Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Чен Намын хэрэгт холбогдуулан Хойд Солонгосын иргэнийг баривчиллаа

Б.СЭВЖИДМАА

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт буруутган Хойд Солонгосын иргэнийг баривчилжээ. Сэжигтнийг Ри Жон Чол гэдэг, 47 настай гэнэ. Түүнийг өчигдөр орой баривчилсан бөгөөд авч явсан бичиг баримтад нь бичсэнээр 1970 оны тавдугаар сарын 6-нд БНАСАУ-д төрсөн хэмээжээ.


Сэжигтнүүд хэргийг хэрхэн үйлдсэнээ дүрслэн үзүүлжээ

Одоо цагдаагийнхны сэжиглэж буйгаар энэ хэрэгт холбоотой гурван эрэгтэй сэжигтэн гадуур эрх чөлөөтэй яваа. Сэжигтнүүдийн өгсөн мэдүүлэг, мөрдлөг шалгалтын дүнд хэргийн ерөнхий дүр зураг тодорхой болжээ. Малайзын цагдаагийнхан сэжигтнүүдийг хэргийн газар руу авч явж, хэрхэн үйлдсэнийг нь бодитоор сонссон байна. Энэ үеэр сэжигтнүүдийн дүрслэн үзүүлснээр бол Индонезийн паспорттой Сити Айсиа хэмээх эмэгтэй Ким Чен Намын нүүрийг амны алчуураар бүтээн хойш татах үед Вьетнамын иргэн гэх Дуан Ти Хуон хор шингээсэн зүйлээр нүүр нүдийг нь арчсан байна. Ингээд хохирогчийг хоромхон хугацаанд хордуулсны дараа тэд нисэх буудлын ариун цэврийн өрөөнд орж гараа угаачихаад такси барин хэргийн газраас явжээ.

Сэжигтэн эмэгтэйчүүд хүн хуурах телевизийн бичлэгт орж байна гэж боджээ

Гэхдээ хоёр бүсгүйн мэдүүлснээр үүнийг хүн амины хэрэг гэж огт мэдээгүй, шинэхэн танилууд нь л танихгүй хүнээр тоглож, телевизийн бичлэг хийнэ хэмээн хэлж, мөнгө өгсөн учраас энэ бүхэнд холбогдсон гэдэг тайлбар өгч буй аж.
Тэдний мэдүүлгийг үндэс­лэн цагдаагийнхан дээрх хоёр бүсгүйг Хойд Солонгосын тусгай агентуудын гар хөл болсноо ч мэдээгүй байх гэж таамаглаж байна. Хэргийн зохион байгуулагчид гэж таамаглаж буй эрэгтэйчүүд тэдэнтэй гурван сарын өмнөөс хэрэгт ашиглах зорилгоор танилцсан бололтой. “China Press”-т бичсэнээр Вьетнамын иргэн гэх Ти Хуон гурван сарын өмнө Малайзад нэгэн эрэгтэйтэй танилцаж, дотно харилцаатай болсон аж. Тэр эрэгтэй нь түүнийг Вьетнам, Өмнөд Солонгос руу дагуулж явдаг, мөнгө төгрөгөөр тэтгэдэг байсан бөгөөд хэрэгт сэжиглэгдэж буй дөрвөн залуутай танилцуулсан байна. Нууцлаг байгаа эрэгтэй нөгөө сэжигтэн эмэгтэй Сити Айсиатай сар гаруйн өмнө танилцсан бөгөөд хоёр эмэгтэй саяхныг хүртэл нэг нэгнээ мэддэггүй байжээ.

Харин хэрэг гарахын өмнөхөн тэдэнд шинэхэн танилцсан эрэгтэйчүүд нь нисэх буудалд танихгүй хүмүүсийг хуурч тоглон бичлэг хийнэ хэмээн хэлээд 100 доллар өгсөн аж. Улмаар бүсгүйчүүдийг дагуулан Куала Лампурын нисэх буудалд хэд хэдэн удаа очиж, Ким Чен Намыг хөнөөсөн аргаар хүмүүсийн нүүрийг бүтээж, шингэн цацаж “тогложээ”. Бүсгүйчүүд үүнийг зугаатай тоглоом гэж бодсон бол харин эрчүүд нь алдах эрхгүй гэмт хэргийн сургуулилтаа хийж байсан аж.
 
Сэжигтэн эмэгтэй Хойд Солонгос явахаар бэлтгэж байжээ

Ерөнхийдөө хэргийн дүр зураг тодорхой болж байгаа ч жинхэнэ эздийг олж баривчлаагүйгээс гадна сэжигтнүүдийн өгсөн мэдүүлэгт зөрүүтэй зүйл ч байгаа аж. Тухайлбал, Индонезийн иргэн гэдэг нь батлагдаад байгаа Сити Айсиагийн бичиг баримт хоёр өөр нэртэй, зураг, эрхэлдэг ажил, төрсөн он сар зэрэг нь өөр байгааг илрүүлжээ. 25 настай энэ эмэгтэй Индонези-Малайзын хооронд ирж очихдоо нэр болон төрсөн он сараа өөрөөр мэдүүлж байжээ. Жакартагийн ядуусын хорооллоос гаралтай, нөхрөөсөө салж, долоон настай хүүгээ хадмындаа орхисон тэрээр Малайзад ажиллаж, амь зуудаг байсан бололтой. Рашааны газар зочдод үйлчилдэг ажлаа гэрийнхнээсээ нуудаг байсан ч хачирхалтай нь найзууд болон гэр бүлийнхэндээ кинонд тоглох урилга авсан, киноны зураг авалтаар Хойд Солонгос явна гэж нэгэнтээ хэлж байжээ. Тэр бас солонгос хэлээр ярьж сурсан байж.

Сити Айсиа Малайз найз залуутай. Түүний мэдүүлгээр зочид буудалд нуугдаж байхад нь баривчилсан. Харин түүнийг Хойд Солонгос руу авч явна гэсэн хүн нь хэн болох нь одоогоор тодорхойгүй байна. Үүнээс гадна түүний анх цагдаад өгсөн мэдүүлгийн дагуу ажилладаг хэмээн хэлсэн зочид буудлынхан нь Сити Айсиа хэмээх эмэгтэйг танихгүй гэж хэлжээ.

Хойд Солонгос задлан шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэв

Ийнхүү хэргийн утасны зангилаа аажмаар тайлагдах дөхөж буй энэ үед Хойд Солонгосын тал энэ хэргээс болж Малайзтай харилцаагаа муутгаж магадгүйд хүрээд байна. Тус улсын Малайз дахь Элчин сайд Кан Чол баасан гарагийн шөнө мэдэгдэл хийж, Малайзын тал Хойд Солонгосын зөвшөөрөлгүйгээр хохирогчийн биед задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээ нь дуусчихаад байхад дүгнэлтийг нь гаргаж өгөхгүй, хохирогчийн цогцсыг ч хүлээлгэн өгөхөөс цааргалж байна гэж буруутгажээ.

Тэрээр мэдэгдэлдээ “Ма­лай­зын тал анхлан БНАСАУ-ын бичиг баримттай иргэн зүрхний шигдээсээр нас барсан тул танай улсын иргэн  мөн эсэхийг тогтоож өгнө үү гэж хүссэн. Бид түүнийг манай улсын иргэн гэдгийг баталсан. Тэд задлан шинжилгээ хийнэ гэхэд бид дипломат пас­порттой хүн учраас дипломат төлөөлөгчийн бүрэн эрхийн дагуу цогцсыг нь хамгаалалтад авч, задлан хийлгэхгүй гэж эсэргүүцсэн. Гэвч Малайзын тал бидний зөвшөөрөлгүйгээр, мөн манай талын гэрчийг байлцуулахгүйгээр задлан шинжилгээ хийсэн тулд бид түүнээс гарах хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол хүний наад захын эрхээс авахуулаад, олон улсын хууль, дипломат албаны хуулийг ч зөрчсөн хэрэг.

Задлан шинжилгээ хийж дууссаны дараа Малайзын тал цогцсыг манайд шилжүүлж өгнө гэж мэдэгдсэн ч нэг хоног өнгөрчихөөд байхад одоо хүртэл ёсоор болгосонгүй.
Өнөөдөр миний бие Малайзын цагдаагийн ахлах албан тушаалын хүнтэй уулзаж, цогцсыг шилжүүлэн өгөхийг шаардсан ч татгалзлаа. Энэ нь Малайзын тал манай улсад хор хөнөөл учруулахыг хүсдэг дайсан этгээдтэй хуйвалдсаны илрэл. Ийм үүрэг даалгаврыг Малайзын талд өөр нэг этгээд өгсөн болов уу гэж таамаглаж байна.

Өмнөд Солонгосын эрх баригчид улс оронд нь тохиолдсон улс төрийн асар том шуугианаас олны анхаарлыг холдуулж, БНАСАУ-ын нэр хүндийг гутаахын тулд энэ хэрэгт оролцлоо гэж бид харж байна. Энэ бол Пак Гын Хэг эрх мэдэлд нь үлдээж, улмаар БНСУ-д пуужингаас хамгаалах системийг байрлуулах  арга зам эрэлхийлэхийн тулд дайсан этгээдүүдийн хийж буй явуулга.
Тийм учраас Малайзын талыг дайсан этгээдүүдийн улс төрийн явуулгад хутгалдахгүй байхыг шаардаж, хохирогчийн цогцос болон задлан шинжилгээний хариуг хойшлуулахгүйгээр гаргаж өгөхийг шаардаж байна.
Бид энэ явдлыг энгийн нэг хэрэг гэж харахгүй байгаа учир Малайзын энэ хандлагыг цаашид тэвчихгүй, энэ хэргийг улстөржүүлсэн явдлыг Олон улсын шүүхэд өгөх болно” гэжээ.

Хэргийг Малайзын хуулиар шийднэ

Ийнхүү Хойд Солонгосын хүндэт удирдагч Ким Чен Ирийн том хүү Ким Чен Намыг хөнөөсөн хэрэгт Хойд Солонгосын иргэн холбогдоод ирэхийн цагт тус улсаас энэ хэргийг бушуухан хааж, цогцсыг өөрийн талд авч, намжаах хүсэлтэй байгаа бололтой.
Харин Малайзын тал энэ хэргийг өөрийн хуулийн дагуу шийднэ, Ким Чен намын гэр бүлийн хүний ДНК-тай хохирогчийнх таарч буй эсэхийг баталсны дараа мөрдлөг дууссан гэж үзнэ хэмээн Цагдаагийн газрын дарга нь мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан