Японы Засгийн газар осол гарсан “Фукушима-1” цөмийн цахилгаан станцаас цацраг идэвхит ус алдагдахыг зогсоохын тулд төсвөөсөө 470 сая ам.долларын санхүүжилт гаргахаар болсон тухай “Киодо” агентлаг мэдээлж байна. Энэ хөрөнгийн дийлэнхийг цацраг идэвхээр хордсон усыг алдагдахаас сэргийлж хөрсийг босоо тэнхлэгт хөлдөөхөд зарцуулах аж. Ингэж хөлдсөн ус цацраг идэвх бүхий усыг далайд алдагдахаас сэргийлэх хамгийн найдвартай арга гэнэ. Үүний зэрэгцээ энэ асуудлыг шийдэхэд оролцох ёстой бүх яамдын сайд нар оролцсон комисс байгуулах шийдвэр гаргасан байна. Газар хөдлөлтийг дагасан цунамийн улмаас осол гарсан “Фукушима-1” станцаас цацраг идэвхээр хордсон ус алдагдсан тухай мэдээлэл удаа дараалан алдагдаж байсан. Гэхдээ тухай бүрт усны алдагдлыг зогсоох яаралтай арга хэмжээ авч асуудлыг шийдлээ гэхээс өөр мэдээлэл гардаггүй байсныг уншигч та санаж байгаа байх. Японы Засгийн газар цацраг идэвх бүхий усыг аюулгүй болгоход хэдий хэмжээний мөнгө гаргахаар болсон, яг ямар арга хэмжээ авч байгаа талаар үг ч байдаггүй байсан гэж болно. Харин энэ удаад ийм дэлгэрэнгүй мэдэгдэл хийх үнэхээр том шалтгаан байсан байна.Шалтгаан нь өнгөц харахад тун энгийн гэмээр. Токио хот 2020 оны зуны Олимпын тоглолтыг явуулахын төлөө Стамбул, Мадрид хотуудтай өрсөлдөж байгаа явдал юм. Уул шугамандаа бодитоор өрсөлдвөл Стамбул, Мадрид хоёр Токиотой яагаад ч өрсөлдөж чадахгүй. Туркийн түүхэн нийслэл Стамбул үүний жишээ. Туркийн эдийн засаг тогтмол бөгөөд тууштай өсч байгаа, бүс нутагтаа хамгийн нөлөө бүхий орны нэг гээд давуу тал олон.
Гэтэл Турк нь байнгын дайн тулаан, алан хядах ажиллагаа болж байдаг бүс нутагт байрладаг. Наад зах нь Сирийн эсрэг ажиллагаад цэрэг зэвсгийн хүч хэрэглэн олон зуу, мянган хүний аминд хүрсэн гэдэг тодотгол сайнаар нөлөөлөх нь юу л бол. 2020 он хүртэл Сирийн хямрал шийдэгдэх байх гэж бодож болох ч Иракийн дайн бодит байдал дээр хэдхэн долоо хоногийн дотор дууссан ч үр дагавараас нь болсон ээдрээ, түүнийг дагасан алан хядах ажиллагаа 20 жил үргэлжилж, түүнийг зогсооход оролцох дуртай улс, олон улсын байгууллага гэж байхгүй болж таарах байх. Гэтэл Сирид өнөөө маргаашгүй Америк тэргүүтэй өрнөдийн орнуудын явуулах гээд байгаа цэргийн ажиллагааны дараа Турктай хил залгаа орших Сирид байдал тайван амгалан болж, Олимп үзэхээр ирсэн хэдэн зуун мянган үзэгчид ямар ч аюулгүй болно гэсэн баталгаа байхгүй. Ялагдсандаа уур нь хүрсэн сирийн амиа золиослогч ирээд дэлбэлэхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн Стамбул хотоос эхэлсэн эсэргүүцлийн жагсаалыг ямаршуу байдлаар тарааж байсан нь ч хотыг зуны Олимпын төвөөр сонгоход эергээр нөлөөлөх нь юу л бол.
Мадридын хувьд Испанийн нийслэл яах аргагүй мөн. Испани нь 1992 онд Барселона хотноо зуны тоглолт хүлээж авсан туршлагатай улс. Гэхдээ Испани нь 2008 оноос хойш эдийн засгийн гүн хямралд ороод байгаа улс гэдэг онцлогтой. Төсвийн ажилчдын цалин мөнгө, оюутан сурагчдын тэтгэлгээс эхлээд тэтгэврийн хөгшид, эхчүүдийн тэтгэлгэ хүртэл бүгдийг хасч танасан улс хэдэн зуун мянган хүн үзэж сонирхох дэлхийн хэмжээний тоглолтыг зохион байгуулж чадна гэдэгт итгэх бэрх. Иймдээ ч Европын холбоо, Дэлхийн банк гэх мэт том бүтцүүд Испанид маш өндөр босго тогтоож, үйлийг нь үзэж байж зээл өгч байгаа. Тиймээс хэрэв Испани урд нь өөрийн нутаг дээрээ Олимпын тоглолт явуулж байсан туршлагатай гэдгээрээ дулдуйдан эрхийг авч чадвал эдийн засаг, санхүүгийн боломж сайжруулах, ажилгүйдэл гэх мэт асуудлыг шийдэх сайхан боломжтой болно.
Олимпын тоглолтыг хэдэн зуун мянган хүн үздэг болохоор ийм тоглолтыг ивээн тэтгэх тив дамнасан том компаниуд захаас эхлээд гараад ирнэ. Төсвийн алдагдал, өрөөс болж сөхөрчих гээд байгаад улсын хувьд энэ хөрөнгө оруулалт шиг сайхан зүйл үгүй.
Харин Токиогийн хувьд энэ хоёр улстай зүйрлэшгүй гэж болно. Дэд бүтэц, эдийн засаг ба санхүүгийн байдал гээд бүх зүйлээрээ төө илүү гэж болно. Зүүдэнд ч оромгүй зүйл болж гэнэт манай урд хөрштэй л байлдчихгүй бол ямар ч асуудалгүй гэдэг дээр мэргэжилтнүүд санал нэгджээ. Ганц л “но” байна. Тэр нь осол гарсан “Фүкүшима-1”-ийг тойрсон асуудал.
2020 онд болох зуны Олимпын тоглолт явагдах хотыг тодруулах Олон улсын Олимпын хорооны хуралдаан энэ сарын 7-нд болох гээд байтал наймдугаар сарын дундуур 300 тонн цацраг идэвхит ус алдагдсан болохыг тогтоосон гэдгээ мэргэжилтнүүд мэдэгдэх нь тэр. Японыг технологийн хувьд дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг гэдгийг бүгд мэддэг ч цацраг идэвхийн хор гэдэг яаж ч аргалах боломжгүй асуудал болсон тул ийнхүү эрх баригчид нь олон зуун сая ам.долларыг аюулыг үгүй болгоход зарцуулахаар боллоо гэдгээр айдсыг бага ч болов дарахыг хичээсэн гэнэ.
Цацраг идэвх нь төвшнөөсөө хамаарад хэдхэн цагийн дотор хүний аминд хүрэхээс эхлээд хэдэн арван жилийн дараа хорт хадвар үүсгэх хүртэл асар хортой нөлөөтэй. Гэхдээ цацраг идвэхит туяа нь генийн гажуудал буюу мутац үүсгэдгийг хамгийн аймшигтай гэж үздэг. Энэ мутаци нь тухай үедээ мэдрэгдэхгүй харин яс, хүйс, боловсролоос үл ялгаад олон арван жилийн дараа үр хүүхэд нь төдийгүй ач, гуч, зээ, дөч гээд хэдэн арван жилээр удамд нь нөлөөлж, элдэв согог, эмгэг бүхий үе удам төрөх гол шалтгаан болдог гэдгийг шинжлэх ухаан нэгэнт баталсан.
Иймдээ ч хуучин Зөвлөлт холбоот улсад болсон Чернобылийн цөмийн цахилгаан станцын дэлбэрэлтийн дараагаар агаарын тогтмол урсгалын улмаас цацраг идэвхий бодист хамгийн ихээр хордсон гэж үздэг орнуудад зуны тоглолт огт явагдаагүй гэж болно. Бүгдээрээ эргэн санацгаая 1986 онд энэхүү цөмийн станц дээр дэлбэрэлт болсны дараах зуны тоглолт Сөүлд болсон. Дараагийнх нь Дорнод Европоос өөрөөр хэлбэл цацраг идэвхээр хордсон байж болзошгүй нутгаас ирдэг агаарын урсгалаас хол байрласан Испанийн Барселона хотод болсон. Дараагийнх Олимп нь тив алгасаад Америкийн Атлантад болов. Удаах нь бүр Австралийн Сиднейд болов дараа нь бага зэрэг наашлаад Бээжинд, түүний дараах нь бүр наашлаад Их Британийн Лондонд болсон нь үүний нэг жишээ.
Гэхдээ хэдхэн хоногийн дараа болох Олимпын хорооны хурал дээр гишүүд нь Японыг цацраг идэвхит усыг аюулгүй болгоход бараг 500 сая ам.доллар зарцуулахаар болсныг харж үзээд Токиог сонгохыг хэн ч үгүйсгэхгүй.
Ямартай цөмийн цахилгаан станцуудын үндсэн түлш болох уран, түүнийг тойрсон цацраг идэвхтэй холбоотой дэлхийг тойрсон ээдрээ зөвхөн Олимпын тоглолтоор хязгаарлагдахгүй цаашид улам л ээдрээтэй болох төлөвтэй.