Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Батсүх: Газрын наймаа хийдэг зохион байгуулалттай бүлэглэлийг устгана


Нийслэлд шилжин ирэгсэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэхтэй зэрэгцэн алга дарам газарт хашаа хатган хаяа дэрлэн буусан айл олон болж байна. Улаанбаатарын хүн ам нэмэгдэхийн хэрээр газар өмчлөл тулгамдсан асуудал болоод буй. Гэсэн ч энэ бүхнийг шийдэх зорилгоор нийслэлийн 52 байршилд иргэдэд шинээр газар өмчлүүлэхээр болж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гаргаж, судалгаа хийж эхэлсэн. Газар зохион байгуулах, өмчлөх, эзэмших эрхтэй холбоотой энэ мэт асуудлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүхтэй ярилцлаа.

-Та ажлаа авсныхаа дараа зарим аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах талаар ярьж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Газраа өөр зориулалтаар ашиглавал эзэмших эрхийг нь цуцалж байгаа. Газар эзэмшиж буй төлбөрөө төлөөгүй аж ахуйн нэгж олон бий. Энэ аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцалж эхэлсэн. Төлбөрөө төлөөгүй газруудыг нийтэд зарлахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, заасан хугацаанд багтаж төлбөрөө төлөхийг сануулж байгаа хэрэг. Өмнө нь, дүүргийнхээ XI хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 гаруй аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалсан. Эндээс эргээд маргаан гаргаж, иргэний журмаар асуудлаа шийдүүлсэн аж ахуйн нэгж байхгүй. Харин авсан газраа бүрэн гүйцэд ашиглаагүй хоёр аж ахуйн нэгж бий. Газрын тухай хуульд газар эзэмшиж, ашиглаж байгаа хуулийн этгээд хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаагүй бол эрхийг нь цуцлах  заалттай байдаг. Хоёр жил бүү хэл 3-4 жил ашиглаагүй этгээд олон бий. Энэ их хортой. Хугацаа хожиж байгаад бусдад худалдах магадлал өндөр байдаг. Манай алба жилд газрын төлбөр болох тэрбум 35 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлдэг. Одоогоор энэ ажлын биелэлт 85 орчим хувьтай байна.

-Газрын наймаа цэцэг­лэсэн гэх яриа нийгэмд их бий. Энэ асуудлыг цэгцлэх үүднээс газар эзэмших эрхийг шилжүүлэхийг хо­риглосон гэл үү?
-Газрын наймаа хүчээ авч байгаа нь энэ чиглэлийн хууль эрхзүйн орчин сул байгаатай холбоотой. Бид энэ асуудлыг зохицуулах үүднээс дүүргийн хэмжээнд эрх шилжүүлэх явдлыг зогсоогоод байна. Газрын эрх шилжүүлэх захирамж гаргах нь тухайн дүүргийн Засаг даргад байдаг. Бид Засаг даргатайгаа ярьж байгаад 0.07 га газрын эрх шилжүүлэхэд хязгаарлалт гаргасан. Харин тухайн хүн эзэмших эрхтэй газартаа байшин барилга барьсан байвал шилжүүлж болно. Мөн тухайн хүн нас барсан бол өв залгамжлагчдад нь, аав нь хүү, охиндоо газар эзэмших эрхээ шилжүүлж болох юм. Эзэмших гэрчилгээтэй газартай бол төрийн өмч гэсэн үг. Төрийн өмчийг захиран зарцуулах, зарж борлуулах эрх нь төрд л байдаг. Гэтэл эзэмших эрхтэй газрыг зарна гэсэн зар хаа сайгүй гарах болж. Танил талаараа дамжуулан олон газар аваад зарах явдал хүчээ авчихаж. Бүр энэ чиглэлийн зохион байгуулалттай сүлжээ бий болсон байна. Барилгыг гурван сарын дотор барьдаг болж. Гэтэл манай байцаагчид ажлынхаа байран дээр иргэдэд үйлчлээд өндийж ч чадахгүй байх зуур зөвшөөрөлгүй газар барилга байшин сүндэрлэсэн байх нь жирийн л үзэгдэл болсон. Буулгах гэхээр тухайн хүний хувийн өмч байдаг. Шүүхийн шийдвэр гарч байж шийдүүлэхээр хуульд заасан байх жишээтэй. Энэ мэт зовлон бэрхшээлтэй асуудал их бий. Газар аливаа улсын эдийн засгийн гол өмчийн нэг. Гэтэл энэ чиглэлийн хууль эрхзүйн орчин сул байгаа нь үнэхээр учир дутагдалтай. Барьсан барилга байшин хувь хүний өмч ч гэсэн улсын эдийн засагт нөлөөлнө шүү дээ. Манайхаас өөр ийм хууль эрхзүйн орчинтой улс алга. Бид орон тоогоо нэммээр байгаа юм. Орон тоо хангалттай байвал тэр бүгдийг өдөр бүр хянах боломжтой болно. Нийслэлийн өмч харилцаа, газрын албанаас албадан чөлөөлөх зардлыг гаргадаг болсон. Айлуудыг жил бүрийн зургадугаар сарын 15-наас есдүгээр сарын 15-ны хооронд нүүлгэхээр хуульд заасан байдаг. Гэтэл есдүгээр сар гарч байж энэ мөнгө орж ирж байх жишээтэй.

-Газар зохион бай­гуу­лагчдыг сэлгэж ажил­луулж байгаа юу. Танайх бүтцийн өөрчлөлт нэлээдгүй хийсэн харагдлаа?
-Сэлгэж ажиллуулж байгаа. Энэ төдийлэн үр дүнтэй биш. Газрын наймаа хийх бүлэглэлийг бий болгож байгаа л хэрэг шүү дээ. Би энэ ажлыг аваад 6-7 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд ажлын байрны шинэчлэлтийн талаар бичил төсөл хэрэгжүүлсэн. Төсөл маань ч үр дүнгээ өглөө. Баянзүрх дүүргийн Өмч харилцаа, газрын алба дүүргийнхээ хэмжээнд газар зохион байгуулах чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, 143 мянган га газарт 300 орчим мянган хүн амыг хамарсан газар зохион байгуулах үйл ажиллагаа явуулж байна. Манайх 28 ажилтантай. Дүүрэг 28 хороотой ч, долоохон газар зохион байгуулагчтай. Өмнө нь, энэ тоо тав байсныг хоёроор нэмсэн. Одоо ажил­лаж буй орон тоо маань хүн амдаа бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа. Энэ хэрээр газар эзэнгүй болж байгаа гэхэд хилсдэхгүй. Манай дүүргийн газар нутгийн хэм­жээ том учраас тэр хэрээр эзэм­шигч, өмчлөгч иргэн, аж ахуйн нэгж олонтой. Бид өнөө­дөр иргэддээ зөвхөн газрын харилцааны талаар үйлчлэх ажил хийж байна. Өөрөөр хэл­бэл, бичиг баримтыг нь гаргаж өгөх, мэдээллийн сан­даа тулгуурлан өмчлөх, эзэм­ших үйл ажиллагаа хийж байгаа. Орон тоог нэ­мэх асуудалд цаашид ан­хаа­рал хандуулахыг хүсч, хол­богдох газруудад албан бичиг явуулсан. Нөгөөтэйгүүр, мэргэжилтнүүдийнхээ мэргэж­лийн чадавхийг дээшлүүлэх ёстой. Өмнө нь, дотоод зохион байгуулалттай хол­боотой асуудал байсан учраас дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй угтагчийн үйлчилгээг бий болгосон. Ингэснээр иргэд лавлагааны чанартай мэдээ мэдээллээ тэднээс авах боломж бүрдсэн.

-Мэдээллээ ил тод болгосон гэсэн чихэнд чимэгтэй мэдээ сонсогдсон. Төрийн албанд хүнд суртал их байна гэх шүүмжлэл тасардаггүй шүү дээ?
-Мэдээллээ ил тод болгосон. Өмнө нь, “Даргаас асуу” гээд дорвитой мэдээлэл өгдөггүй байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн. Ингэснээр ямар шалтгааны улмаас мэдээлэл өгөхгүй байгаа вэ хэмээн янз бүрээр хардах нь багассан. Ний нуугүй хэлэхэд, манай мэргэжилтнүүдийн дунд хүнд суртал газар авсан байсан. Газрын албаар янз бүрийн хүн үйлчүүлж болно. Зарим хүнтэй мэргэжилтнүүд хэр барагтаа дуугардаггүй байв. Аргаа барахдаа иргэд гуйгаад ирэхээр тэднийг өөрийнхөө дураар байлгах гэж аашилна. Би энэ асуудлыг халахаар ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн зан ааш, харилцааны соёлд анхаарах нь чухал. Үйлчлүүлэгчээс нэг мэргэжилтэнд гурван удаа гомдол гараад тухайн ажилтны буруу байвал хамтарч ажиллахгүй гэж хөдөлмөрийн гэрээндээ тус­гаад байгаа. Манай нэг мэргэжилтэн өдөрт 59 хүнтэй уулзаж байна гэсэн тоо гарсан. Энэ нь, ажлын ачаалал ихтэй учраас иргэдэд тодорхой мэдээлэл өгч чадахгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бүрдүүлсэн бичиг баримтыг нь хараад “Болно, болохгүй” гэж хэлж байснаас өөрцгүй. Дугаар авч үйлчлүүлэх болсон нь ажлын чанарт ихээхэн ахиц гарч байгаа. Ажлын байрны шинэчлэлтийн хүрээнд манайх гэрээт харуултай болсон. Мөн техникийг нь шинэчилсэн. Ачаалал ихтэй алба хэрнээ үзүүлэлт муутай компьютертэй байсан. Энэ нь нэг хүнд үйлчлэх хугацааг уртасгадгаас мэргэжилтэн бүрийн өмнө урт дараалал үүсдэг байв. Өдөртөө дараалал үүсгэсэн хүндээ хүрч үйлчилж чаддаггүй байсан. Одоо иргэд электрон самбараас мэдээлэл авч, хариуцсан мэргэжилтэндээ өгч үйлчлүүлдэг болсон учир дараалал эрс багассан. 

-Нийслэлийн 52 байр­шилд шинээр газар өмч­лүү­лэхээр НИТХ-ын шийдвэр гарсан байна лээ. Баянзүрх дүүрэгт иргэдэд шинээр олгох газрын нөөц бий юү?
-Баянзүрх дүүргийн XX хороо буюу Улиастайн аманд 1000 гаруй га газрыг иргэдэд өмчлүүлэхээр ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Одоо хэсэгчилсэн төлөвлөгөө хийж байгаа. Өөрөөр хэлбэл, уг байршлын хаана нь иргэний зориулалтаар газар өмчлүүлж, аль хэсэгт нь цэцэрлэг, сургууль барих вэ гэдгийг төлөвлөх юм. Чухам хэдийнээс олгож эхлэх нь тодорхойгүй байна. Нууж байгаад өгчихдөг гэсэн хардлага их байдаг. Тийм зүйл байхгүй гэдгийг хэлье. Судалгаа хийж дууссаны дараа нийтэд ил тод зарлаж, нэгдсэн журмаар газар өмчлүүлнэ. Мөн газраа хэнд өмчлүүлэх вэ гэх судалгааг ч гаргана. Нийслэлд 2013 оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжиж ирсэн иргэдэд газар өмчлүүлэх учиртай.

-Кадастрын зураг гарга­даг компаниудыг цэгцэлнэ гэсэн. Энэ ажил эхэлсэн үү?
-Кадастр нь тухайн нэгж талбарын байршлыг тогтоодог хувийн хэвшлийн байгууллага. Газар эзэмших эрх биш шүү дээ. Гэтэл иргэд кадастртай гээд хэлэнгүүт бичиг ба­римт­тай гэж ойлгон газар ху­дал­даад авчихсан байх нь бий. Ка­дастрын зургаа манай мэр­гэжилтнүүдэд авчирвал бид болох газар уу, үгүй юү гэд­гийг нь үзэж байж эзэмших эрхийг нь өгөх эсэхээ шийддэг. Кадастрын байгууллага эмх замбараагүй байгаа нь үнэн. Хэчнээн байгууллага буй нь тодорхойгүй. Дүүргийн За­саг даргын санаачилгаар ма­най алба кадастрын зөвлөх бай­гууллагатай гэрээ хийхээр бол­сон. Ингэснээр иргэд хууль бус үйл ажиллагаанаас сэргийлэх боломж бүрдэж буй юм.  

0 Сэтгэгдэл
Ганцхан хунээс урьдчилгаанд 200 сая тогрог авдаг хун хуулиихныг хахуульдаад гараад ирэх баилгуи,монголд шударга шуугчид баигаа бол энэ мэт эх орон газар шороогоо худалдсан хулгаич урвагчдын бух гэр бул оирын хамаатан садны хоронгииг хурааж насаар нь хорих хэрэгтэи,гадаадыханд газраа худалдана гэдэг чинь эх орноосоо урвасан хэрэг мон.Манаи еронхиилэгч Дорнодод солонгосуудад газар огсон гээд баисан тэр яг унэн уу,унэн бол еронхиилэгч ч эх орноосоо урвасан
Хамгийн их уншсан