Бангладешийн эрх баригчид нэгэн хачирхалтай шийдвэр гаргажээ. Тэд 15 сая шахам хүн амтай нийслэл хотоо дан ганц засаг захиргаагаар удирдаад явахад хэтэрхий нүсэр байна гэж үзсэн учир зүгээр л хоёр хуваачихъя гэж шийджээ. Өөрөөр хэлбэл Дака хотыг хоёр хэсэгт хувааж, хоёр засаг захиргаатай, хоёр даргатай болгох гэнэ. Дэлхийн хамгийн олон хүн амтай, бас хамгийн өндөр нягтаршилтай хотуудын нэгд зүй ёсоор тооцогдох, 400 жилийн түүхтэй Дака хотод менежмэнт хийхэд арай томдоод байгаа учир хоёр жижиг хот болгоод хуваачихвал асуудлыг нь шийдэхэд амар болно гэж тэд үзэж байна. Гэвч хамгийн нарийн төвөгтэй асуудлаа тэд хараахан шийдээгүй байна. Хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, цахилгаанаас эхлээд нийтэд хамааралтай асуудлуудыг аль хот нь хариуцаж, яаж үйлчилгээ үзүүлэх гээд маш нарийн төвөгтэй асуудлууд тэднийг хүлээж байгаа юм.
Хотын иргэдийн хувьд энэ дахин төлөвлөлтийг таатайгаар хүлээн авахгүй байна. Тэд одоогийн хотын менежмент угийн муу дээр шинээр засаг захиргаа үүсгээд явахаар бүх зүйлийн эмх замбараа алдагдаж, бүр учир зүйгээ олж чадахаа болино хэмээн эсэргүүцэж байгаа аж. Тиймдээ ч олон нийтийн дунд ихээхэн маргаан дагуулж байгаа энэ санаачилга хэдхэн сарын дараа болох сонгуулийн гол сэдэв байх төлөвтэй. Одоогийн эрх баригч нам хотыг хоёр хуваахыг дэмжиж байгаа бол сөрөг хүчний намууд эсэргүүцэж, хэрэв сонгуульд ялбал хотын нэгдмэл хэвээр нь үлдээнэ гэж байгаа юм. Хотын удирдлагад өөрийн хүнээ гаргах, нөгөө намын хүн гарахаас сэрэмжлэх гээд улс төрийн тоглолт ч хүчтэй явагдаж байгаа аж.
Ямартай ч, хүн амьдрахад хамгийн тааламжгүй хотуудын жагсаалтад Сирийн Дамаск, Нигерийн Лагос зэрэг үймээн самуунтай газартай зэрэгцэн бичигдэх болсон Дака хотыг хэрхэн орчин үеийн, дэд бүтэц хөгжсөн, хүний амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн хот болгох вэ гэдэг яриа Бангладешийн шийдвэр гаргах төвшинд яригдаж байгаа ч зөв шийдлээ хараахан олоогүй л байна.