Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Очирсайхан: Монгол дуучдын дуудлага сайн, тавилт нь зөв гэсэн магтаал сонссон

Б.ЦЭДЭВСҮРЭН

Дуурийн урлагийн эх орон Итали улсад манай уран бүтээлчид дахин тоглоод ирж. Италийн алдарт театрын нэрийг нь л сонсоод сүрддэг байсан цаг ард үлдсэн гэдгийг сонгодог урлагийнхан маань сүүлийн жилүүдэд батлах болсон. Хоёр орны соёлын харилцааг дэмжихээр “Гранд Галà ла Чэнэрэнтола-Gran Galà la Cenerentola” улаан хивсний баяр Ром хотын Формэллод болж манайхаас дуучин Ж.Чингис, Э.Очирсайхан, Б.Мягмарсүрэн нар оролцоод ирсэн байна. Ингээд тус арга хэмжээний талаар болон илүү олон сайхан мэдээг нь хуваалцахаар дуучин Э.Очирсайхантай ярилцлаа.

-Италид оролцоод ирсэн арга хэмжээнийхээ талаар дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу. Манай уран бүтээлчид “Үнсгэлжин” дуурийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн гэж ойлгосон?
-“Ла Чэнэрэнтола” буюу “Үнсгэлжин” гэсэн Гранд Галà концертод манай улсаас миний бие болон дуучин Чингис ах, Мягмарсүрэн эгч бид гурав оролцоод ирлээ. Энэ арга хэмжээнд оролцох боломжийг монгол гаралтай Италид уран бүтээлээ туурвидаг С.Аяна эгч маань олгосон. Дуучин Чингис ахын хувьд сүүлийн 20 гаруй жил тайзан дээр гараагүй. Харин Мягмарсүрэн эгч Францад ажиллаж амьдардаг. Тэндээсээ очсон. Ингээд бид очоод 45 хоногийн сургалтад хамрагдан гала тоглолтод оролцсон. Испаний нэрт дуучин Игнацио Приэто, ОХУ-ын төгөлдөр хуурч Викториа Халилова болон Италийн дуучид Карло Альберто Жиоя, Бруна Бэнцивэнга, Аяна Самбуу нар алдарт найрал хөгжмийн удирдаач Маэстро Стэпхэн Крамэр болон Ла скала театрын дэлхийн нэртэй дуурийн дуучин Жианни Баваглиогийн удирдлагаар энэхүү тоглолтод амжилттай оролцсон.

Тоглолтын онцлог нь сургалтаа дүгнэх байсан юм. Тиймээс эхний хэсэгтээ Италийн алдарт дууриудын хэсгээс толилуулсан. Россини, Пуччини, Вэрди болон Моцарт, Хэндэл нарын алдартай сонгодог хөгжмийн зохиолчдын уран бутээлээс жүжигчилсэн хэлбэрээр дуулсан. Харин хоёрдугаар хэсэг нь Италийн алдарт хөгжмийн зохиолч Россинигийн “Үнсгэлжин” дуурийг концерт хэлбэрээр түүвэрлэн дуулж тусгай концерт тоглосон. Ирэх жилийн долдугаар сард Италид “Үнсгэлжин” дуурийг тавихаар төлөвлөж байгаа юм билээ. Түүнийх нь дүрийн сонгон шалгаруулалтад нэг ёсондоо оролцоод, шалгараад ирлээ.

-Сонгодог урлагийн эх оронд очоод тайзнаа гарахад ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Мэдээж маш сайхан санагдсан. Миний хувьд өнгөрсөн хавар л Хөгжим бүжгийн коллежийг дүүргэсэн. Тиймээс сургуулиа төгсөөд удаагүй байхад Италийн тайзан дээр гарах боломж олдсон нь азтай хэрэг байлаа. Италид сургалтад хамрагдаж байх үеэр зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсыг сурталчлах долоо хоногийг зарлаж Фермэлло хотын захиргаа болон төв ордны гадаа төрийн далбааг маань мандуулж хүндэтгэл үзүүлсэн. Мөн “Сцэна Прима” соёл урлагийн нийгэмлэгийн уран бүтээлч, тоглолтын хувцасны дизайнер Таниа Матта тайзны Барокко үеийн хувцас урлаж өгсөн гээд баяртай үйл явдал олон болсон. Мөн улаан хивсний ёслолд Италийн эртний язгууртан гаралтай ноёд, хадагтай нар оролцож Монголын уран бүтээлчдэд тусгайлан баяр хүргэсэн.

-Өөрийн тань хувьд ямар дүрээр шалгаруулалт өгсөн бэ?
-Ханхүүгийн туслах сайхан сэтгэлтэй, хөгжилтэй залуу Дандинигийн дүр. “Үнсгэлжин” дуурь нь өөрөө үлгэрээсээ жаахан өөр л дөө. Гэхдээ үлгэрээр нь яривал Үнсгэлжинд гутлыг нь өмсүүлдэг залуу. Анх эндээс бичлэгээ явуулаад шалгарсан. Тэгээд Италийг зорьсон доо. Очоод дуулахад монгол дуучдын дуудлага их сайн, тавилт нь зөв юм гэсэн магтаал сонссон. Манай багш нарын заах ур чадвар хаана ч гологдохгүй гэдгийг л мэдэрсэн. Миний хувьд бараг найман жил дуулаачийн мэргэжлээр сурч байна. Энэ хугацаанд олон айлын тогоо өнгийсөн гэдэг шиг олон багш нараар хичээл заалгаж байсан. Багш нартаа баярласнаа хэлье.

-Энэ дүр дээр олон орны уран бүтээлчтэй өрсөлдсөн үү?
-Итали, Герман, Франц, Испани дуучидтай өрсөлдсөн. “Үнсгэлжин” дуурь өөрөө Италийнх учраас итали дуучин идэвхтэй оролцсон. Манайхан “Учиртай гурван толгой” дууриа цээжээрээ мэддэг шиг тэд ч гэсэн “Үнсгэлжин” дууриа сайн мэддэг юм билээ. Ардын урлаг нь учраас арга ч үгүй юм болов уу. Гэхдээ л тэднээс шалгарсандаа баяртай байгаа. Монголчууд хацрын яс томтой учраас хоолой хүчтэй сонсогддог. Энэ нь ч нөлөөлсөн байх.

-Манай театрын урын санд “Үнсгэлжин” дуурь байдаггүй. Дүрээ хэрхэн бэлтгэсэн бэ?
-“Үнсгэлжин” дуурь маань Ла скала театрын урын санд байдаг. Анх энэ дүрийг бэлтгэхдээ Ла скала театрын дуучин Петро Спанолигийн бичлэгийг харж үлгэрлэсэн. Энэ дуучин маань “Үнсгэлжин” дуурьт байнга дуулдаг учраас Дандинигийн дүр халаасанд нь орчихсон юм билээ. Ирэх жил Италид очихдоо түүнээс дүрийнхээ талаар зөвлөгөө авахаар ярьж байгаа.

-Яагаад заавал Дандинигийн дүрийг сонгосон юм бэ. Ханхүү байж болоогүй юм уу?
-Би анх Алидорогийн дүрийг сонирхож байсан ч дуулаачийн парт нь жаахан доод регистрт байсан учраас Дандиниг сонгосон. Дандинигийн дүр өөрөө дотоод сэтгэлгээ, нүүрний мимик шаардсан дүр.

-Нөгөө хоёр дуучны хувьд ямар дүр дээр ажилласан бэ?
-Чингис ах Алидорогийн дүр, Мягмарсүрэн эгч Тизбегийн дүр дээр ажилласан. Ирэх жилийн долдугаар сард тоглогдох “Үнсгэлжин” дуурьт бид гурав гол дүр бүтээнэ. Үлдсэн дүрүүдэд шалгарсан уран бүтээлчид дуулах юм. Харин 2016 оны намар монгол уран бүтээлчдээр Италид “Үнсгэлжин” дуурийн тоглуулахаар ажиллаж байгаа юм билээ.

-Дуурийн дуучин болох мөрөөдөл чинь байв уу?
-Би урлагийн гэр бүлээс гаралтай гэж хэлж болно. Аав маань уртын дуу сайхан дуулдаг. Ээж маань нот мэдэхгүй ч гэсэн бүх хөгжмийг тоглочихдог. Уг нь би гурван эгчтэй л дээ. Тэд маань ч гэсэн урлагийн авьяастай. Гэсэн ч тухайн үед СУИС-иас өөр сургууль байдаггүй байсан учраас урлагийн мэргэжил эзэмшиж чадаагүй. Миний хувьд багаасаа дуулсан.

-УДБЭТ-т ажиллах сонирхол бий юу?
-Байгаа. Одоохондоо уран бүтээлч авах зар гараагүй байна. Хэрэв гарвал гүйж очоод шалгуулна даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан