Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цоожтой” хүүхдүүд цэцэрлэгт явна

Э.ГАНЦЭЦЭГ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж  эхэлсэн. Улсын хэмжээнд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай буюу сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй, цоожтой хаалганы цаана үлддэг 60 гаруй мянган хүүхэд бий гэдэг. Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр эдгээр хүүхдийн 15 орчим хувь буюу 9800 гаруй хүүхэд хараа хяналттай, аюулгүй орчинд, үе тэнгийнхэнтэйгээ сурч, боловсрохоос гадна  гэртээ хүүхдээ харж буй эхчүүд хөдөлмөр эрхлэх боломжтой болох нь. Гэвч, энэ жил төсвийн хүндрэлээс үүдэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлэхэд шаардлагатай байсан 60 гаруй тэрбум төгрөгийг 10,8 тэрбум хүртэл бууруулж баталсан юм. Энэ нь 9800 гаруй хүүхдийн хоол, хувьсах зардалд хүрэхтэй үгүйтэй дуусах нь.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэлэлцэгдэж эхэлсэн цагаасаа олон нийтийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэсэн. Ялангуяа, энэ үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдэд боловсрол, мэргэжил заасан өндөр шалгуур тавигдаагүй учраас сонирхох хүн ч олширсон. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийг хэрхэн бэлтгэж, тэдэнд ямар шаардлага тавьж буй талаар ХАХНХЯ-ны Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга  Х.Баавгайгаас тодрууллаа.

Х.Баавгай: Хүүхэд харагчдад энэ сарын 20-25-нд санхүүжилт олгоно

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хүүхэд харах төвүүд зөвшөөрлөө аваад ажиллаад эхэлчихсэн үү?
-Орон нутгийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтаа зохион байгуулаад дууссан. Сургалтаа дууссан аймгуудын дээрх үйлчилгээг эрхлэх хүсэлтэй иргэд байрны зөвшөөрлөө авч эхэлнэ. Үүний дараа нэгдүгээр сарын 20-25-нд санхүүжилтээ авна. Ерөнхийдөө сургалтад хамрагдсан иргэд байрныхаа зөвшөөрлийг авч эхэлсэн гэж болно. Харин, нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-20-нд сургалт нь явагдана. Одоогийн байдлаар байрны зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдийн тоон мэдээ гараагүй байна. Нэг сарын сүүлээр нэгтгэсэн тоон мэдээлэл гарна.

-Сургалтад хэчнээн иргэн, хуулийн этгээд хамрагдсан байна вэ?
-Орон нутагт 1477, нийслэлд 470 орчим иргэн сургалтад хамрагдахаар саналаа ирүүлсэн байсан. Одоогийн байдлаар нийслэлд 500 гаруй хүн хамрагдахаар хүсэлт өгчээ. Сургалт зохион байгуулсан аймгуудаас харахад зарим нь өгсөн тооноосоо бага, зарим нь 4-5 хүнээр нэмэгдсэн. Ер нь нэгдүгээр сарын сүүл гэхэд сургалтад хамрагдсан хүний тоо эцэслэн гарах байх.

-Хүүхэд харагчдад хүүхэдтэй хэрхэн ажиллах талаас нь буюу хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох тухай сургалт орж байгаа юу? Эцэг, эхчүүд үүнийг илүүтэй сонирхож байгаа байх.
-Чадалгүй яахав. Сургалтын жишиг хөтөлбөр ХАХНХ-ын сайдын А 152 дугаар тушаалаар батлагдсан. Энэ нь хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан тав хоногийн 40 кредит цагийн таван чадамж олгох сургалт юм. Үүнд, бага насны хүүхдийн сэтгэлзүйн онцлог, хамгааллын болоод хоол, тэжээлийн асуудал, хөгжлийг дэмжих тухай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй гэсэн сургалтын хөтөлбөр багтсан гэв.
Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт дүүргүүдэд ямар байгаа талаар сурвалжлахаар бид Сүхбаатар дүүргийг зорилоо. Тус дүүрэгт цэцэрлэгийн насны буюу 2-6 насны 13299 хүүхэдтэйгээс 10064  нь дүүргийнхээ төрийн өмчийн 26, хувийн 39 цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ авч байна. Харин, үлдэж буй 3200 гаруй хүүхэд гэртээ өнждөг аж. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус дүүрэгт 50 иргэн, хуулийн этгээд хүүхэд харах төв ажиллуулж, тэдэнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээх боломжтой болох юм. Биднийг тус дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийг зорьж очиход хөгжлийн төвийн дарга П.Мягмарсүрэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлсэн иргэдтэй уулзалт хийж байв. Хурлын явцад иргэд хуулийн талаар нэлээд сайн мэдээлэлтэй байгаа нь харагдаж байлаа. Энэ үеэр СБД-ийн 17 дугаар хороонд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ ирүүлсэн Хан-Уул дүүргийн иргэн М.Оюунчимэгтэй ярилцсан юм. Тэрээр эмч мэргэжилтэй, СБД-ийн 17 дугаар хороонд 10 ортой эмнэлэг, нэг бүлгийн буюу 25 хүүхдийн орон тоотой хувийн цэцэрлэг ажиллуулдаг. Цэцэрлэг гэр хороолол дунд байдаг учраас сарын 75 мянган төгрөг төлөөд хүүхдээ өгөх өрх бараг олддоггүй хэмээн учирлав. Тиймээс цэцэрлэгийнхээ хажуугаар хүүхэд харах төв ажиллуулахаар бэлтгэж байгаа гэнэ.

-Та хүсэлтээ хэзээ гаргасан бэ. Бэлтгэлээ хэр хангав?
-Энэ хуулийг хэзээ ажил хэрэг болох вэ гэдгийг маш их хүлээж байлаа. Хэрэгжиж эхлэх болов уу гэж эргэлзэж байсан учраас хууль батлагдсаны дараа буюу оны өмнөхөн хүсэлт гаргасан. Байр бэлэн. Ерөнхийдөө боломжийн гэж бодож байна.

-Хэчнээн хүүхэд харах боломжтой гэж хүсэлт гаргасан бэ?
- Энэ үйлчилгээг явуулж болох стандартын, өөрийн эзэмшлийн байртай учраас 15 хүүхэд харах боломжтой гэж үзэж хүсэлт гаргасан.
-Ариун цэврийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ. Ялангуяа нойлын асуудал чухал.
-Мэдээж ариун цэвэр, нойлын асуудал чухал. Манай байранд цэцэрлэг ажилладаг гэдэг утгаараа хүүхдийн дөрвөн суултуур бий. Үүнийгээ хүүхэд бүрт хуваарилна гэж бодож байна. Хуулиараа хөтөвч хэрэглэхийг  зөвшөөрч байгаа учраас хүүхэд бүрийг хөтөвчтэй болгоно.

-Та хувийн цэцэрлэг ажиллуулж байсан туршлагатай. Тэгэхээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх нь цэцэрлаг ажиллуулахаас хэр ялгаатай гэж үзэж байна вэ?
-Хүүхэд харах үйлчилгээнд тавигдаж байгаа шаардлага, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ эрхлэх шаардлага, журамтай харьцуулахад илүү уян, хатан. Тиймээс хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан. Миний хувьд эндээс ашиг хараагүй. Зорилтот бүлгийн, залуу гэр бүлийн 15 хүүхдийг үнэ төлбөргүй энэ үйлчилгээгээр дамжуулан хараа хяналттай, аюулгүй орчинд сурч, хүмүүжээсэй гэсэн үүднээс энэ ажлыг эхлүүлэх гэж байна.
Тэрээр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан нэг хүүхдэд  улсаас олгох 116000 төгрөгийг хоол, хүнс болон, багш, асрагч нарынхаа цалин, хангамжинд зарцуулахаар төлөвлөжээ.

П.Мягмарсүрэн: Халамжийн бодлогын зохицуулалт хэрэгтэй

Сүхбаатар дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн дарга

-Танай дүүрэг хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Манай дүүргийн хувьд хүүхэд харах үйлчилгээнд анхаарч ажиллаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд дотроосоо эмч, эрх зүйч, эрүүл ахуйч, цэцэрлэгийн багш гээд олон мэргэжлийн хүн багтаасан ажлын хэсэг гаргасан. Ингэснээр, долоо хоног тутамд хүүхэд харах төвүүдээр явж, хуульд заасан журмыг хангаж байгаа эсэхийг хянаж, шалгахын дээр эрүүл ахуй, хоол тэжээлийн хувьд зөвлөгөө өгөх юм. Мөн манай төвөөс хүүхэд хөгжүүлэх тал дээр анхаарч тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр гаргаж, сургуулийн өмнөх боловсролтой дүйх хэмжээний мэдлэг олгохын тулд мэргэжилтнүүдээ хуваарилж ажиллуулахаар бэлтгэж байна.

-Танайд хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хэчнээн хүсэлт ирсэн байна вэ?
-Одоогоор хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээдийн бүртгэл явагдаж, тэдгээрт зөвлөгөө өгч байна. Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 49 иргэн ирүүлсэн байна. Хууль хэрэгжиж эхлэх сургаар утсаар болон биечлэн ирж 70 гаруй иргэн бүртгүүлсэн боловч зарим нь хүсэлтээ буцаасан.

-Хүүхэд харагч 6-7 төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа шүү дээ. Энэ тал дээр хэр их хүндрэл гарч байна вэ?
- Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд өөрийн бичиг баримтаа бүрдүүлэхдээ байрныхаа бичгийг ч хамт ирүүлж байна. Ордер, итгэмжлэх, түрээсийн гэрээ зэрэг дээр зөрчил гарч байна. Хувийн хоёр давхар байшинтай,түүнийхээ хоёр давхрын гурван өрөөг суллаж, нэг давхартаа өөрсдөө амьдарч, энэхүү үйлчилгээг эрхэлнэ гэх иргэн ч байна. Энэ нь хуулиараа болохгүй. Иймэрхүү зохицуулалтын юмнууд их байна. Гэхдээ, манай байгууллагын хувьд үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэдийнхээ бичиг баримт бүрдүүлэлтэд зөвлөгөө өгч, дэмжиж ажилладаг. Иргэдийн бичиг баримтын бүрдүүлэлт удаашралтай байсан. Дөрөв, тав хоногийн өмнөөс л идэвхтэй боллоо.

-Уг хууль хэрэгжиж эхэлснээр гэртээ хүүхдээ хардаг ээж өөрийн хүүхэд дээрээ нэмээд тав хүртэлх тооны хүүхэд харах боломжтой байгаа. Танай дээр ийм ээжүүд хэр олон хандаж байх юм?
-Хандаж л байна. Гэхдээ, тэтгэврийн насны ач, гучаа хардаг эмээ, өвөө нар залуу ээжүүдээс илүү их хандаж байна. Учир нь, тэдгээр өвөө, эмээ нар 2-3 хүүхэд хардаг. Хуулиараа хүүхэд харагч өөрийн хоёр хүртэлх хүүхдийг харж болно гэж заасан. Тиймээс үүнийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд харах хүсэлт ирүүлсэн иргэн байна уу?
-Одоогоор алга байна.

-Хүсэлт ирүүлсэн иргэд хэд орчим насныхан байна. Мөн боловсролын хувьд ямар байгаа вэ?
-22-62 насны иргэд байна. Гэхдээ 60 орчим насны хүн цөөн. Ихэнх нь, дундаж насныхан. Боловсролын хувьд бүрэн дундаас эхлээд тусгай, дээд боловсролтой хүн ч байна. Мэргэжлийн хувьд эмч, багш, биологич, эдийн засагч гээд ихэвчлэн багш, эмч мэргэжилтэй хүн байна. Түүнчлэн, олон жил ясли, цэцэрлэгт ажилласан туршлагатай хүмүүс ч бий.

-Хурлын үеэр иргэдийн хувьд орон байрны асуудал хэцүү байх шиг харагдлаа. Тийм үү?
-Орон байраа бэлдэх нь тулгамдсан асуудал мөн. Гэхдээ, иргэд хоорондоо ярилцаж нэг, нэгнээ дэмжиж ажилласны дүнд энэ асуудал харьцангуй цэгцэрч байна.

-Хуулийн зорилго цоожтой хаалганы цаана үлдэж байгаа хүүхдүүдийг хараа хяналттай, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхийг нь хангах. Тиймээс яг энэ зорилтот хэсэгтээ хүрч ажиллах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ тал дээр манай байгууллагын зүгээс төлөвлөсөн зүйл бий. Хэдийгээр хүүхдүүдээ өөрсдөө ол гэж байгаа ч дүүргийнхээ нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчтай хамтран, зорилтот бүлгийн хүүхдүүдээ хамруулахаар зэхэж байна. Үүнээс гадна, халамжийн бүлэг ажиллуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой. Энэ саналаа бид холбогдох байгууллагад уламжилна. Хараа хяналтгүй, асран хамгаалагчгүй, хамаатныдаа амьдардаг, эцэг, эх нь байлаа ч хөдөлмөрлөх чадваргүй, орлогогүй өрхийн хүүхдүүд бий. Эдгээр хүүхдүүдээ энэ үйлчилгээнд хамруулчих юмсан гэж хичээнэ. Халамж талаасаа бодлогын зохицуулалт хийгдэх хэрэгтэй гэдэг нь харагдсан. Гэхдээ, эхний юм бүхэн алдаа, оноотой байдаг. Хоёрдугаар ээлжинд бид энэхүү асуудлаа тавья гэж бодож байна.

Байраа бэлдсэн иргэд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болжээ

Ингээд бид хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн С.Мөнхбаярын үйлчилгээ эрхлэх байртай танилцахаар Сүхбаатар дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвөөс Бэлх рүү хөдөлсөн юм. Иргэн С.Мөнхбаярын үйлчилгээ эрхлэх байр Бэлхэд гэр хороолол дунд байрлах хоёр давхар тоосгон байшин байв. Хашаанд нь чацаргана, үхрийн нүд гээд олон төрлийн жимсний мод, бут байлаа.

Тэрээр сүүний хэдэн үнээтэй. Зундаа сүү, таргаар тасардаггүй гэж Мөнхбаяр гуай хэлж байлаа. Тэрээр хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон гээд биднийг байшингийнхаа хоёр давхар руу дагуулан орлоо. Тэрээр энэхүү үйлчилгээг эхнэрийн хамт эрхлэх аж. Эхнэр Б.Манлай нь БГД-ийн 133 дугаар цэцэрлэгт олон жил их эмчээр ажиллаж, долоон жилийн өмнө тэтгэвэртээ суужээ. Хоёр хөгшин ач, гучаа харахын хажуугаар ойр хавийнхаа хүүхдүүдийг хардаг байна. Энэ туршлага дээрээ үндэслэн хүүхэд харах төв ажиллуулахаар болжээ. Түүний үйлчилгээ явуулах байр тоглох хэсэг буюу том өрөө, унтлагын, угаалгын өрөөтэй. Тэрээр тоглоомын өрөөгөө унтлагын өрөө, угаалтуурын өрөөнөөс тусгаарлаж хаалт хийжээ. Таван хүүхэд харахаар хүсэлт гаргажээ. Тиймдээ, таван хүүхдийн сандлыг ч хуваарилан бэлтгэсэн  нь сэтгэгдэл төрүүлэв. Түүний үйлчилгээ явуулах байр 50 метр квадрат. “Хоёулаа юм чинь хүүхэд нэмж авахгүй байсан юм уу? 10 хүүхэд харж болно шүү дээ”гэхэд “бид хоёр таван хүүхэд л харж чадна. Түүнээс их болчихвол ядрах байх, хүүхдээ ч зутраачихна” гэж хариулсан юм.

Тоглоомын өрөөний нэг талын ханыг хүүхэлдэйн киноны баатруудын зургаар чимэглэн будаж, таван хүүхэд тоглоход хангалттай  тоглоом цуглуулжээ. Өглөөд хүүхдүүдээ цуглатал, түр саатуулна гээд хоймортоо зурагт байрлуулсан харагдав. Ингэхдээ, хүүхэлдэйн кино үзүүлнэ гээд нилээдгүй cd цуглуулсан харагдлаа. Өрөөний цонх хэтэрхий доор байрласан санагдсан учраас “хүүхэд онгойлгочих юм бишүү” гэх бодол төрж, өнгийн асуувал “торлосон” гэж байсан юм. Үнэхээр цонхнуудаа торлож, хүүхдийн аюулгүй байдлыг хангажээ.

Унтлагын өрөөнд таван хүүхдийн модон ор өөрсдөө хийж, өөр өөр өнгийн ор, хөнжлийн даавуу бэлтгэж. Ариун цэврийн өрөөнд хүүхдэд зориулсан гурван  угаалтуур хийж, бойлуураар угаалтуур руугаа ус дамжуулах замаар гар нүүр угаах асуудлыг шийджээ. Харин хүүхэд бүрт хөтөвчтэй байхаар бодолцож, үүдний хэсэгтээ байрлуулсан байв. Тэдний хамгийн ойр байрлах худаг найман метрийн гүнээс усаа татдаг. Тиймээс худгийн уснаас хүүхдийн хоол, унданд ашиглана гэхэд хэцүү. Энэ талаар тодруулахад “хүүхдийн хоол, ундны усанд ус цэвэршүүлэгч болон, 20 литрийн савалгаатай цэвэр ус ашигладаг” гэж байлаа. “Захиалгаар хүргээд ирдэг учраас амар байдаг” гэж Мөнхбаяр гуай хэлсэн.

-Та хоёр ойр хавийнхаа хүүхдүүдийг хардаг гэлээ. Өдөрт хэдэн төгрөгөөр хардаг вэ?
- Нэг хүүхдийг өдөрт 5000 төгрөгөөр хардаг. Эцэг, эхчүүд ихэнхдээ өдрөөр, зарим нь долоо хоногоор тооцож мөнгөө өгдөг.

-Та хоёр таван хүүхэд харах хүсэлт гаргасан байна. Хүүхдүүдээ олсон уу?
-Олсон. Ойр хавийн айлуудынхаа хүүхдийг харна даа.  
Ингээд манай сурвалжлах баг тэндээс гарахад харанхуй нөмөрч гудамжаар бүдчин алхахтай зэрэгцэн 3-4 орчим насны хүүхдээ тэвэрсэн эмэгтэй яаран яаран алхаж өнгөрсөн нь хүүхэд харах үйлчилгээ явуулаад эхэлбэл, ядаж л цэцэрлэгийг бодвол цагийн уян, хатан нөхцөлтэй учир эцэг, эхчүүд ажлаа таран сандарч гүйх хэрэггүй болох юм гэх бодлыг эрхгүй төрүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан