Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэ жил ирлээ, ямар шампанск авах вэ

Хамгийн их сэтгэл хөдөлдөг баяр шинэ жил хаяанд ирлээ. Баяр бүхэн өөрийн онцлогтой байдагчлан шинэ жилийг оргилуун дарс шампанскгүйгээр төсөөлөх аргагүй. Шампанск гэдэг энэ оргилуун сайхан дарс францын Шампань мужаас гаралтай болохоор  ингэж нэршсэн гэдэг.
Энэ бүр дундад зуунаас үүдэлтэй юм байна. Францын хаад ямар нэг баяр ёслолын ажиллагаандаа дарс хэрэглэдэг байж. Тэгээд ч Европын бусад хаад, шашны тэргүүнүүдэд ийм дарс илгээх болсноор Европын орнууд XYII зуунаас оргилуун дарс хэрэглэх болжээ.
Гэхдээ оргилуун дарсыг анх арилжааны зорилгоор 1535 онд Лиму, Лангедок мужуудад үйлдвэрлэсэн гэдэг. Анх янз янзын л шилэнд савладаг байснаа 1800 онд Шалон мужийн эмийн санч Франсуа өнөөгийн ийм өнгөгүй, бүдүүвтэр шилийг санаачилжээ. XIX зууны эхээр мастер Антуан Миллер гэгч шинэ технологи бий болгож оргилуун дарсыг болорын өнгөтэй тунгалаг болгосон байна. Харин 1874 онд дарс үйлдвэрлэгч Виктор Ламбер бас нэг шинэчлэл хийсэн нь алимны хүчил оруулж оргилуун дарс маань хуурай дарс болон, дэлхий дахинаа алдаршжээ. 1700 оны орчим  энэ дарсыг жинхэнэ оргилдог болгож эхэлсэн гэдэг.
Ингээд олон оронд баярын ийм оргилуун дарс үйлдвэрлэдэг болсон ч 1891 оны Мадридын хэлэлцээрээр “шампанск” гэдэг нэрийг хуулиар хамгаалсан байна. Гэхдээ дэлхийн нэгдүгээр дайны дараа Версалийн гэрээгээр баталгаажуулжээ. Хэдийгээр олон орон яг л Шампань муж шиг дарс үйлдвэрлэлийнхээ муж, бүсийг хамгаалсан хууль гаргасан боловч АНУ тэргүүтэй хэсэг орон ийм дарсаа “шампанск” гэж нэрлэхийг зөвшөөрсөн байна.
Өнөөдөр манай гариг дээр шампанск үйлдвэрлэгч том жижиг 19 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бий. Оргилуун дарсны үйлдвэрлэгчийн тухай мэдээллийг лонхон дээрх дараах кодоор мэдэж болно.
-    NM: Négociant manipulant. Энэ бол усан үзэм худалдан авч, дарс үйлдвэрлэгч компани
-    CM: Coopérative de manipulation. Усан үзмийн дарс үйлдвэрлэгч, хоршооллын нэг гишүүн байгууллага болохоор ургацаа дотроосоо нийлүүлдэг гэсэн үг.
-    RM: Récoltant manipulant. Өөрөө усан үзмээ тарьж түүгээрээ дарсаа үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж. Гаднаас усан үзмийнхээ таван хувиас илүүгүйг авахыг зөвшөөрдөг.
-    SR: Société de récoltants. Хоршоолол биш гэсэн усан үзмийн дарс үйлдвэрлэгч холбоо
-    RC: Récoltant coopérateur. Өөрөө дарс үйлдвэрлэн борлуулдаг, хоршооллын гишүүн аж ахуйн нэгж.
-    MA: Marque auxiliaire или Marque d’acheteur. Үйлдвэрлэгч болон усан үзэм тариалагчтай холбоогүй тэмдэг. Дарсны нэр, дэлгүүрийн тэмдэг.
-    ND: Négociant distributeur. Өөрийн нэрээр дарс худалдан борлуулагч.
Шампанскны чанарыг хэрхэн ялгах вэ
Шампанск үйлдвэрлэлийн дэлхийн брэнд болсон Bollinger-ийн Хатагтай Мадам Лили Болинже “Би шампанск уудаг, аз жаргалтай үедээ аягаар нь уудаг. Ганцаардсан үедээ хааяа уудаг. Найз нөхөдтэйгээ бол мэдээж. Бусад цагт бол бараг үгүй дээ” гэсэн нь байдаг.
Хамгийн алдартай шампанск бол Veuve Clicquot-Ponsardin, Laurent-Perrier, Lanson, Moet&Chandon, H.Mumm&Cie, Piper-Heidsieck, Pol Roger, Pommery, Ruinart, Charles Lafitte зэрэг үйлдвэрийнх байдаг.
Оргилуун дарс бас чихэрлэгээрээ ялгардаг.  Ухаандаа Ultra-brut (Ультра-брют) – ын дарс нэг литрт 6 грамм чихэртэй байдаг бол Brut (Брют)-ынх 12-20 грамм, Sec (хуурай ) нь  17-35 грамм, Demi-sec-ийнх 33-55, Doux нь 50 граммаас дээш чихэрлэгтэй байх жишээтэй.

Шампанскийг хэрхэн хадгалж яаж уух вэ

Та баярын ширээний шампанскаа худалдаж аваад хөргөгчинд хийх гэж бүү яар. Хүйтэн болохоороо ууж байгаа хүнд амт нь бага мэдрэгдэнэ. Хадгалах хамгийн тохиромжтой газар бол зоорь. Гэхдээ мэдээж айл бүрт зоорь байхгүй болохоор зүгээр л харанхуй сэрүүхэн газар тавьчих. Яг задлахаасаа 30 минутын өмнө хүйтэн устай хувинд хийж 5-9 градус болтол хөргөөрэй.
Шампанскийн бас ямар бокал / хундага /-д  уухаас амт нь ямар байх нь бас шалтгаална. Өндөр шилбэтэй гонзгой хундаганд голдуу уудаг, тэгэхдээ дундаас нь жаахан дээгүүр, гэхдээ дүүргэхийг урьтал болгох хэрэггүй.
Бас шилбэтэй атлаа хавтгай бокалд бас хийдэг, гэхдээ оргилж амт шимт нь  гадагшаа “үсчээд” гарxчихдаг тал бий.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
ХЭДИЙ ХЭР ХУГАЦААТАЙ ХАДГАЛДАГ ЮМ БЭ
Бодууштай юм байна даа.
Хамгийн их уншсан