Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АЛТАНГАДАС” –ЫН САНААРХАЛ НАМЫН ДАРГЫН ИМИЖИЙГ УНАГАХ НЬ

Фракцуудын тоогоороо Монголдоо тэргүүлдэг Ардчилсан нам дотоод зөрчлөө нууддаггүй хэдий ч сүүлийн үед засгийн ажилдаа анхаарч байгаа учир харьцангуй тайван байна гэхэд болно. Гэхдээ л дотоод шүүмжлэл тасрахгүй байна. Саяхны нэгэн жишээ бол Сонгинохайрхан дүүрэгт өрнөсөн үйл явдал. Өнгөрсөн долоо хоногт дүүргийн АН-ын хорооны гишүүдийг утсаар бүр мессэжээр зар тараан цуглуулжээ. Тэгэхдээ намын даргаа солих хуйвалдаан маягийн юм болж. Энэ санаачилга нь “Алтангадас” фракцынхнаас гарсан тухай ярьцгаав. Дүүргийн АН-ын даргын эрхийн хүрээнд болох ёстой хурлыг “Алтангадас” фракцынхан гартаа авч, хурлын ирц бүрдүүлэхдээ ч гэсэн намынхаа дүрмийг зөрчсөн байна. “Алтангадас” фракцын нүүр царай болсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэрийг барьж, хуралдаа заавал ирцгээхийг албадсан сураг ч байгаа юм.
Магадгүй “Алтангадас” фракцынхан Ерөнхий сайдтай болсондоо цээжээ дэлдэж, сүрийг үзүүлэх гэсэн хүмүүс байхыг үгүйсгэмгүй. Элдэв албан тушаал, мөнгө төгрөг амлаж хуралдаж, дүүргийнхээ намын хорооны даргыг зайлуулах өвөрмөц жишиг МАН-ынхан л байдаг гэвэл эндүүрэл болох нь ээ. Засгийн эрх МАН-д байхад хэдэн дүүргийн намын хороог авах гэсэн элдэв тэмцэл, өрсөлдөөн байнга шахуу л гардаг байлаа. Харин энэ жишиг АН-ынханд  тэр тусам “Алтангадас” фракцынханд нүүрлэж эхлээд байх шиг. Ерөнхий сайд хүртэл оролцсон гэж байгааг бодоход Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын суудал нэлээн үнэд хүрэх албан тушаалаар тодрох нь бололтой.    
АН-ын дарга Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс өмнөх дөрвөн жил сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Сонгогдсон тойргийн АН мэдээж түүнд хамаатай. Тэгэхдээ хэтэрхий дотоод асуудал руу хутгалдаж, дүүргийн АН-ын хороог бужигнуулах нь намын дарга, Ерөнхий сайдын хувьд хэр зохимжтой юм бол доо. Сонгинохайрхан дүүргийн иргэдийн нэг төлөөлөл өдий болтол УИХ-д орж чадаагүй байгаа. Нөхөн сонгуулийн тов тодорхойгүй байгаа энэ үед дүүргийн намаа ганхуулах нь АН-ынханд ашиггүй гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх ёстойсон. Нөхөн сонгуульд МАН-аас Д.Сумъяабазар, АН-аас Л.Эрхэмбаяр өрсөлдөхөөр тунаж үлдсэн. Ийм үед намын дарга, удирдлагууд нь дэмжиж ажиллах байтал улам хагалган бутаргах гэж яарах нь тун харчирхалтай. Уг нь, намын дотоод асуудал, намын хороодын дарга цэрэг, хурал цуглааныг Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг хүн зохицуулж, хариуцдагсан. Гэтэл намын даргад аль нэг дүүргийн АН-ыг хороог дотор нь талцуулах гал тогооны ажлаас илүүтэй овоорсон их төсөл хөтөлбөр, бодлого Шинэчлэлийн Засгийн газрын өмнө нь байгаа. Генсекийн урдуур гүйж орон ажлыг нь булаалдах намын дарга, Ерөнхий сайдын ажил биш гэж удахгүй харуулах буй заа. 
Ард иргэдээ сонсдог, санал хүсэлтийг хүлээж авдаг Засгийн газар байна гэж амлаж буйгаа цаг үргэлж хэлж, сануулсаар. Тэгэхээр намын дарга нь жирийн гишүүдээ ч гэсэн сонсдог байх учиртай. Хуйвалдаан маягтай хуралдаанд оролцсон дүүргийн АН-ын хорооны гишүүдийнхээ талаар удахгүй нийтэд мэдээлэх гэнэ. Энэ үед эрхэм намын дарга жирийн гишүүддээ ялгаваргүй ханддагаа харуулах байх. АН-ынхны олон жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж, Засагт олуул болж чадсан амжилтдаа эрдэж, нам доторхи фракцын тэмцлээ дэвэргэхгүй, гал унтраагч байгаасай гэдгийг дайх хүн олон байна шүү, АН-ын дарга аа.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан