Ийм нэгэн мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээр татав. Жижиг том гэлтгүй дэлхийн аль ч улсын ямар ч хотын мэр оршин суугчдынхаа анхаарлын төвд байдаг. Мэр ямар тушаал, захирамж гаргав, юу гэж хэлэв, эрүүл мэнд бие хаа нь ямар байна гээд сонирхох нь зүйн хэрэг. Гэхдээ сонирхож байгаа хүмүүсийн тойрог нь хотын иргэдээр хязгаарлагддаг. Харин энэ удаагийнх шиг Америкийн бөглүү нутагт байдаг Талкитна гэдэг жижиг хотын мэрийн эрүүл мэндийг ингэтэл сонирхож байсан удаа цөөн. Нэг талаас дайн байлдаан, улстөрчдийн худал мэдэгдэл, алан хядах ажиллагаа, осол сүйрлийн тухай мэдээллээс залхсан байж ч болох юм. Нөгөө талаас энэ мэрийг сонирхохгүй байхын аргагүй. Учир нь Талкитна хотын мэр нь Стаббс хочтой 15 настай муур юм.
Зүгээр ч үгүй хотын мэрийн сонгуульд удаа дараалан ялж, энэ хүндэт албан тушаалыг 15 жилийн турш тасралтгүй хашиж байгаа арвин туршлагатай “албан тушаалтан”. 1997 онд машины зогсоолын орчмоос муурын зулзагыг хотын дэлгүүрийн ажилтан олжээ. Зулзага сүүлгүй байсан болохоор түүнд “stubby” буюу “атигар, тайрдас” гэсэн утгатайгаар Стаббс гэсэн хоч өгчээ. Талкитна 800 гаруйхан хүнтэй болохоор хот гэхээсээ илүү жижиг суурин. Тиймээс жинхэнэ удирдлага нь өөр газар байрладаг. Ийм байдалтай эвлэрэхийг хүсээгүй хотын иргэд өөрсдөө хүндэт мэр сонгож байхаар шийдээд санал хураалт явуулж сонгосон дарга нь Стаббс болсон байна.
Хотын иргэд муурыг мэрээр сонгон түүнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацвал жуулчдыг татаж чадна гэж тооцсон гэдэг. Үнэхээр ч хүссэнээр нь болж муужгай мэрийг үзэж, илэх хүсэлтэй 40-50 хүн өдөр болгон Талкитна хотод ирдэг гэнэ. Жижигхэн хотын төсөвт ийм тооны жуулчид маш их орлого оруулдаг нь ойлгомжтой. Мэр гол төлөв эзэн эмэгтэйнхээ дэлгүүрийн лангуун дээр тухлан унтах хэлбэрээр ажил үүргээ гайхалтай сайн биелүүлдэг ч үе үе таагүй байдалд ордог аж. 2008 онд дүрсгүй жаалууд түүнийг хийн буугаар буудан шархдуулж байв. 2011 онд сониуч мэр тэнэж яваад тостой ганд унасан ч азаар тос нь хөрсөн байжээ. Харин энэ удаад түүнийг ажлын байр руугаа явж байтал нь нохой дайрснаар амь насанд нь ноцтой аюул учирсан байна. Мэрийг зэргэлдээ хотын мал эмнэлэгт яаралтай хүргэн мэс засал хийлгэсний ачаар цээжээ цөм хазуулан уушиг нь гэмтсэн муур аврагдсан аж. Мал эмнэлэг эмчилгээний төлбөр гэж хоёр мянган ам.долларын нэхэмжлэл гарсан болохоор хотын иргэд, жуулчид хандив өргөж эхэлсэн юм. Дашрамд сонирхуулахад муурны 15 нас гэдэг хүний 70 настай дүйцдэг.
Хотын даргаараа амьтан сонгосон энэ мэт тохиолдол цөөнгүй. Жишээлэхэд, Америкийн Сунол хотын мэрээр 1981-1994 онуудад Боско хочтой лабрадор үүлдрийн нохой “ажиллаж” байсан. Хотын иргэд анх наргиа болгож Боског мэрээр сонгосон аж. Гэтэл 1989 онд Хятадын “Ард түмний өдөр тутмын сонин” –д нийтлэл гарснаар дарга нохой Америк даяар алдартан болох нь тэр. Хятадын сонинд Америкийн хотын иргэд санал хураалтаар нохойг даргаараа сонгож байгаа нь ардчилсан сонгууль гэдэг ямар гээчийн утгагүй зүйл болохыг харуулах тод жишээ гэж бичсэн байж. Үүний дараагаар чөлөөт сонгуулийг дэмжигчид мэрийг Сан –Франциско хотод авчран Хятадын консулын газрын өмнө эсэргүүцлийн жагсаал хийж Боског ардчилал, эрх чөлөөний бэлгэ тэмдэг болгосон билээ. Эрхэм мэрийг 1994 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараагаар хотын иргэд түүнд хөшөө босгосон юм.
Техас мужийн Лахитас хотын мэрээр 1986 оноос хойш ухна сонгогдож байгаа. Одоогийн мэр нь III Генри Клей ухна. Генри нь хамгийн анх 1986 онд сонгогдсон I Генри Клейгийн ач гэнэ. Мэр Генри нь шар айрганд маш дуртай. Мэртай танилцахаар ирсэн жуулчид түүнийг дуртай ундаагаар нь үнэгүй дайлдаг болохоор цангана гэж үгүй. Генри зүгээр ч нэг мэр биш Лахитас хотод үйлдвэрлэдэг шар айрганы сахиус, таних тэмдэг болдог давхар ажилтай.
Кентукки мужийн Рэббит Хэш нэртэй жижиг тосгоны оршин суугчид 1998 онд Гуфи нэртэй нохойг мэрээрээ сонгосон юм. Тосгоны оршин суугчид сүмд нэг ам.долларын хандив өргөх хэлбэрээр мэрээ сонгодог аж. Ингэхдээ нэг ам.доллараар хэдэн ч удаа саналаа өгч болно. 1998 оны санал хураалтаар Гуфи нохой найман мянган ам.доллар цуглуулан хоёр хөлт өрсөлдөгчөөсөө хол илүү санал авч түрүүлсэн аж. Түүнээс хойш өнөөг хүртэл хотын мэрээр нохой тасралтгүй “ажиллаж” иржээ. Одоогийн мэр нь колли үүлдрийн Люси Ли хочтой хоньч нохой.
Америкийн жижиг хотууд жуулчдыг татаж оршин суугчдынхаа орлогыг нэмэгдүүлж, цаашлаад хотын төсвөө зузаатгах зорилгоор амьтдыг мэрээр сонгодог. Харин Америктай хөрш зэргэлдээ Мексикт иргэд нь улстөрчдийн хоосон амлалт, албан тушаалтнуудын хүнд суртал ба авлигын эсрэг тэмцлийн тэмдэг болгож амьтдыг сонгуульд нэр дэвшүүлдэг.
Жишээлэхэд, өнгөрсөн долдугаар сар Мексикийн Халапа хотын оршин суугчид Моррис муурыг мэрийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлсэн нь дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татсан юм.
Хотын мэрээс эхлээд бусад албан тушаалтнууд идэж ууж унтахаас өөр юу ч хийхгүй байна гэж жирийн иргэд бухимдаж. Ингээд Моррис муурыг сонгуульд нэр дэвшүүлэн “Facebook”, “Twitter” дээр хуудас нээгээд ”Хархнуудын төлөө саналаа өгсөөр залхаж байна уу? Тэгвэл муурны төлөө саналаа өг!” гэсэн уриатайгаар сурталчилгааны аян эхлүүлсэн байна. “Хархнууд” гэж хотын авлигад автагдсан албан тушаалтнуудыг хэлсэн хэрэг.
Сурталчилгааны үеэр Моррис муур “Facebook”, “Twitter” дэх хуудсандаа өөрийгөө “Би унтдаг, тоглодог, бие засдаг, дараа нь ахин унтдаг. Энэ бол хотын мэрд нэр дэвшигчдэд байх ёстой зан чанарын төгс хослол” гэж танилцуулжээ. “Нэр дэвшигч” олон нийтийн дэмжлэгийг хүчтэй авч эрх баригчдын хөтөлбөр, амлалт, нэр хүндийг нь ихээхэн унагаж байсан болохоор хотын удирдлага муурны төлөө санал өгсөн саналын хуудсыг тооцохгүй гэдгийг албан ёсоор зарласан байна.
“Нэр дэвшигч” нь олон мянган дэмжигчидтэй болж төрөлх хотдоо төдийгүй бусад газар ч алдартай болох нь тэр. Иймд Моррис парламентын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд Сакатекас, Пуэбла, Агуаскальентес, Коауила, Кинтана-Роо мужид сонгогчид саналын хуудсан дээрээ Моррис муурын нэрийг нэмж бичин түүнд санал өгч улстөрчдийг тун ч эвгүй байдалд оруулсан байдаг.
Энэ мэтээр Мексикийн цөөнгүй мужид улстөрчдийн худал амлалтаас залхсан иргэд нь сонгуульд амьтдыг нэр дэвшүүлж эсэргүүцлээ илэрхийлж байв. Жишээлэхэд, Сьюдад-Хуаред мужийн сонгуульд илжгийг нэр дэвшүүлсэн бол Тепик мужид эм тахиаг нэр дэвшүүлсэн аж.
Амьтдыг албан тушаалд нэр дэвшүүлэн сонгуульд өрсөлдүүлэх нь эдийн засаг ба улс төрийн асуудалд олон нийтийн анхаарлыг татах, шийдэхэд хоёр хөлт нэр дэвшигчээс дутдаггүй нь эндээс харагдаж байна.