Нигери улсад үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” бүлэглэлийн зэвсэгт дээрэмчид тус улсын Йобе мужийн Мамудо хотын дотуур байртай сургууль руу дайрч аймшигт харгислал үйлджээ. Гэмт этгээдүүд сургууль болон сурагчдын дотуур байрыг шатаагаад гарч ирсэн хүүхэд болгоныг буудсан байна. Үүнээс болж 42 хүн амиа алдсанаас дийлэнх нь ямар ч гэм зэмгүй хүүхэд байсныг “Франс Пресс” агентлаг мэдээлэв. Сумны шархтай, түлэгдсэн хүүхэд үүнээс ч олон байгаа бөгөөд тэднийг эмнэлэгт хүргэн тусламж үзүүлж байна.
Америкийн бага сургуульд гэмт этгээд ямар ч гэмгүй хүүхдүүдийг буудахад дэлхий нийтээр яаж сэрдхийн хүлээж авч байсныг та санаж байна уу? Гэтэл Африкийн ядуу оронд үүний адил хэрэг гараад байхад дийлэнх орон юу ч болоогүй мэт тоосон шинжгүй байгаа нь эелдгээр хэлэхэд бухимдмаар. Ийм төрлийн аймшигт хэрэг гарах болгонд хэн, яах гэж, яагаад үйлдэх болов гэдгийг тодруулах шаардлагатай. Иймд сургууль руу дайрч, хүүхдүүдийг шатааж, буудаж байдаг “Боко Харам” гэгч энэ харгис бүлэглэлийн талаар тодруулах хэрэгтэй байх.
“Боко Харам” нь Нигерид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэл баримтлалтай бүлэглэл. Нигерийн нутагт лалын шашны шариатын хуулийг нэвтрүүлэх, өрнөдийн амьдралын хэв маягтай холбоотой юм болгоныг устгах, үгүй хийх зорилготой.
Албан ёсны нэр нь “Jama’atu Ahlis Sunna Lidda’awati wal-Jihad”. Хөрвүүлбэл “Зөнч мэргэний сургааль ба шашны ариун дайныг түгээгчдийн нийгэмлэг”.
“Боко Харам” нь Өрнөдийн орнуудас орж ирсэн боловсрол, соёл, шинжлэх ухааны юм болгоныг үгүйсгэн эсэргүүцдэг. Тиймээс сонгуульд оролцон санал өгөх, өмд цамц өмсөх, шашинтай холбоогүй боловсрол эзэмших, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт өрнөдийн үнэт зүйлстэй холбоотой олон нийтийн болон улс төрийн бүх л зүйлсийг хориглох ёстой гэцгээн хэнээрхэлд автан улайрцгаадаг.
“Боко Харам”-ын байр сууринаас авч үзвэл Нигерийн одоогийн Засгийн газар нь өрнөдийн үзэл бодлыг дагаад “бузартсан”, устгах ёстой тэрс үзэлтнүүдээс бүрддэг болохоор заавал түлхэн унагах ёстой юм байх. Түлхэн унагасны дараагаар Нигерийг шариатын хуулийн дагуу удирдах ёстой гэнэ. Энэ явцуу хэнээрхэл зөвхөн улс төрийн тогтолцоо төдий хүний амьдралын бүх л зүйлд хутгалдаад ирэхээр тун ч хачин дүр зураг үүснэ.
Хэт явцуу үзэл хэнээрхэл ямар гээчийн тэнэглэлд хүргэдгийг 2009 онд бүлэглэлийг удирдаж байсан Мухаммед Юсуфийн “BBC” агентлагт өгсөн ярилцлага харуулж байгаа юм. Тэрээр байгалийн хувьслын онол, дэлхийн бөөрөнхий хэлбэр, байгаль дахь усны эргэлт, дэлхийн татах хүч гэх мэт өрнөдийн боловсролоор олгодог мэдлэг нь лалын шашинтай зөрчилддөг болохоор тэрсүүд, буруу гэж мэдэгдэж байсан аж. Мань хүнийхээр бол дэлхий нь дөрвөн заан дээр тогтдог хавтгай хэлбэртэй, нар дэлхийг тойрч эргэдэг, үүл нь ууршсан ус биш өөр ямар нэг зүйл. Үүнтэй нь зөрчилдсөн болгоныг устган үгүй хийж байх ёстой.
Тийм ч болоод энэ бүлэглэлийнхэн байгуулагдсан цагаасаа эхлэн өрнөдийн загвараар боловсрол олгодог сургуулиуд руу дайрч харгислал үйлддэг. “Бузар”, “тэрсүүдийн” мэдлэг, боловсрол авсан хүн болгоныг нас, хүйс хамаарахгүй устгадаг аж.
Зөвхөн 2010 оноос хойш гэхэд л хэдэн арван сургууль руу дайрч шатаан устгаж, 1,6 мянган хүнийг хэрцгийгээр хөнөөсөн байх юм.
Гэхдээ нэг сонин зүйл ажиглагддаг. Юу вэ гэхээр шашны хэнээтнүүд барууны гэсэн юм болгоныг үгүйсгэдэг атлаа барууны шинжлэх ухаан, техник хөгжсөний хүчинд гарч ирсэн сүүлийн үеийн автомат буу, сум хэрэгсэл, гар утас, машин техникийг хэрэглэхээс цээрлэдэггүй. Үнэхээр л үзэл бодолдоо тэгтэл улайран итгэдэг юм бол морь, тэмээ унаж нум сум, жад, сэлмээр зэвсэглээд л тэрс үзэлтнүүдтэйгээ байлдмаар юм. Гэтэл үгүй шүү. Алах устгах болохоор барууны шинжлэх ухааны ололт амжилт хэрэг болоод, улс орноо хөгжүүлэх, эгэл иргэдийн амьжиргааг дээшлүүлэх болохоор хэрэггүй.
Эндээс ганц л гаргалгаа гарч байна. “Боко Харам” нь шашны хэнээтнүүдийг хөөргөж байгаад Засгийн эрхийг гартаа авах, дараа нь ард олныг харанхуй бүдүүлэг, мэдлэг боловсролгүй байлган өөртөө сохроор итгэдэг, дагадаг болгох замаар Засгийн эрхээ хадгалах гэсэн ганц л зорилготой.
Хэт явцуу үзэл, хэнээрхэл гэдэг ямагт л иймэрхүү хоёр нүүртэй жигшил, зэвүүцэл хүргэм зүйл байдаг.
Дээр дурдагдсан эмгэнэлтэй явдлын дараагаар Йобе мужид байдаг бүх сургуулийг ирэх есдүгээр сард хичээлийн шинэ жил эхлэх хүртэл хаах зарилгыг мужийн захирагч гаргалаа.
Хичээлийн шинэ жил эхлэх хүртэлх хугацаанд мужийн сургуулиудын аюулгүй байдлын төвшинг нэмэгдүүлэх арга хэмжээ боловсруулан гаргах ёстой аж. Үүнээс гадна бүс нутагт үүрэн телефон холбооны дохиог саармагжуулахаа зогсоохыг төв Засгийн газарт санал болгосон байна. Зэвсэгт бүлэглэлийн дээрэмчдийг хооронд нь холбоо барихад саад болох гэсэн шалтгаанаар Нигерийн төв Засгийн газар нь тухайн бүс нутагт гар утасны дохио дарах арга хэмжээ авдаг. Хэрэв үүнийг болиулбал “Боко Харам”-ын зэвсэглэсэн гэмт этгээд, сэжигтэй хүмүүс ажиглагдсан тохиолдолд нутгийн иргэд хууль хяналтын байгууллагууд цаг тухайд нь мэдэгдэх боломжтой болно гэдгийг мужийн захирагч онцлов.
Харамсалтай нь хэнээрхсэн, явцуу юм болгоныг лалын шашинтай зүйрлэх эсрэг хандлага ажиглагддаг боллоо. Лалын шашин буюу ислам нь өөрөө харгис биш харин исламын нэрээр хүний ухаан санаанд багтамгүй тэнэглэл, харгислал хийж яваа хүмүүс л муйхар, харгис юм.
Учир нь орчин үеийн Европын шинжлэх ухаан, соёл гэнэт ийм болчихоогүй гэдгийг санах хэрэгтэй. Абу Али ибн Сина, Улугбек, Хорезми, Омар Хайям, аль Бируни, Ибн Хейсам, аль Фараби гэх мэт лалын шашны олон суут эрдэмтдийн бүтээл дээр тулгуурлаж, тэднийг үлгэр жишээ болгон судалгаа шинжилгээ явуулж байсны хүчинд шинжлэх ухааны асар олон салбарыг өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсан гэдгийг мартах хэрэггүй. Харамсалтай ингэж их эрчимтэй хөгжиж явсан шинжлэх ухааны ололт амжилтыг өнөөдөр мартахад хүргэсэн зүйл нь шашны хэнээрхэл, хэт явцуу үзэл.
Эцэст нь нэг зүйл сонирхуулахад та шөлтэй хоолыг нэгдүгээр хоол гээд эхлээд, хуурсан шарсан хоолыг хоёрдугаар хоол гээд дараа нь өгдөг, сүүлд нь десерт гээд амттан өгдгийг мэддэг л байх. Үүнийг Европчууд нь эртний Испанийг захирч байсан лалын шашинтнуудаас суралцаад бидэнд заасан байдаг юм шүү.