Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. Тусгай замыг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн нь гэрлэн дохиотой уулзваруудад автомашины эргэх хөдөлгөөнд саад учруулахгүй, замын хөдөлгөөний урсгалыг хэвийн хадгалах давуу талтай. Төслийг 2025-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа билээ.
“Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулах төсөл-1”-ийн Төслийн Удирдах Хорооны 2026 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ээлжит хуралдаанаар төслийн трасст нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна. Тодруулбал, Сүхбаатарын талбай орчмын төлөвлөлтийг зураг төслөөс хасаж, Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Содон хороолол хүртэлх чиглэлийн өргөтгөлийг зураг төсөлд тусгахаар болжээ. Ингэхдээ Улаанбаатар хотын баруун хэсгийн орон сууц, худалдаа, үйлчилгээний хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил, нийтийн тээврийн эрэлт хэрэгцээний өсөлт, Толгойтын авто замын бүтээн байгуулалт болон тухайн бүсийн цаашдын хөгжлийн төлөвлөгөөг харгалзан үзэхийг чухалчилсан байна. Үүний дагуу Тусгай замын автобус (BRT) төслийн коридорыг Ард Аюушийн уулзвараас Содон хороолол хүртэл сунгах саналыг Төслийн Удирдах Хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. Энэхүү трассын хувилбараар төслийн концепц зураг төслийг шинэчлэх, Нарийвчилсан инженерийн зураг төсөл (DED) болон Үйл ажиллагааны зураг төсөл (DOD)-ийн ажлын даалгаварт тусган оруулах ажлыг зохион байгуулахыг "Нэгдсэн төслийн удирдлагын газар" ОНӨТҮГ-т даалгасан.

Төслийн эхний шатны тендерийг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хааж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороод хуралдан богино жагсаалт гаргаж, тендерийн хоёрдугаар шат эхлээд байна. Түүнчлэн төслийн урьдчилсан бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн асуудлаарх нарийвчилсан төлөвлөлтийг боловсруулж байгаа бөгөөд холбогдох баримт бичгийг Азийн хөгжлийн банкны шаардлагын дагуу батлуулж, хянуулсны дараа хэрэгжүүлж эхлэх юм.
“Тусгай замын автобус (BRT)” төслийг авто замын гуравдугаар эгнээнд төлөвлөсөн. Мөн төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, хүртээмж эрс сайжирч, тухайн чиглэлийн автобусны хөдөлгөөний хурд өнөөгийн түвшнээс 4-5 дахин нэмэгдэн, дундаж хурд нь 20-25 км/цагт хүрэх тооцоо гарсан байна. Энэ нь зорчих хугацааг богиносгож, иргэдийн ая тухтай, найдвартай зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотод “Тусгай замын автобус (BRT)” төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээний хурд, найдвартай байдал нэмэгдэж, замын түгжрэл буурч, иргэдийн зорчих хугацаа багасахын зэрэгцээ агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Төсөл хэрэгжсэнээр өдөрт тээвэрлэх зорчигч 140,000-180,000 байх бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 12.6 хувиар нэмэгдүүлнэ. Түүнчлэн BRT системийн нэг онцлог нь автобусны шал болон буудлын тавцан ижил түвшинд байх шийдэл юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхдийн болон тэргэнцэртэй иргэд автобусанд саадгүй, аюулгүй зорчих боломж бүрдэнэ.
























