Цахим залилан, фишинг халдлагаас иргэдийг хамгаалж, цахим гэмт хэргийн гаралт, хохирлыг бууруулахын тулд төрийн байгууллагууд, арилжааны банк, санхүүгийн болон технологийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, үндэсний “Антискам” тогтолцоог бий болгоно.
Энэ хүрээнд фишинг халдлагыг эрт илрүүлж, холбогдох байгууллагуудад шуурхай хүргэхийн зэрэгцээ интернэт үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран залилангийн шинжтэй холбоос, домэйн хаягийг эрт илрүүлж, шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас хандах хандалтыг шуурхай хязгаарлах технологийн арга хэмжээ авна.
Мөн арилжааны банк, санхүүгийн байгууллага болон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулж, цахим залилангийн сэжигтэй гүйлгээ, үйлдлийг эрт илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллана.
Цахим залилантай байгууллага бүр тус тусдаа тэмцэх бус, нэгдсэн мэдээлэлд тулгуурлан эрсдэлийг эрт илрүүлж, шуурхай арга хэмжээ авч, иргэдэд хохирол учрахаас нь өмнө таслан зогсоох нэгдсэн тогтолцоонд шилжинэ.
“Антискам” тогтолцооны гол зорилго нь цахим залилан гарсны дараа хохирлыг барагдуулах бус, хохирол учрахаас нь өмнө эрсдэлийг илрүүлж, таслан зогсоох юм.
























