэх хэлэлцүүлгээс хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн болон холбогдох байнгын хороодод шилжүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан 23:14 цагт өндөрлөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан