Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЭМЖИЖ ХЭМЖИЖ ОГТОЛЧИХООД ОДОО НААЯ ГЭВ ҮҮ
Мөнгөгүй байхдаа мөнгөтэй болбол хэмээн төсөөлөөд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоо УИХ 2010 онд баталчихсан. Мэдээж багагүй маргаж мэтгэлцэж, үндэсний аюулгүй байдлаа нэгдүгээрт тавьж байж, өргөн царигаар төмөр замаа тавихаар УИХ баталж, ажил болгох үүргийг Засгийн газарт ногдуулсан.
Тавантолгой-Цагаан­сувар­га-Зүүнбаянгийн чиглэлд 400 км, Сайншанд-Баруун-Урт чиглэлд 350 км, Баруун-Урт-Хөөт чиглэлд 290 км, Хөөт-Чойбалсан чиглэлд 150 км нийт 1170 км төмөр замыг эхний ээлжинд барихаар төлөвлөж, усны хайгуулын болон далангийн ажлууд эхэлсэн. Зам ашиглалтад орвол уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын 90 хувь нь урагшаа гарахаа болино гэдэг манай эдийн засгийн хувьд урд хөршөөс хараат бус байх хамгийн том боломж. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээр Ази, Европ руу экспортлох боломж бүрдэнэ гэж үзсэн. Төмөр замчид маань ч энэ хэмжээний замыг хоёр жилийн дотор тавьчихна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Төмөр замын их бүтээн байгуулалтыг угтаад Таван толгойн нүүрсний, Цагаан суваргын зэс, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг нүүрс, зэс, вольфрам, цайр, жонш олборлох ордуудын экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тоннд хүрнэ гэсэн тооцоо ч хийгээд амжсан. Сүүлийн 20 жилд дуулдаагүй их бүтээн байгуулалтын ажил учраас монголчууд төдийгүй гадаадын улс орнууд ч энэ ажлыг эхлэлийг чих тавин суугаа. УИХ болон Засгийн газраас ч хамгийн түрүүнд төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө зарах бодлого баримтлан ажиллаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хэрэв төрд хуримтлал байгаа хөрөнгө мөнгөний боломжтой бол дэд бүтцээ бүрнээр нь төр өөрөө даах ёстой. Төр объектод хөрөнгө оруулснаас дэд бүтцийг бий болгоход байгаа хөрөнгөө оруулбал хаа хаанаа илүү үр ашигтай” гэж байсан. Үнэхээр түүний хэлснээр энэ бол дэлхий нийтэд мөрдөж байгаа зарчим.
Өнөөдөр тэгвэл Монголын төр зээлээр ч гэсэн мөнгө­тэй боллоо. 1,5 тэрбум ам.дол­ларын хөрөнгө гэдэг бидний хувьд төсвийн  дөрөвний нэг хувь. Тиймээс энэ мөнгийг үр ашигтай зарцуулахыг хаа хаанаа анхааруулж байгаа. Өнөөдөр хамгийн түрүүнд биелэх боломжтой бүх л тооцоо судалгаа нь хийгдсэн төсөл бол төмөр замын бүтээн байгуулалт. Замчид маань ирэх жилүүдэд их бүтээн байгуулалт өрнөх нь хэмээн чадлаараа бэлтгэж байлаа. Гэтэл зарим газраа ажил нь эхлээд байсан төсөл гэнэт ахиад л өргөн нарийн царигийн асуудлаар зог­соход хүрэв. 2010 онд Тө­рөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг батлахад өргөн царигийг сонгох болсон шалтгаанаа ту­­­­хайн үеийн Зам тээвэр ба­рилга хот байгуулалтын сайд хангалттай тайлбарласан. Зөвхөн зам тээврийн яамныхан тайлбарлаад зогсохгүй төмөр замчид ч маш ойлгомжтойгоор тайлбарлаж байсныг санаж байна.
Нэг улс төмөр замын нэг л стандарттай байх нь эдийн засгийн болоод үндэсний аюул­­гүй байдал талаасаа хамгийн зөв сонголт гэдгийг ту­­хайн үед олон улсын хурлын үеэр гадаадын  болоод дотоодын мэргэжилтнүүд он­­цолж байсан. Хэрвээ төмөр замаа барьчихвал 2015 он гэхэд Японд 68 сая тонн нүүрс, 1.3 сая тонн зэс, Өмнөд Солонгост 23 сая тонн нүүрс, 0.6 сая тонн зэс, урд хөршид 30 сая тонн нүүрс, 3.8 сая тонн зэс гаргах юм байна. Өөрөөр хэлбэл  өөрөө нөөц баялаг ихтэй уул уурхайн бүтээгдэхүүнээр дэлхийд  эхний гуравт ордог Хятадын  зах зээлээс хараат байхаа болино.
 Наад зах нь өргөн царигаар барих тохиолдолд монголчууд өөрсдөө төмөр замаа тавина. Одоо байгаа техник тоног тө­хөөрөмжөө ашиглана, дотоод­­­­­доо бүтээгдэхүүнээ боловсруулна, Монголынхоо зорчигч тээврийнхээ сүлжээнд холбогдоно гээд л ...
 Харин нарийн царигийн хувьд зөвхөн урд хөршдөө, нүүрсээ л тээвэрлэхэд зориулж тавих уу.  Төмөр замын талаар­хи бодлого нэгэнт УИХ-аар батлагдсан учраас одоо Засгийн газар нэн яаралтай хэрэгжүүлэх үүрэг ногдсон. Түүнээс биш секунд, минут, цаг, өдрөөс гүйж байгаа бондоо хэрхэн эргэлтэд оруулж, яаж үр ашигтай зүйл зарцуулах вэ гэж маргаж суудаг цаг нь одоо мөн гэж үү? Уг нь, жил шахуу маргаж, хэмжиж хэмжиж огтолсон ч эргүүлээд наагаад ахиад хэмжие гэхтэй л ижил байдалд ороод байгаа бололтой.

Н.Бат
0 Сэтгэгдэл
Battulgiin sie bn. Busad buh ulsuud hyatadru garch hudaldaa hiihiig huseed bahd bid nuurs ihtei orosoor damjuulna genu.Stupid
Хамгийн их уншсан