Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ногоон ууттай цагаан дагина

Улаанбаатарын хог­н­ы менежмент бүрэн өөрч­лөгдөх талаар хотын даргын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр батлагджээ. Үүний анхны ажил болгож иргэд хогоо ил задгай хаядаг явдлыг таслан зогсоохоор болсон. Түүнийг зургаа, долдугаар сарын үед зуслангийн айлууд түлхүү мэдэрч эхэлсэн билээ. “Азийн цагаан дагина” хэмээх тодотголтой, “Хоггүй Улаанбаатар” гэсэн ногоон өнгийн уут тараасан юм. Харин энэ сард нийслэлийн айл, өрх бүрийн үүдийг тогшиж ногоон уут бэлэглэв. Үүнийг иргэд олон янзаар хүлээн авч байгаа бол албаныхан нэг л байр сууринаас тайлбарлаж буй.

Цайрч буй “цагаан дагина”

Нийслэлчүүд өдөрт 3000 тонн хог хаягдал гаргадаг. Үүнийг ирээдүйд дахин боловсруулах, цаас болон хуванцар зэргээр ангилан ялгадаг болох аж. Нарангийн энгэр дэх хог боловсруулах үйлдвэрт боловсруулж хашаа, хашлага хийж буй. Удахгүй Цагаан давааны хог боловсруулах үйлдвэр ашиглалтад орох бөгөөд нийслэлийн хогны 20-30 хувийг эргэлдүүлэх гэнэ.
Нийслэл улам л хог багатай болох нь. Ер нь, иргэд сүүлийн үед ухамсартай болж, нэг нэгэндээ шаардлага тавьж, ёс бус үйлдэлтэй нэгний бичлэгийг интернэтэд түгээж байна. Зөв зүйлийн төлөө хамт дэмжиж, буруу үйлийн эсрэг хамт тэмцэж ёстой л чиний эрх миний эрхээр хязгаарлагдана гэдгийг нотолсоор. Ялангуяа хотын гудамжинд хог хаях нь нэг үеэ бодоход багассан. Үүнийг улам эрчимжүүлэхээр албаны хүмүүс ажиллаж буй. Тухайлбал, хогны мөнгө тогтмол авч, цаг хугацаандаа хогоо ачиж байгаа гэнэ.
Яагаад гэвэл аравдугаар сарын 1-нээс тээвэрлэлтийн хөлсийг нэмж, төдий хэмжээгээр ажилчдын цалинг ч өсгөжээ. Иргэдэд хандсан үйл хэрэг ч орхигдоогүй бөгөөд хамгийн анхны илрэл нь ногоон уут. “Хогоо ил бүү хаяарай, зориулалтын уутанд хийж, хуваарьт газраа байрлуулна уу” гэж сануулан бичсэн уут нь 60x80 сантиметр хэмжээтэй. Цаашид сар бүрийн эхээр айлын хаалга тогшиж 15 ширхэг уут үнэ төлбөргүй хүлээлгэн өгөх гэнэ. Гэхдээ үнэгүй мэт харагдаж байгаа ч үнэтэй. Тодруулбал, жилдээ л хотын айлуудад зориулсан ногоон уут хийхэд гурван тэрбум төгрөг зарцуулна. Гэхдээ төсөв нь төрийн сангаас буюу татвараар цугласан хуримтлалаас гарах юм. Тойруу утгаараа ажил хийж буй иргэдээс л гаргуулна гэсэн үг.
Арай тодорхой болгоё. Шатахууны үнийн өөрчлөлт, эд барааны ханшийн нэмэгдэл, цалингийн өсөлтөөс хамаарч хог зөөдөг компаниуд алдагдал хүлээхэд хүрдэг байж. Тиймээс хог тээврийг тонн бүрээр, км тутамд тооцдог уян хатан тарифтай болох хэрэгтэй гэж хотын удирдлагууд үзжээ. Ингэснээр алдагдал хүлээдэг байгууллагууд ашиг олж цойлдоггүй юм гэхэд ядаж товлосон цаг, тогтсон хугацаандаа хогоо аваад байх боломж бүрдэнэ. Тухайлбал, айлын хогийг төвлөрсөн цэг хүртэл зөөхөд 1-10 км байвал 3000 төгрөгөөр тогтжээ. Харин 11-15 км бол 2700, 16-20 км зайд 2300, 21 км-ээс илүү хол зөөхөд 1800 төгрөг болох гэнэ. Ингэхдээ нэг машин 3.5 тоннын даацтай бөгөөд багцалж тооцсон аж. Бидний сар бүр хог тээвэрт төлдөг байсан 2500 төгрөг дээрх байдлаар өөрчлөгдсөн боловч бид төлөхгүй. Өөрөөр хэлбэл, төрийн сангаас хог тээврийн мөнгийг хариуцаж, жилд таван тэрбум төгрөг гаргаж байх юм.
Бид мөнгө төлөхөө болих хэрэг үү гэтэл үгүй, сар бүрийн 2500 төгрөг хуучнаараа үлдэж, хогны уут үйлдвэрлэх, түгээх ажилд зориулагдах аж. Товчхондоо ээдрээтэй энэ их өөрчлөлт нь ТҮК, хог тээвэрлэдэг компаниудад л хамаатай болохоос оршин суугч, татвар төлөгч бидэнд төдийлэн нөлөөгүй. Гэхдээ төсвийн гурван тэрбум төгрөгөөр юу хийж байгаад анхаарал хандуулахгүй орхиж боломгүй учраас тодорхой тооцоолол танилцуулъя. Улаанбаатарын орон сууцны хорооллын 127 596 өрхөд нийт 13 сая уут үйлдвэрлэхэд тэрбум  273 сая төгрөг, гэр хорооллын 189 500  өрхийн 19 сая уут хийхэд  тэрбум 890 сая төгрөг шаардлагатай аж. Өөрөөр хэлбэл жилдээ өдий хэмжээний уут үйлдвэрлэж, хөрөнгө зарцуулна. Албаны хүний өгсөн мэдээлэлд анализ хийгээд үзвэл ширхэг уут нь 97-99 төгрөгөөр гарах аж. Харин сард дунджаар нэг айлд 15 ширхэг биш 7-8 уут оногдох юм байна. Улаанбаатар хот тэр чигтээ ногоон ууттай болчихлоо, гагцхүү хэрэглэх л үлдлээ. Ногоон уутандаа хогоо савлаж хотоо цайруулах л үлдэж. Гэхдээ...

Ногоон ууттай нийслэл дагина боллоо юу

Харин одоо иргэд, олон нийт, “эко” уут хэрэглэгчдийн байр суурийг хүргэе. Тэдний эгдүүцлийг төрүүлж буй анхдагч асуудал нь хуучин уламжлалыг “ногоон” уламжлалаар солих гэсэн явдал. Тодруулбал, хотын дарга нарын хэлээд байгаа шиг хүмүүс хогоо ил задгай хаяхаа больсон. Ялангуяа гэрээс гарах хогийг ямар нэгэн өнгө, хэлбэр, загвар, шинж чанартай уутанд нэгтгээд хаядаг. Гэтэл түүнийг заавал ногоон уутанд хийдэг болгох гэсэн нь иргэдийн гөжүүдлийг хөдөлгөв. Үнэндээ өнгө, бичигнээс бусдаар ялгаагүй л гялгар уут.
Яагаад ийнхүү бухим­даж буйг тандвал “Хоггүй Улаанбаатар” гэх бичигтэй уут нь нимгэн, том хэмжээтэй. Дүүрэн хог хийчихээр даахгүй урагдаж, задарчихаад жинхэнэ ил задгай хог болчихоод байгаа аж. Нөгөөтэйгүүр, иргэд дэлгүүрээс авсан хүнсний бараагаа ууталсан торондоо хогоо хийж хаядаг. Гэтэл “Заавал эко-ногоон уутанд л хогоо хий” гэж тулгах нь зөрүүд занг нь хөдөлгөж буй гэлтэй. Тийм ч учраас “Ногоон өнгөтэй байхаараа л эко болчихдог юм биш” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж буй. Өнгөрсөн зунаас зусланд тарааж, одоо хотын айл бүрт хүргэж буй ууттай хогийг л ачих болсон гэж “шахаанд оруулж” байгаа. Жишээ нь, хогийн савны дэргэд, орцны үүдэнд, хаалганы хажууд байсан дөрвөн ууттай хогны гурав нь “эко”, нөгөө нь тортой. Гэтэл хог ачдаг компани гурвыг нь аваад, дэлгүүрийн тортой нэгийг нь үлдээх юм. Тэгээд л ууттай хог ухаж төнхөгчид, нохой, шувуу ирж доторхийг нь гаргаад цайрах гэж ядсан “цагаан дагиныг” мөн л хогоор хөглөрүүлнэ. Ийм л ойлгомжгүй шийдвэр, үйл ажиллагаа, менежментийн шинэчлэл яг одоо Улаанбаатар хотод өрнөсөөр. Уут байлаа ч, эс байвч улаанбаатарчууд гэрээс гаргах хогоо ил задгай хаячихдаггүй л байлтай. Товчхондоо, ногоон уут хэрэглээнд нэвтрүүлж, шахаад нийслэл “цагаан дагина” болно гэдэг эргэлзээтэй.
Уутыг эсэргүүцэгч иргэдийн бухимдлыг төрүүлж буй хоёр дахь асуудал нь хөрөнгө завшиж буй гэх хардлага юм. Хүмүүс өөрсдөө хохиролтой. Ногоон, цагаан ямар ч уутанд хогоо хамаад хийж болж байхад заавал ийм ажил нэвтрүүлсэн нь хэний халаасыг зузаатгах бизнес вэ. “Зах зээлд ямар ч өрсөлдөгчгүй-монополь, өвөл, хавар, зун, намрын аль ч үед тасалдаж зогсохгүй, хорвоод хосгүй ГОЁ бизнес бол ногоон уут” хэмээн нэгэн хүн сэтгэгдлээ илэрхийлжээ. Үнэхээр төрийн нэрээр “үнэгүй” тараагаад, ашиглахгүй бол хогийг чинь авахгүй гээд шахчихаар хүссэн хүсээгүй ногоон уут эрэлттэй болно. Түүнийг үйлдвэрлэсэн, борлуулсан хөлсийг нийслэлийн удирдлагууд аваад өгөх болохоор тэр компани үйлдвэрлэхээс бусдад анхаарах шаардлагагүй.
Мөнгөтэй шууд холбоотой өөр нэгэн шүүмжлэл нь зарцуулсан хөрөнгө хэт их байдал. Хэдийгээр нэрээ нууцалсан дотоодын компани уут үйлдвэрлэж буй ч байсан, байгаагүй нь онцын ялгаагүй  уутанд тийм их хөрөнгө зарцуулахаас өөрөөр ашиглаж болмоор. Ядаж л гялгар уутны шахаа хийх бус хог ачдаг машиныхаа тоог хэдээр нэмсэн бол айл, өрхийн гадна өнждөг хогны хэмжээ хурдан буурахсан. Уутлаад гаргачихсан хогийг ухаж, сэндийчээд, гудамжаар тараагчид ирэхээс өмнө хогийн машинд ачаад хаячихвал гоё. Гурван тэрбум төгрөгөөр өөр юу хийж болох билээ. Цусны хавдартай багачуудыг эмчлэхээр Ажиа гэгээнтэн эмнэлэг бариулж буй. Бүх ажил дуусч, ашиглалтад ороход хоёр тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Нийт 50 ортой, долоон давхар барилгыг хэдий чинээ эрт ажиллуулна төдий хэмжээгээр хүүхдүүдэд тустай. Төрөх тасаг, түргэн тусламжийн газар, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр л гэхэд хонгилд хэвтэж, шалан дээр унтах нь холгүй нөхцөл олонтаа таардаг. Сарын дараа л хэвтэн эмчлүүлэх хуваарь байна гэх үг сонсоод зовиураа тээгээд буцдаг хүн цөөнгүй. Тэгвэл хотын удирдлагууд яагаад эрүүл мэндийн салбарт энэ их хөрөнгөө чиглүүлж болоогүй хэрэг вэ. Өнөөдөр доторх хогоо дийлэхгүй урагдаж байгаа ногоон уут өвлийн хүйтэнд гэр хорооллынхны бүлээн нурам хийхээр яах бол. Шуудайнд савлаад хаяж болохгүй, “эко” уутанд ууталж ч болохгүй иргэд хэцүүхэн байдалд орох нь.
Хотын удирдлагуудад шийдвэрлэх, хөдөлмөрлөх, анхаарах олон ажил Улаанбаатарт бий. Гэтэл хүмүүсийн хогоо яаж уутлах, юунд хийж хаях асуудалд хошуу нэмж буйг олон нийт эсэргүүцэж байгаа. Магадгүй тэд “Лаа асаагаад өгч чадахгүй бол ядаж сүүдэрлэж зогсохоо больчих” гэж хэлэх биз. Гэхдээ асч байсан дэнлүүг унтраагаад, өөрсдөө лаа асааж хорвоог гийгүүлсэн мэт харагдахыг хичээсэн нь хамгийн увайгүй санагдана.
Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
HOGOO MONGO BOLGOVOL HOG HAEHAA BOLINO
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01