Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойг тойрсон асуудлууд эргэн ирлээ

Л.НОМИН

Нэг хэсэг нам жим байсан Тавантолгойн асуудал энэ долоо хоногоос эхлэн дахин анхаарлын төвд орлоо. Ойрын үед болсон үйл явдал энэ ордтой хэд хэдэн сэжмээр холбогдоно.   

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногийн эхээр Хятадад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Син Хаймин цөөн сэтгүүлчийг урьж ярилцахдаа Тавантолгойн талаар байр сууриа илэрхийлжээ. 

Элчин сайд “БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн онд Монголд айлчлахдаа транзит тээвэрлэлт, далайн боомт зэрэг Монго­лын талын анхаардаг асууд­луу­дыг шийдвэрлэснээр Та­ван­­толгойн төслийг урагш­луулахад маш сайн үндэс суу­рийг тавьсан” гэж тодот­гожээ. Энэ яриатай улбаа­тай­гаар жилийн өмнөх үйл явдлыг нэхэн дурдах нь зөв болов уу.

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны наймдугаар сарын 21-22-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн үед айлчлалыг улс төрийн харилцааны итгэлцлийг бэхжүүлсэн, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар урагшлуулсан, хөрш зэргэлдээх улс орон хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлсэн ач холбогдолтой гэж тоймчид дүгнэж байв.

Си Жиньпин “Хятад, Монгол хоёр орон газар зүйн байршлын хувьд хөрш, эдийн засгийн хувьд харилцан нө­хөх шинжтэй. Хятадын талд зах зээл, хөрөнгө мөнгө, тех­ник, технологи, зам, дэд бүт­цийн талаар давуу тал бий.

Монгол Улс байгалийн арвин их баялагтай. Иймд хоёр тал хамтран ажиллахад ихээхэн боломж байна. Хятад улсын тасралтгүй хөгжил Монгол Улс болоод бусад түншүүдэд асар том зах зээл боломжийг нээж байна” хэмээх УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд хэлсэн билээ. Айлчлалаар Монголын тал удаан хугацаанд анхаарал тавьж ирсэн транзит тээвэр, далайн гарцын асуудал тодорхой шийдэлд хүрлээ. Хоёр талын хилийн боомтын төмөр замын хамтын ажиллагааны талаар гүн гүнзгий санал солилцож тохиролцоонд хүрлээ хэмээн урд хөршийн төрийн тэргүүн мэдэгдсэн.

Тэгвэл түүний айлчлалаас найман сарын дараа буюу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-нд Засгийн газрын боловсруулсан Тавантолгойн гэрээний хувилбар нийтэд ил болсон. Энэ төсөл гэнэт бэлэн болсон нь цаанаа маш их хардлага төрүүлж буй. Н.Алтанхуягийн Засгийн газар унаж, Ч.Сайханбилэгийн танхимд яамгүй сайдаар томилогдсон М.Энхсайханд хамгийн том төслийг хариуцуулах учир шалтгаан байсан бололтой. Гэвч Монгол Улсын сайд М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн гэрээний төсөл УИХ-аас эсэргүүцэлтэй тулсан.  
УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганы /2015 оны дөрөвдүгээр сарын 6/ нээлтэнд үг хэлэхдээ УИХ-аар хэлэлцэхгүй Засгийн газар дангаараа шийдэхээр төслийг боловсруулсан байсныг дурдаад ажлын хэсэг байгуулж, нягтлах шаардлагатай гэж үзсэн. Хэрэв УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурах юм бол шийдвэр гаргасан сайд нарт хариуцлага тооцон огцруулахаа илэрхийлсэн. Ингээд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Тавантолгойн гэрээний төсөлд өөрчлөлт зайлшгүй оруулах ёстой гэж үзсэн зүйлсээ тогтоолын төсөл болгон Засгийн газарт гурав хоногийн өмнө хүргүүлсэн юм. Уг тогтоолын төсөлд УИХ-аар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцүүлэх, ордыг ашиглах гадаад дотоодын хөрөнгө оруулагчтай хамтран байгуулах компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани эзэмшихийг тусгаж. Мөн шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах компанийн 51-ээс доошгүй хувийг “Монголын төмөр зам” ТӨХК эзэмших нь зүйтэй, 1072 ширхэг хувьцааны талаар төсөлд оруулах ёстойг Ерөнхий сайд, Засгийн газарт чиглэл болгож тогтоолын төслөө өгөөд байна. Энэ тогтоолын төслийг дэмжиж УИХ-аар хэлэлцэх шаардлагатай хэмээн 40 гишүүн гарын үсэг зурсан.

Тэгвэл Тавантолгойн асуудал дахин яригдаж эхлэхтэй зэрэгцэн Монгол Улсад БНХАУ-аас суугаа Элчин сайдын энэ талаар ярьсан нь зүгээр нэг тохиолдол биш бололтой. Элчин сайд Син Хаймин “Тавантолгойн төсөл хоёр улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ болох ёстой. Хоёр тал төслийг ахиулахаар нягт хамтран ажиллаж байна. Тавантолгойн орд Хятадтай маш ойрхон учраас энэ төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа. Монголын ард түмэн энэ төслөөс илүү ашиг хүртээсэй, Монголын Засгийн газар ахицтай ажиллаасай гэж хүсмээр байна. Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд Хятад банк шиг найдвартай, нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгууллага орох бол Монгол Улсын бүтээн байгуулалт, жижиг дунд үйлдвэрийн хөгжил болон хоёр талын томоохон төслийн хамтын ажиллагаанд найдвартай санхүүжилт авчирч болох бөгөөд Монголын эрх ашигт бүрэн нийцэж байна” гэж ярьжээ. Энэ бол урд хөршийн байр суурь, баримталж буй бодлого. Монголчуудад л ашигтай байвал болоо гэдгийг ямар ч болзол шаардлага тавьсан хүлээж авна гэж ойлгож болох нь.

Тавантолгойн төсөлд оролцох хүсэлтээ илэрхийлсэн “Шенхуа” группийн дэд ерөнхийлөгч Ван Пин Ган амиа хорлосон тухай мэдээлэл гарсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш “Шенхуа” группийн нийт 271 албан тушаалтанг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж буй гэх мэдээ Хятадын хэвлэлүүдэд гараад байна. “Шенхуа” бол Хятадын төрийн өмчийн компани төдийгүй манай улсын нүүрсний гол худалдан авагч. Тавантолгойн төсөлд эртнээс хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр ирсэн ч авлигын хэрэгт шалгагдаж байгаа компанитай стратегийн ордын гэрээ хэлцэлцээ үргэлжлүүлэн ярих нь хэр оновчтой вэ. Магадгүй эдийн засагчид, зөвлөхүүд байр сууриа илэрхийлэх байх. Хэдхэн хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн айлчлалаар ч яригдах нэг сэдэв байх нь мэдээж. Гагцхүү Монголд ашигтай байх хувилбараар тохиролцож чадах эсэхээс олон олон асуудал хамаарах нь. Гэвч эргэлдэх зүйл дэндүү олон байна.

0 Сэтгэгдэл
Таван Толгой түргэн эргэлтэнд орж Талын Монгол өөдлөн цэцэглэх болтугай гэж ерөөе.
Хамгийн их уншсан