Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сувдаа: Миний аав О.Цэдэндорж 1981 онд Ганц худагт 54 хоног өлсгөлөн зарласан

Н.БАТ

Ц.Сувдаа эгчтэй фэйсбүүкээр найзлаад жил гаруй болжээ. Түүний бичсэн Европын тухай тэмдэглэлүүд нь танин мэдэхүй хийгээд соёлын олон сонирхолтой мэдээлэлтэй байдаг учраас тааралдвал заавал уншдаг байлаа. Гэтэл сүүлийн үед тэрээр аавынхаа тухай 2014 онд бичиж байсан тэмдэглэлүүдээ эргэн сэргээж тавьсан нь өөрийн эрхгүй сонирхол татав. Ц.Сувдаа эгч бол Оршихын Цэдэндорж гэдэг сэтгүүлчийн дунд охин. Социализмын үеийн нэг хүнийг тахин шүтэх, үзэл суртлын золиос болж О.Цэдэндорж сэтгүүлчийг улс төрийн хоригдол хэмээн чанга дэглэмтэй хориход ял эдлүүлж байсан аж.
Аавтайгаа хамт хэлмэгдүүлэлтэд өртөж, зовлон бэрхшээлийг өөрийн биеэр амсч туулсан тэртээх 40-өөд жилийн түүхийг фэйсбүүктээ тэмдэглэл болгон бичсээр байв...Түүний туулсан амьдралын тухай олон хүн уншиж, төсөөлөх ч аргагүй тэр өдрүүдийн тухай бодит амьдралыг үнэн түүхээр мэдэрч байлаа. Тиймээс өдгөө Францад амьдарч байгаа Ц.Сувдаа эгчид санал тавьж ярилцлага авахыг хүслээ. Тэр миний саналыг хүлээн авч, ийн ярилцсан юм.


-1990 оны гуравдугаар сарын 7-9-нд хэсэг залуус ардчилсан нийгмийг байгуулахын төлөө өлсгөлөн зарласан. Үүнийг Монголын түүхэнд улс төрийн анхны өлсгөлөн хэмээн тэмдэглэдэг юм. Харин таны аав 1981 онд шоронд өлсгөлөн зарлаж, Монголын шударга бус нийгмийг эсэргүүцэж амь насаараа дэнчин тавьсан тухай та бичихдээ анхны улс төрийн өлсгөлөн байж гэсэн гэжээ. Нийгмийн шударга бусыг эсэргүүцэж өлсгөлөн зарласан аавын тань тухай түүхэн мэдээлэл ховор юм билээ. Тиймээс таныг аавыгаа энэ хүнд үед нь очиж эргэсэн тэр өдрүүдээс хоёулаа яриагаа эхэлье.
-Тиймээ, 1981 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс миний аав О.Цэдэндорж Мааньтын чанга дэглэмтэй хорих ангиас Ганц худагийн шоронд ачигдан ирж, 13-ны өглөөнөөс улс төрийн өлсгөлөн зарласан юм. Би энэ үед АУДэС-ийн оюутан байв. Хичээл тараад гүйж явтал, нэг хүн зам хөндлөн гарч ирээд “Аав чинь Ганц худагт ирсэн маргааш очиж уулзаарай” гэж хэлчихээд уусах мэт алга болсон. Маргааш өглөө нь Төв сэргийлэхийн үүднээс мөрдөн байцаагчдыг Ганц худагийн шоронд хүргэдэг автобусанд  дайгдаад Ганц худагт очоод уулзалт хүсэхэд “Аав чинь өлсгөлөн зарлаад гуч гаруй хонож байна, ер нь найдваргүй их хүнд байгаа” гэж хэлээд шоронгийн эмнэлгийн нэг харанхуй өрөөнд дагуулж орсон юм. Аав минь нэг муу төмөр орон дээр хэвтчихсэн, яс арьс болтлоо турсан харагдлаа. Дуугарах гэхээр дуу нь гарахгүй, хэлж байгаа үгийг нь сонсох гээд ойртохоор, хуяг хөндөлсөөд ойртуулдаггүй. Аавынхаа барааг харж, хэдэн үг хэлээд уйлж байгаад л гарч ирсэн. Сүүлд сонсоход өлсгөлөн зарлаад 33 хонож байхад нь би очсон юм билээ.

-Таны аав 1979 оны арваннэгдүгээр сард баригдсан байдаг. Гэтэл энэ онд нэг биш сэтгүүлч, уран бүтээлч хэлмэгдэж, Намын төв хороонд дуудагдаж, шийтгүүлж. Миний уншиж судалснаар таны аавыг баривчлах шалтаг болсон тэрхүү гурван боть тэмдэглэлийг 1969 онд бичсэн гэсэн. Хэвлэгдээгүй энэ баримт чухам хэрхэн НАХЯ-ны гарт орчихсон юм бэ?
-Ааваас болоод олон сэтгүүлч, уран бүтээлч хэлмэгдсэн гэвэл үгүй  юм шүү. Г.Жамъян гуайн бичсэн “Гавьяа” нийтлэлтэй холбоотой байх, миний аав хэнийг ч хөлдөө чирээгүй, бүгдийг өөрийн биедээ үүрээд л явсан.

-Тийм, тийм. Цэдэндорж гуайгаас болж хэлмэгдсэн гэж хэлэх гэсэнгүй. 1979 он сэтгүүлч, уран бүтээлчдэд хатуу жил байж гэдгийг тодотгох гэсэн юм шүү.
-“Үнэн танаа өргөх бичиг” хэмээх гурван боть гар бичмэлээ 1975 оноос бичиж эхэлсэн бололтой юм билээ. Одоо надад байгаа сүүлийн хоёр том дэвтэр нь 1976-1978 он хүртэл түүх өгүүлсэн байсан. Аав тэмдэглэлүүдээ бичиж дуусгаад зориуд хятад залууд нэгийг нь өгөөд “Элчин сайдынхаа яаманд өгөөрэй” гэсэн юм гэнэ. Аав, Хятадын Элчингээс энэ дэвтрийг Цэдэнбалд, эсвэл НАХЯ-д өгөх байх гэж тооцоолсон нь яг биеллээ олсон юм гэсэн.


-Шоронд хорьсон гэдгийг нь дуулаад та чухам юунаас болсныг нь хэзээ мэдсэн бэ. Гурван боть тэмдэглэлийнх  нь эхийг яг хэзээ анх барьж үзэв. Уншиж үзээд аавыгаа юуны төлөө ийн бичиж вэ гэдгийг мэдрээд ямар сэтгэгдэл төрж байв?

-1979 оны арваннэгдүгээр сарын 10-нд Октябрийн баярын амралт дуусаад өглөө аавыг ажилдаа явах замд НАХЯ-ныхан отож байгаад барьсан юм. Тэр өглөө би хадмынхаасаа хичээлдээ яваад орой иртэл “Ээж  чинь чамайг хурдан ирээч” гэсэн шүү гээд нэлээн зовнисон байдалтай хадам маань хэллээ. Яаруу сандруу гэртээ очвол гэр орон ундуй сундуй, аавын номын санг бүгдийг нь буулгаад хаячихсан, ихэнх ном нь байхгүй, ээж маань хэцүүхэн байдалтай харагдлаа, том эгч ирчихэж. Ээжийн хэлснээр өглөө 11 цагийн орчимд 4-5 хөнгөн тэрэг 69 машин манайхыг бүсэлж буутай цэрэг ээжийг зээ охинтой нь том эгчийн охин буланд хорьж гэр орныг нэгжиж, номын сангийн цоожтой нүднээс аавын хоёр тэмдэглэлийг нь аваад бас жаал ном шуудайлаад гарсан гэнэ лээ. Энэ гурван дэвтрээ аав цагаадсаныхаа дараа өөрөө НАХЯ-наас олж авсан, нас барсных нь дараа би бүх гар бичмэлүүдийг нь цуглуулж өөртөө авч хадгалсан. Угаасаа л соц нийгэмд өөр улс орны хараат ард олон нь үг хэлэх эрхгүй, хоол унд, эдэлж хэрэглэх юм хомс үед өсч хүмүүжиж амьдарч байсан хүмүүс сэтгэл дундуур байсан ч түүнийгээ хэн ч ил гаргаад хэлж чадахгүй...

-1984 онд таны аавыг Говь-Алтай аймагт цөлсөн гэж тэмдэглэлээс тань уншсан. Та аавыгаа бараадаж, тэнд очиж дадлага хийсэн гэж сонссон. Аав нь Говь-Алтайд яажшуухан амьдарч аж төрж байв. Үнэндээ 1979 оноос өмнө танай гэр бүлийн амьдрал ямар байсан бэ. Таван жилийн дотор хэрхэн өөрчлөгдөв?
- 1984 оны зун аав Мааньтын чанга дэглэмтэй колониос суллагдаад, шүүх хурлын шийдвэр дээр “нутаг заах” ял байгаагүй ч аавыг гурван жилээр Говь-Алтайн Тайшир суманд төвөөсөө 5-10 км холдох эрхгүй, аймаг орохдоо тусгай зөвшөөрөл авч орох гэх мэт заалттай цөлсөн. Би АУДэС-ийн төгсөх ангид байсан учраас дөрвөн сар хөдөө орон нутагт туслах эмчийн дадлага хийх болоход Говь-Алтай аймгийг сонгож очсон. Тайшир сумын хүн бүхэн миний аавд сайхан сэтгэлээр хандаж, сумын ня-бо хийлгэж, дулаахан байшинд байрлуулж өгсөн байсан. Аймгийн төвд дадлага хийж байсан ч амралтын өдрүүдээр аав дээрээ очино. Аав минь баригдаж явснаас хойш эмнэлгийн хяналтад байсан ээжийнхээ группийн мөнгөөр амьдарч байв. 1980 оны намар Ленинградад сургууль төгсч ирээд улсын хэвлэлийн комбинатад ажиллаж байсан том эгч минь машины ослоор нас барсан юм. Ээж минь сэтгэл санааны хүнд цохилтод орж нялх хүүхэдтэй би эхийгээ асрах, хүүхдээ өсгөх энэ бүгдээс болж сургуулиасаа чөлөө авч байлаа. Ингээд сургууль төгсөх хугацаа маань хойшилсноор 1984 онд  төгсөх курст сурч байсан нь тэр.

-Таны дурсамжинд аав минь хэцүү газар байхдаа олон хүнийг хүмүүжүүлж, өөрөөр хэлбэл номын захад хүргэж өгсөн гэж байсан. Та одоо тэр хүмүүстэй нь холбоотой байдаг уу?
- Монголын хамгийн хүнд, хүн амины болон рецетив хэрэгтэй 1000 гаруй хэрэгтэн хоригдсон Мааньтад байгалийн чулууг гараар, алхаар жижиглэн буталж барилгын чулуу бэлтгэдэг газар өдөр бүр өндөр настай аав минь идэр залуустай ажилладаг байсан гэдэг. Орой наарандаа ирж амрах хугацаандаа ойр хавийнхаа залууст үлгэр домог үүх түүх хуучилж суухад нь тэнд хоригдож байсан залуусаас онцгойлон хоёр хүн аавтай их ойр дотно байж хуучин монгол бичиг заалгаж сурч, Монголын эртний түүхийг сонсдог байсан гэсэн. Үүний нэг нь Цагаан шонхорын Энхтайван  шоронгоос хугацаанаасаа өмнө суллагдаад  тэр жилээ МУИС-ийн түүхийн ангид орж суралцсан гэдэг. Мөн зохиолч, сэтгүүлч Төрмөнх бас ааваар минь монгол бичиг заалгаж их зүйл сонсч мэдсэн гэдэг юм. Би энэ хүмүүстэй ямар ч холбоогүй ээ, харанхуй хар шоронд гэрэл гэгээ түгээж байсан Өвгөн буурал аавыг минь дурсахгүй байгаа хүмүүсээс би дурсаач гэж гуйгаад байлтай биш дээ.

-“Үхлийн босго алхсан минь” нэртэй аавынхаа номыг та өнгөрсөн жил сэргээн хэвлүүлсэн байх аа. Энэ ном тухайн үеийн сэхээтнүүдийг хэрхэн хэлмэгдүүлж, ямар хүнд амьдрал руу түлхэж байсныг үнэн бодитоор харуулсан түүхэн баримт. Тиймээс заавал хадгалагдаж, архивлагдаж үлдэх ёстой. Энэ номын талаар та манай уншигчдад танилцуулаач?
-Тиймээ, аавын бичиж үлдээсэн гар бичмэлийг 1992 онд анд найз, зохиолч Ж.Бямбаа гуай эмхэтгэн “Үхлийн босго алхсан минь” нэртэй ном болгон 12 мянган хувь хэвлэн гаргасан юм. Энэ номондоо НАХЯ-нд баригдаж хоригдсон өдрөөсөө Ганц худагийн гяндан хорих өрөөнд, Мааньтад байх үед хэрхэн хавчин доромжилж байсныг эсэргүүцэн шоронгийн дарга Шархүүгийн эсрэг “54” хоног өлсгөлөн зарлаж давж, ялж гарч байснаа болон суллагдсаных нь дараа ч араас нь үргэлж мөрдөн хавчиж ойр тойрныхныг нь өөрийнх нь эсрэг турхирдаг байсныг баримтаар бичсэн юм шүү. Та бүхэн олж уншиж үзээрэй.

-Аав тань Говь-Алтай аймгаас ирээд нийгэмдээ зохицож амьдарч чадахгүй багагүй хугацаа туулсан юм шиг санагдсан. Гэхдээ ямар ч байсан Ардчилсан нийгмийг харсан. Бас Ардчилсан нийгмийн анхдагч улс төрийн хүчинд гишүүнээр элсч анхны хурал дээр нь үг хэлж явсан. Энэ хугацаанд аавтайгаа та их ойр байжээ гэж таны дурсамжуудаас харж байлаа. Өөрийг нь хэлмэгдүүлж, босгосон амьдралыг нь бусниулсан энэ нийгмийн талаар аав тань танд юу ярьдаг байв?
-Миний аав ямар ч орчинд маш амархан зохицон амьдарч, ойр тойрныхоо хүмүүсийн хүндэтгэлийг хүлээдэг хүн байсан. Харин Говь-Алтай аймгаас ирэхэд нь Партизаны САА-д очиж ажиллаж амьдар гэж. Гэтэл тэнд очиход нь орчин тойрны бүх хүнийг аавын эсрэг турхирсан байснаас энэ их дарамтыг тэсэлгүй буцаж ирсэн. Ирээд орох газаргүй энд тэнд айлын хашаа бараадаж, шоронд орохоос өмнө өөрийн барьсан угсардаг жижиг байшингаа байрлуулж, айлын хаяанд жил хэртэй хэцүү явсан аавыгаа Санзайн аманд Хайгуулчин пионерын зуслангийн манаач, ой хамгаалагчаар ажилд оруулж, суурьшуулснаар тэндээ сэтгэл түвшин ном зохиолоо бичиж суудаг болсон юм. Анх ардчиллын салхи сэвэлзэхэд олон нам, холбоод аавыг элсэхийг урьсан ч СДН-ыг сонгож анхны их хурлыг нь нээж үг хэлж байв. Суллагдсаныхаа дараа бидэнд шоронгийн талаар ер нь их бага юм ярьдаг байсандаа. Мааньтад байхдаа бидэнд бичсэн 20 гаруй хуудас цуврал дөрвөн захидал нь одоо надад хадгалаастай байдаг юм.

-Та Анагаахын дээд сургууль төгссөн ч улстөрийн хоригдлын охин гэдгээрээ ажил дээр гараад ад үзэгдэх нь тодорхой болчихсон гэдгийг хэдийд мэдэрсэн бэ. Тэгэхээр цаашдаа хэрхэн амьдрах билээ гэж бодож байв уу?
-Тиймээ, улс төрийн хоригдлын охин гэдгээ их сургуульд сурч байхдаа л мэдэрч эхэлсэн байсан. Багш нар яаж ч хариулсан “онц” гэдэг дүн тавьж чадахгүй болчихсон, боломж л гарвал сургуулиас хөөчих өө хайж, тэгээд ч сургууль төгсөөд аль нэг аймгийн сум руу хуваарилагдахаа мэдэж байсан болохоор би өөрийн хүсэлтээр Баян-Өлгий аймагт очиж ажилласан. Өмнө нь, Говь-Алтай аймагт дадлага хийж байхад шөнө жижүүртэй үед Аймгийн сэргийлэх дээр дуудаж байна, хүн үзүүлэх гээд  гэхээр нь, гүйгээд очиход ямар ч шалтгаангүй барьж хорьж байлаа шүү дээ. Ер нь миний ирээдүйн амьдрал их бүүдгэр харагдаж байсан.
-Би таны ярианаас аавыг тань шоронгоос гарсан хойно ч дагуул тавьсан гэж ойлгосон. Ялласан зүйл ангийг нь яг юу гэж та бүхэнд тайлбарлаж байв?
-Аавын араас тавих дагуулыг НАХЯ маш сайн бэлтгэсэн байсан. 1985-1986 оны үед бүр Америкт явуулж шагнасан “авгайг” манай гэр бүлд шургуулж эцэг эх хоёрыг маань салгаж, үр хүүхдүүдийг нь хооронд нь хагаралдуулж байв. Аавыг ялласан шалтгааныг хэн ч бидэнд юу ч гэж тайлбарлаж байгаагүй ээ. Тухайн үеийн Эрүүгийн хуулийн 49-ийн “А” гэж зүйлээр Монголд хоёрхон хүн шийтгэгдэж байсны нэг нь Чойном гуай, нөгөөх нь миний аав. 800 гаруй хуудас тэмдэглэлээсээ болж, төрийн эсрэг гэмтэн болсон нь миний аав.

-Саяхан таны фэйсбүүкээс харлаа. Аавынхаа “Үхлийн босго алхсан минь” номыг шинээр хэвлүүлсэн ч олны хүртээл болгож чадаагүй юм байна гэж ойлгосон. Ном яагаад алга болсон гэж та бодож байна. Та өөрөө гадаадад байгаа учраас Монголын өнөөдрийн нийгмийг төдийлэн бууж ойлгож чадахгүй байгаа байх. Гэхдээ бид чинь хүнлэг ардчилсан нийгэм байгуулсан. Үндсэн хуулиараа үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй болчихсон шүү дээ. Гэтэл та аавынхаа номыг олны хүртээл болгож чадаагүй байдаг?
-Тиймээ, энэ их чухал асуулт байна. 2013-2014 онд би фэйсбүүк хуудсаараа өөрийнхөө үзэж туулсан 30 гаруй жилийн түүхээ 60 гаруй бүлэгт багтаан бичсэнээ 2014 онд нутагтаа очихдоо цэргийн эрэн сурвалжлагч сэтгүүлч, хурандаа С.Баатар гуайд сонирхуулж өгөхөд, Монголыг улс төрийн хэлмэгдэгсдийн холбоонд танилцуулан дэмжлэг аваад Монгол дахь Конрайд-Аденаурын сангийн тэтгэлгээр 500 хувь Хөх судар хэвлэлийн компаниар хэвлүүлсэн. Ном үнэгүй хэвлэгдсэн, тэгээд ч аавынхаа дурсгалд зориулсан болохоор өөртөө 50-ийг нь аваад үлдсэнийг нь Хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Цогтбаатарт итгэж найдан үлдээсэн юм. Бид энэ номыг Монголын бүх аймаг хотын номын санд, их дээд сургуулиудын номын сан, Улсын төв номын сангийн фондод өгч хүргүүлнэ гэсэн тохироотой үлдээсэн боловч 400 гаруй ном хаашаа тараагдсан тодорхойгүй жил гаруй болж байна. Би өнөөдөр нутгаасаа хол зөвхөн сошиал ертөнцөөр л хүмүүстэй харилцаж байна. Харамсалтай нь, нутагтаа байгаа хүмүүст итгэл хүлээлгэхээр иймэрхүү л байна. Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийг өмгөөлөн хаацайлах байгууллагын тэргүүн ийм үйлдэл хийхээр бид ер хэнд итгэх вэ?

-Тухайн үед Зөвлөлтийг сохроор даган дээдлэн шүтэж байсан. 1951 онд Хрущев “Эрүүл ухаантай хүн социализмыг шүүмжлэхгүй” гэж хэлсэн юм гэдэг. Тухайн үед аавыг тань сэтгэцийн хувьд асуудалтай гэх байдал гаргаж байсан уу. Учир нь, социализмыг шүүмжилсэн хүнийг байтугай, Зөвлөлтийн цэргийн машин, ажилчдын автобус мөргөсөн тухай ганц өгүүлбэл бичсэн Жамъян гуайг хэлмэгдүүлсэн байдаг?
-Аавыг хорьж байхдаа олон дахин сэтгэцийн эмчид үзүүлдэг байсан гэсэн. Аль болох сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн онош гаргуулах гээд зарим нь бүр аавыг ном уншсаар байгаад цагаан солио туссан гэж цуу хүртэл тарааж байв. Хэтэрхий Зөвлөлтийг магтан дуулсан, сохроор тахин шүтсэн хүмүүсийг сэрээж чадсан социализмыг шүүмжилсэн жинхэнэ эрүүл ухаантай зоригтой хүн бол миний аав байсан юм даа. Тиймдээ ч зөвлөлтийн дарангуйллын эсрэг, жижиг буурай орны тэргүүн зөвлөлтөөс эхнэр авч түүний гар хөл нь болсон, тойрон хүрээлэгчдийн хийж байгаа булхайг 2-3 жил баримтад тулгуурлан бичсэн гар бичмэлээ зориуд хятад залуугаар дамжуулсан юм билээ.

-Гурван боть тэмдэглэлийг О.Цэдэндорж бичсэн гэдгийг яаж мэдсэн юм бэ. Би таны эгчийн ярианаас Хятад руу хэвлүүлэх гэж ямар ч нэр ус тавилгүй Элчинд өгсөн  ном нь НАХЯ-ны мэдэлд ирсэн. Бичгийн хэвээр нь энэ номын зохиогчийг 10 жил хайж, эцэст нь “Үнэн” сонины сэтгүүлч О.Цэдэндорж гэж оноосон гэж уншсан. Гэхдээ та 1975 оноос бичсэн бололтой юм билээ гэсэн. Гол нь Цэрэндорж бичсэн гэдгийг яаж олов?
-Эгч л тэгж ойлгож дээ, аавын гар бичмэл НАХЯ-ны гарт орж ирснээс хойш жил гаруйн дараа баригдсан, гар бичмэлийн дэвтрийн зузаан хавтсыг нь салгаж үзэж байхад “Үнэн” сонины санхүүгийн хуудас гарч ирсэн юм гэнэ билээ одоо энэ салбарсан дэвтэр нь надад байна, тэгээд л сэжиг авч шалгаж үзэхэд аавын бичгийн хэв таарсан. Тэд арай ч “Үнэн” сонинд ажилладаг хүн үүнийг бичсэн гэж бодоогүй явсан юм гэсэн...

-1991 онд таны аав нас барсан. Тухайн үед хэдэн настай байв. Ардчилсан нийгмийн талаар ямар бодолтой явсан бэ. Энэ тухайгаа танд ярьж байв уу?
-Хэлмэгдэж, хилсээр нас барсан хүмүүсийн дотроос миний аав ховорхон азтай хүн. Хатуу ширүүн гяндан, шоронгийн хүнд хүчир ажил, өлсгөлөнг биеэр мэдэрч, нутаг цөлөгдөж явахдаа сэтгэлийн хат тэвчээрээр бүгдийг даван туулж амьддаа төрөөр уучлалт гуйлгуулж, цагаадаж чадсан, хүсэн хүлээсэн ардчиллаа үзэж амжсан азтай хүн. Мэдээж, миний аав ардчиллыг алга ташин хүлээж авч ажил үйлст нь хамт оролцож явсан боловч даанч удалгүй зуурдаар хорвоогоос хальсан нь харамсалтай.

-“Аавыг баригдсанаас хойш ээж минь сэтгэцийн хувьд жаахан асуудалтай болсон” гэж та бичсэн байсан. Ердөө аавыг тань нас барснаас дөрвөн сарын дараа хөөрхий өнгөрсөн. Яагаад аав ээж хоёр чинь  1979 оноос хойш хөндийрчихсөн юм бэ?
-Миний ээж насаараа сайн ханийн буянд жаргалтай тааваараа амьдарч байсан хүн. Нэг л өдөр нөхөр нь улс төрийн хэрэгтэн болж шоронд орж, хэдхэн сарын дараа 28-хан настай охин нь ослоор өнгөрөөд маш том сэтгэцийн цохилтод орсон. Энэ үед нь би сургуулиасаа чөлөө авчихсан байсан болохоор ээжийгээ хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтүүлж сувилж байсан ч эгчээс хойш аавд гомдож, үлдсэн биднийг ч тоохгүй, зээ охиноо ч хардаггүй байсан. Яг ийм үед нь НАХЯ-ныхан ээжийг ашиглаж, аавын эсрэг элдвийн юм хэлүүлэх гэж, намайг сургуулиас хөөлгөх гэж багш нарыг хүртэл ятгаж байсан юм билээ. Гэсэн ч ээж маань удалгүй хэвэндээ орж, миний охиныг өсгөж намайг сургуулиа төгсөхөд хамгийн их тус болсон доо. Аавыг суллагдаад ирэх үед зориуд бэлдсэн авгайг манай амьдрал руу оруулж аав, ээжийг минь салгаж байсан тухай би түрүүн ярьсан шүү дээ.

-1990 онд Шагдар гуай “Улаан-Од” сонинд аавын тань тухай бичиж, шаргуу шаардсанаар түүнийг цагаатгасан юм билээ. Цагаадсан гэдгээ дуулаад хөөрхий хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан нь тодорхой. Та ер нь судалж үзэв үү. Аавыг тань хэцүү нэрт рүү илгээхэд ямар хүмүүс илүү хатгаас хийж байсан юм бол оо?
-Шагдар гуайн Улаан-Од сонины нүүр дүүрэн бичсэн “Эзнээ ялласан гурван боть” нийтлэл гарахад нь бид бүгдээрээ баярлан хөөрч, аавыгаа тэврэн үнсч байлаа. Манай гэрийн ширээн дээр энэ сонин байнга дэлгээтэй. Би байн байн л уншиж бараг үг болгоныг нь цээжилсэн байж билээ.
Энэ нийтлэл гарснаас хоёр сарын дараа аавыг минь Дээд шүүхийн шийдвэрээр Цагаатгасан юм... Аавыг хэцүү нэрт рүү хэн ч илгээгээгүй. Аав эх орныхоо төлөө санаа зовсондоо, ил хэлж чадахгүй бүхнээ бичиж тэмдэглэсэн нь хэрэгтэн болгосон. Гэхдээ аавыг маань шоронгоос амьд гаргахгүйн тулд, гараад ирсэн тохиолдолд нийгэмд, гэр оронд нь ганцаардуулж сэтгэл санаагаар унагаах гэж олон янзын “операцууд” зохиож байсан юм.

-О.Цэдэндорж гуай бол жирийн нэг сэхээтэн, сэтгүүлч хүн байсан. Тэр хатуу хараа хяналттай нийгэмд тэр бичсээр л байсан. Зохиол бүтээлээс нь та бидэнд бага зэрэг мэдээлэл өгөөч. Ер нь ямар сэдвээр түлхүү бичиж байв?
-Аав сэтгүүлч хүн байсан, гэвч гянданд хоригдож байхдаа дэлхийн түүхийн талаар ном бичих гээд зохиолынхоо үндсэн санааг 67 гарчигт багтааж, гарчиг болгоныхоо утга санааг дөрвөн мөрт болгон шүлэглэж бичсэнээ, тэр үед Ганц худагийн шоронгийн хянагч байсан Цогтбаатар гэж залуугаар дамжуулдаг байсныг би хадгалсаар аавыгаа Мааньтаас суллагдаж ирэхэд нь бүрэн бүтэн өгч байлаа. Аав нутаг заагдан сууж байх хугацаандаа энэ гарчгуудаа сийрүүлэн бичиж “Хүзүүн сандалт хаандаа хүүрнэн өгүүлэх нь” гэж талийгаач эгчийн охинд орой бүр өвөө нь үлгэр мэт хүүрнэн ярьж өгч байгаа хэлбэрээр бичсэн зохиол бий. Маш том гар бичмэл болохоор хэзээ яаж хэвлүүлэхээ ч мэдэхгүй хүний нутагт сууж байх би...

-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Монгол Улсад сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жилээр аавыг тань тухайн үед өмгөөлж хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт хүссэн. Энэ нь зүй ёсны зүйл гэж та боддог уу. Аавыг тань шоронд орчихсон байхад ээжид чинь, та бүхэнд хамгийн их дэм болж байсан хүмүүсээс дурдаач?
-Тиймээ, Монголын төр хэлмэгдсэн сэтгүүлчдээсээ уучлалт гуйхад сэтгүүлч Жамьян гуай аавын минь нэрийг оруулж хүндэтгэл үзүүлсэн гавьяатай хүн шүү. Аавыг хоригдож байхад маш цөөн хүн бидэнд тус дэм болсон, ихэнх ах дүү найз нөхөд нь нүүр буруулж танихаа больсон үед, залуу цагийн гэр бүлийн найзууд болсон Хоролгарав, Бямбаа эгч нар надад зүйрлэшгүй их тус болж, аавыгаа эргэж тойроход хоол унд хийж бэлтгэж өгдөг байсан.

-Өнөөдөр О.Цэдэн­доржийн үр хүүхдүүд хэрхэн аж төрж амьдарч, эц­­гийн­хээ, өвөөгийнхөө ту­хай хэрхэн дурсч байна вэ?
-Өнөөдөр Цэдэндоржийн гурван охин тус тусын ажил амьдралаараа өөр өөрийнхөө замаар эрүүл саруул явцгааж байна даа.
Бид Оршихын Цэдэн­дорж гэх энэ түүхэн хүний талаар бодит мэдээллийг олж, цаашдаа судалж, уншигчдадаа хүргэх болно.






0 Сэтгэгдэл
үнэхээр зоригтой, туйлын шударга хүн л байж дээ , хөөрхий
Өнөөдөр ийм сэтгүүлч байна уу? Шудрага зангарагтай тууштай сэтгүүлчид үгүйлэгдэх болжээ. О.Цэрэндорж сэтгүүлчийн үр хүүхдүүд эцгийнхээ зохиол бүтээлийг хэвлүүлэхэд нь сэтгүүлчид бас "Үнэн" сонин туслах хэрэгтэй.
Өнөөдөр ийм сэтгүүлч байна уу? Шудрага зангарагтай тууштай сэтгүүлчид үгүйлэгдэх болжээ. О.Цэрэндорж сэтгүүлчийн үр хүүхдүүд эцгийнхээ зохиол бүтээлийг хэвлүүлэхэд нь сэтгүүлчид бас "Үнэн" сонин туслах хэрэгтэй.
Хамгийн их уншсан