Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улсын дугаарын сүүлийн цифрээс хамаарч татвараа төлнө

Жил бүрийн зургадугаар сарын 1-тэй зэрэгцэн авто машинынхаа татварыг төлөх гэсэн жолооч нар татварын хэлтэс, банкуудад урт дараалал үүсгэдэг. Хэдийгээр албаныхан зургадугаар сарын 1-нээс өмнө татвараа тушаахыг сануулдаг ч монголчууд юмыг цагт нь тулгаж хийдэг муу зангаа тавьдаггүй. Иймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тог­тоо­лоор “Нийслэлд авто тээв­рийн хэрэгслийн бүртгэл, төл­бөрийн тогтолцоог шинэч­лэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан. Шинэчилсэн жур­маар авто тээврийн хэрэгс­лийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн цифрээс хамаарч төлөх зохицуулалт хийжээ. Тухайлбал, жолооч таны авто машины улсын дугаар 1,6 гэсэн тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 бол хоёрдугаар сард, 3,8 бол гуравдугаар сард, 4,9 бол дөрөвдүгээр сар, 5,0-ээр төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураам­жаа төлөх юм байна. Энэ жи­лийн хувьд хоёрдугаар сар аль хэдийнэ гараад шувтарч байгаа тул нэг, хоёрдугаар сард татвар төлөх зохицуулалтад орсон жолооч нар гуравдугаар сард төлөх юм. Ингэхдээ ямар нэгэн торгууль хураамж авахгүй хэ­мээн өчигдөр болсон хур­лын үеэр Нийслэлийн За­мын цагдаагийн газраас мэ­дээллээ. Ийнхүү иргэд авто машины улсын дугаараас хамааран саруудад хуваагдан  татвараа төлөх нь банк, онош­логооны цэгүүдэд үүсдэг дараалал ачааллыг буу­руулах бөгөөд иргэд цаг хуга­цаа алдахгүй гээд олон давуу талтай болж байгаа юм. Мөн энэ журмаар өмнө нь зөвхөн Улаанбаатар банк оношлогооны цэгүүдэд байршин үйл ажиллагаа явуулж байсан бол одоо Ухаалаг Улаанбаатар төслийн хүрээнд  “Smartcar” мэдээллийн системийг өргөжүүлж, нийс­лэлд бүртгэлтэй тээв­рийн хэ­рэгслийн нэгдсэн санг үн­дэслэн нийслэлийн Мэ­дээ­лэл технологийн газар, тат­варын алба, арилжааны бан­куудтай хамтран авто тээв­рийн хэ­рэгс­лийн албан тат­вар, төл­бөрийг онлайн, ин­тернэт, мо­байл банкууд шууд төлдөг тог­тоолцоонд шилжүүлж байгаа гэнэ.

Энэ жил авто машины татвар нэмэгдэхгүй

Үүнээс гадна импортоор орж ирж байгаа машин тухайн жилийн татвараа бүрэн төлдөг. Тавдугаар сард орж ирсэн ч өмнөх саруудын татварыг төлдөг байсан. Тэгвэл энэ удаад авто тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд нь тухайн онд импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үлдсэн хугацаандаа ногдох татвар төлбөрийг төлсөн байна хэмээн журамд заасан. Тухайлбал, та долдугаар сард авто машин импортоор оруулж ирлээ гэж бодоход долоогоос арванхоёрдугаар сар хүртэлх хугацааны татвар төлөх боломжтой юм билээ. Мөн энэ жилээс авто машины татвар нэмэгдэнэ нэмэгдэхгүй хэмээн иргэдийг баахан төөрөгдүүлсэн. Тэгвэл энэ жилийн хувьд авто машины татварт ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм байна. Журам шинэчлэгдэхээс өмнө Нийслэлийн Засаг даргын захирамжийн да­гуу татвар хураах ажлыг 2014 оны гуравдугаар са­рын 20-ны өдрөөс эхлэн зур­га­дугаар сарын 24-нийг хүр­тэл хоёр үе шаттайгаар зо­хион байгуулдаг байсан. Ши­нэ журам нь иргэдийн хүлээлт, үйлчилгээний бай­гуул­ла­гуудын ачааллыг бууруулах гэсэн нэгээхэн зохицуулалт бөгөөд ямар нэгэн нэмэгдэх хасагдах төлбөр тооцоо байхгүй гэдгийг албаны хүмүүс хэлсэн. Хэрэв заасан хугацаанд буюу зургадугаар сарын 1-нээс өмнө төлбөрөө төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн газар нь өөрийн эрх мэдлийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм байна.

Дүүрэг тус бүр 1,5 тэрбум төгрөг замын засварт зарцуулна


Жолооч нар “жил бүр авто машины татвар хэмээн дунджаар 100 гаруй мянган төгрөг өгдөг ч замаа олигтой засахгүй байна, бидний мөнгөөр юу хийдэг байна” хэмээн гомдоллодог. Тэгвэл өнгөрсөн онд авто машины татварын мөнгөөр ямар ажил хийсэн талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Б.Нанзаддоржоос тодруулахад “Өнгөрсөн оны тухайд Зам тээврийн яамны хажуугийн замыг өргөтгөн шинэчилж, борооны усны хамгаалалт хийсэн. Мөн ЭХЭМҮТ-ийн 1,2 километр замыг өргөтгөн шинэчилж, хороолол дотор есөн байшилд чулуун зам хийсэн. Ер нь, Авто замын тухай хуулийн 18,5-д заасан байдаг. Хуулийн дагуу төвлөрсөн мөнгийг зам нь буцаан зарцуулахаар НИТХ-аар баталсан. Энэ жил хотын төсөвт төвлөрсөн хөрөнгөөр Гачууртын 11 километр замыг засварлана. Анх 1985 онд ашиглалтад орсон зам. Ашиглалтад орсон цагаас хойш их засвар хийгдээгүй. Мөн Яармагийн эцсийн буудлыг Нисэхийн замтай холбох 4,2 километр замын ажил хийгдэнэ. Түүнчлэн Чингэлтэйн эцсийн буудлаас Долоон буудал хүртэлх 3,2 километр замд өргөтгөл шинэчлэлийн ажил хийнэ. Дээр нь Шарга морьт руу зуслангийн чиглэлийн замын ажил бий. Дамбадаржаагийн салдаг уулзвараас хойшоо чигээрээ яваад Хандгайт, Санзай салдаг зам хүртэлх 13,6 километр замыг өргөтгөн шинэчилж Шарга морьтын гүүрийг өргөтгөн барина. Сүүлийн жилүүдэд нийслэлийн зам эрс сайжирч байгаа” гэж байлаа.
Үүнээс гадна энэ жил нийслэлийн дүүрэгт бүрт 1,5 тэрбум төгрөгөөр хороолол дундах зам засварын ажил хийгдэх юм байна. Ингээд есөн  тэрбум төгрөг хороолол дундах замд зарцуулагдана гэсэн үг аж. Харин Багануур, Налайх дүүрэгт тус бүр 200 сая төгрөг Багахангайд 80 сая төгрөгийг зарцуулах юм байна. Нөгөө талаас замын гэрэлтүүлэг үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг хэ­мээн жолооч нар хэлдэг. Тэг­вэл замын гэрэлтүүлгийг сайж­руулахад 4,2 тэрбум төг­рөг зарцуулна. Мөн хуучин за­муудыг сэргээн засварлах, хэв­тээ тэмдэглэгээ хийх, яв­ган замын эвдэрсэн хэсэгт зас­вар хийх зэрэг ажлуудыг дөрөв­дүгээр сараас зам барилгын ажил эхлэхээр хийхээр төлөвлөөд байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
mongiig maan ta nar hulgai hiisen iugaaraa toluuleh geed baigaa ium.
mongiig maan ta nar hulgai hiisen iugaaraa toluuleh geed baigaa ium.
mongiig maan ta nar hulgai hiisen iugaaraa toluuleh geed baigaa ium.
Хамгийн их уншсан