Билгийн

Доллар (USD)

2848.0

Улаанбаатар

Зүүдэнд ч оромгүй явдал

Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хассан Роухани эрх зүйн асуудал хариуцсан дэд Ерөнхийлөгчөөрөө эмэг­тэй хүн томилов.
Эмэгтэйчүүдийн эрх гэг­чийг олон улсын төв­шинд мэддэг, өдөр тут­мын амьдралд огт авч хэлэлцдэггүй улсын хувьд  энэ үнэхээр зүү­дэнд ч оромгүй явдал боллоо. Ингэж дэлхийн нийтийг гайхуулсан эмэгтэй нь Ираны парламентын гишүүн асан Эльхам Аминзаде. Тэрээр урьд нь парламентын Үндэс­ний аюулгүй байдал ба гадаад бодлогын хорооны гишүүн байсан бөгөөд дэд Ерөнхийлөгчөөр томилогдох хүртэл Тегераны их сургуулийн эрх зүйн тэнхимийн про­фессорын алба хашиж байсан нэгэн.

Зарим нь “За яах вэ нэг хүүхэн их сургуулийн багш байж байгаад илүү дээд албан тушаалд томилогдоо л биз” гэж байж магадгүй. Гэтэл лалын шашинт ертөнцөд эмэгтэй хүн дэд Ерөнхийлөгч болох нь бүү хэл дээд боловсрол эзэмшинэ гэдэг ямар хэцүү зүйл байдгийг төсөөлдөг хүн цөөн.

Үүнийг ойлгохын тулд эхлээд лалын шашинтнуудын ариун судар Кораны хуудсыг сөхөх хэрэгтэй. Тэнд “Аллах тэнгэр тэдэнд бусдын өмнө давуу эрх өгсөн ба өөрийн өмч хөрөнгийг зарцуулж байдаг болохоор эр хүн эмэгтэйчүүдийн асран халамжлагч юм. Журамт эмэгтэй нь номхон байх ёстой бөгөөд нөхрийн эзгүйд Аллах тэнгэрийн ачлал буянаар хадгалах ёстой зүйлээ хадгалцгаана. Харин номхон бус байж магадгүй гэж эмээсэн эмэгтэйчүүдийг эхнэрийн байранд залахыг цээрлэхийн зэрэгцээ жанчиж байгтун. Хэрэв тэд танд номхорвол эсрэг зүйл бүү хийгтүн.... /4:34/” гэсэн байх юм. 

Мэдээж суут мэргэн зөнч Мухаммед эх нэртэй эмэгтэйчүүдийг эрэгтэй хүний үгэнд ороогүйн төлөө ухаан мэдрэлгүй болтол нь нүд гэж хэлээгүй нь ойлгомжтой. Гэвч лалын шашинт эрчүүдийн дийлэнх нь энэ хэсгийг яг үгчлэн ойлгож эмэгтэй хүнийг үг сөрсөн төдийд зодон хашрааж байх ёстой гэж ойлгодог гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Тиймдээ ч өнөөдөр лалын ертөнцөд эрэгтэй хүн дөрвөн эхнэр авч болдог бол нөхөрт гарсан эмэгтэй хүн нүднээс бусад биеийн аль нэг хэсгийг нөхрөөс бусад хөндлөнгийн хүнд харуулах эрхгүй, паранжа нэртэй нэгэн төрлийн гивлүүр өмсч нүүр, биеэ халхалж явдаг. Лалын шашны үндсэн зургаан сургуулийн төлөөлөгчид нь охидыг биений юм ирж, жирэмслэх чадвартай болсон насанд нь нөхөрт гаргаж болно гэсэн тохиролцоонд хүрсэн байна. Урьд нь нөхөрт гарч байгаагүй эмэгтэйг эрд очих талаар асуухад дуугүй байхыг зөвшөөрсний тэмдэг гэж хүлээж авна. Эмэгтэй хүн нөхөр нь гэр бүлээ тэжээх чадваргүй болсон, эр хүний үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэх мэт онц шалтгаангүйгээр гэр бүл цуцлахыг нөхрөөсөө шаардах эрхгүй зэрэг яаж ч тайлбарлаж болох заалт лалын шашинд олон байх юм.

Энэ мэт заалтыг олон зууны туршид урвуулан тайлбарлаж, хэт явцуурснаас болж эмэгтэй хүнд эрх гээч зүйл огт байдаггүй гэсэн үзэл бодол лалын шашинт ертөнцийн бүхий л давхаргыг баян ядуу, албан тушаал үл харгалзан нэвт сүлбэсэн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Тиймээс ч лалын шашинт зарим оронд төрүүлсэн эх л биш бол эмэгтэй хүнийг нэгэн төрлийн “гэрийн тавилга”, хэрэггүй болсон гэж үзвэл гаргаад хаяж болдог, шинээр хэрэгтэй гэвэл авч болдог мэт үздэг хүн цөөнгүй.

Дээр дурдагдсан номхон бус байж магадгүй гэдэг ойлголтод эмэгтэй хүн бичиг үсэг сурахаас эхлээд дээд боловсрол эзэмших, эрдмийн цол зэрэг хамгаалах хүртэл юу ч орж болно. Осолтгүй л дэлхийн нийтийн хандлага болохоор хүүхдүүдийг хүйсээр ялгалгүй дунд боловсрол олгодог шиг байгаа юм. Харин дээд боловсрол олгох тал дээр нөгөө л “номхон бус байх” гэгч асуудал үүснэ. Нөхрөөсөө илүү мэддэг, чаддаг эмэгтэй хүн номхон байж чадах уу? Яг ийм асуудлыг өнөөдөр сая сая лалын шашинт эрчүүд өөрсдөөсөө асууж суугаа.

Ийм нөхцөлд шаш­ны номлол хүний алхам бүрийг зохи­цуулан удир­даж байдаг Иран улсын дэд ерөнхий­лөг­чөөр, тэр ту­сам эрх зүйг ха­риуцсан дэд Ерөн­хий­лөгчөөр эмэг­тэй хү­нийг томилно гэдэг үнэхээр зүүдэнд ч оромгүй явдал юм. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хассан Роухани Ираны нийгэмд бодит өөрчлөлт, шинэчлэл хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дэлхий дахинаа харуулахын тулд Эльхам Аминзаде профессорыг ийнхүү эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилж байгаа бололтой. Үүнд нэг зүйлийг заавал анхаарах хэрэгтэй. Юу вэ гэвэл дулаан хангамж эсвэл зам харилцаа гэх мэт улс төрийн бус техникийн мэдлэг шаарддаг яамны тэргүүн бус харин дотоодын улс төрийн амьдралд нэн чухал ач холбогдолтой эрх зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч гэсэн албан тушаалд эмэгтэй хүн томилсон явдал юм.

Эмэгтэй хүнийг олон зуун дамжсан өрөөсгөл уламжлалын дагуу үл тоомсорлож ирсэн улсад ийнхүү дотооддоо чухал ач холбогдолтой албан тушаалд томилно гэдэг Иранд ихээхэн өөрчлөлт гарч магадгүйн анхны дохио байж болох юм.
Ингэхэд орчин үед лалын шашинт улс гүрэнд эмэгтэй хүн төрийн эрх барьж байсан тохиолдлыг та мэдэх үү? Пакистаны Ерөнхий сайд агсан Беназир Бхутто гэдэг эмэгтэй л байна. Нөлөө бүхий гэр бүлд төрсөн болохоор барууны хамгийн шилдэг гэгддэг их сургуульд боловсрол мэдлэг эзэмшсэн, гэр бүлийн холбоо сүлбээг ашиглан нарийн явуулга хийсний хүчинд Ерөнхий сайд болж байсан гэгддэг эмэгтэй.

Ер нь, эмэгтэй хүн төрийн эрх барьж байсан тохиолдол бидний мэдэх дэлхийн түүхэнд тун цөөн. Цөөн ч гэлээ тухай бүрт авч хэрэгжүүлсэн эрс шийдэмгий алхам, ямар ч гуйвалтгүй хатуу бодлого гэх мэт зүйлсээрээ эрэгтэй төрийн тэргүүнүүдээс эрс ялгардаг гэж болно. Наад захын жишээ Мандухай сэцэн хатан байна. Оросын эзэнт улсын хатан хаан II Екатерина, Их Британийн эзэнт улсын хатан хаан Виктория.

Орчин үеийн түүхэнд хамгийн их нэрд гарсан эмэгтэй улстөрч Их Британийн Ерөнхий сайд асан “Төмөр хатагтай” Маргарет Тетчер гэхээр бүгд мэдэж байгаа байх. Одоо албан үүргээ гүйцэтгэж байгаа Германы канц­лер Ангела Мер­кель, Аргентинийн Ерөн­хийлөгч Кришнер, Брази­лийн Ерөнхийлөгч Дилма Русеф, Тайландын Ерөнхий сайд Йинглак Чиннават, Швейцарийн Ерөнхийлөгч Эвелине Видмер-Шлумпф, Өмнөд Солонгосын Ерөн­хий­лөгч Пак Гён Хи гээд өнөөдөр улс орныхоо төдийгүй дэлхийн хэмжээнд нөлөөтэй улстөрч эмэгтэйчүүд байна. Ираны дэд Ерөнхийлөгчөөр томилогдсон Эльхам Аминзаде өнөө маргаашгүй энд нэр гарсан лут эмэгтэй улстөрчидтэй адил нөлөө бүхий болох магадлал багатай ч Лалын Бүгд Найрамдах Иран улсад явагдах өөрчлөлтийн анхны шувуухай гэдэг нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан