Дэлхийн худалдааны байгууллагын гишүүд олон улсын арилжааг илүү чөлөөтэй болгох талаар Дохагаас хойш хийгдэж ирсэн хэлэлцээрийг дуусгах суурь болох ёстой Балийн багц бичиг баримтыг баталгаажууллаа. Энэхүү Балийн багцын дагуу хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр арилжаа хийхэд ногдуулдаг татварыг багасгах юм. Энэ байгууллагын гишүүд төдийгүй дэлхийн хэмжээнд ихээхэн нөлөө үзүүлэх энэ гэрээнд өнгөрсөн бямба гарагийн өглөө 159 орны төлөөлөгч гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Ийнхүү чухал баримтад гарын үсэг зурснаар 1995 онд байгуулагдсан цагаасаа хойш Дэлхийн худалдааны байгууллага анх удаа дэлхийн арилжааг бүхэлд нь шинэчлэн өөрчлөлт хийх болсон төдийгүй хууль зүйн хувьд үүрэг хүлээсэн баримтыг дагахаар болсон юм.
Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд өөрчлөлт хийж тус байгууллагын баян ба ядуу орнууд хоорондын арилжааны зөрчлийг арилгахад чиглэсэн анхны хэлэлцээр бүр 2001 онд Катарын Доха хотноо эхэлсэн юм. Гэвч түүнээс хойш 13 жилийн турш ДХБ-ын гишүүд хоорондоо тохиролцож чадаагүй бөгөөд 2008 онд хэлэлцээ мухардалд орсон гэдгийг албан ёсоор мэдэгдсэн.
Энэ жил ч мөн адил Балид болсон чуулга уулзалтын үеэр бодит тохиролцоонд хүрч чадна гэсэн итгэл тун бага байлаа. Энэ оны аравдугаар ард болсон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын тэргүүн нарын уулзалтын үеэр арванхоёрдугаар сард болох чуулга уулзалтаараа баян ба ядуу орнууд хоорондын зөрчилдөөнийг арилгаж чадаагүй тохиолдолд ДХБ-ыг татан буулгахаас өөр аргагүй гэх анхааруулга гаргасан. Тэгэхээр хэдхэн өдрийн өмнө болж өнгөрсөн чуулга уулзалт нь ДХБ-ыг улс хоорондын арилжааны маргааныг шийдвэрлэдэг байгууллага хэвээр байх уу, үгүй юү гэдгийг шийдсэн чухал үйл явдал байлаа.
Хэлэлцээний үеэр хамгийн том асуудал нь хөгжиж байгаа орнуудын хөдөө аж ахуй байв. Өмнө нь ДХБ-д мөрдөгдөж байсан дүрмийн дагуу хөгжингүй орнууд нь өөрийн хөдөө аж ахуйгаа төсвөөс өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрдөг байсан бол хөгжиж буй 17 орныг хөдөө аж ахуйдаа зөвхөн хамгийн бага хэмжээнд төсвөөс тэтгэхийг зөвшөөрдөг байлаа. Энэ байдлыг өөрчлөхийг хамгийн их эсэргүүцсэн улс нь АНУ. АНУ нь өмнөх дүрмийг өөрчлөх нь бүү хэл энэ талаар хэлэлцээр хийхээс ч эрс татгалзсаар ирсэн. Товчхон хэлэхэд Дохад болсон хэлэлцээр мухардалд орсны гол буруутан нь өөрийн хөдөө ахуйн үйлдвэрлэгчдийг төсвөөс тэтгэхээс татгалзах сонирхолгүй байсан АНУ, ба Европын холбооны орны байр суурь байлаа.
ДХБ-ын дүрмийн дагуу шийдвэрийг бүгд зөвшөөрсөн тохиолдолд л гаргадаг, улс болгон хорио тавих эрхтэй болохоор Балид болсон чуулга уулзалт бодит үр дүнд хүрнэ гэх найдвар маш бага байсан юм. Энэ хэлэлцээ ямар ээдрээтэй болж өнгөрснийг үйл явц нь харуулсан гэж болно.
Балийн чуулга уулзалт эхлэхээс өмнө өөрийн хөдөө аж ахуйг дэмжихээр төсвөөс өгдөг тэтгэлгээ хязгаарлахыг зөвшөөрөхгүй байсан Энэтхэг баримтад гарын үсэг зурахаас татгалзсан. Хэлэлцээрт оролцогч орнууд нь баасан гарагийн орой Энэтхэг болон ДХБ-ын гишүүн бусад орнуудын ашиг сонирхолд нийцсэн шилжилтийн үе бий болгох тохиролцоонд хүрэв. Гэтэл Куба, Боливи, Венесуэль, Никарагуа гэсэн дөрвөн улс Балийн багц баримтыг хүлээж авахаас татгалзсан байна. Ингээд энэ дөрвөн орныг ятгаж багц баримтад гарын үсэг зуруулахын тулд хэлэлцээ бямба гарагт үргэлжиллээ.
Куба нь АНУ-ын зүгээс тус улсын эсрэг авсан 50 гаруй жилийн түүхтэй эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлахыг шаардан хориг арга хэмжээ авч магадгүй болоод ирсэн. Харин Боливи, Венесуэль, Никарагуа нь Кубыг дэмжсэн бөгөөд Кубын усан онгоц хориг арга хэмжээнээс үүдэн Америкийн боомтуудад орж болохгүй байгааг өөрчлөхийн тулд багц баримтад арилжааны усан онгоцуудыг улсын харьяаллаар нь гадуурхахгүй байх заалт оруулахыг шаардсан юм. Удаан хугацаанд хэлэлцэн ярилцсаны дараа Кубын төлөөлөгчид гэрээний агуулгыг зөвшөөрсөн. Ингэснээр бямба гарагийн өглөө тус байгууллагын гишүүн 159 орны төлөөлөгч гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ багц баримт нь экспортын өрсөлдөөний деклараци, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаархи тохиролцоо гэсэн газар тариалантай холбоотой таван баримт ба байгууллагын гишүүн хамгийн ядуу орнуудыг дэмжих дөрвөн баримтыг баталжээ.
Энэхүү глобаль шинжтэй баримт ямар үр дагавартай байх вэ гэдэг хамгийн сонин.
Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудын арилжааны сайд нарын баталгаажуулсан энэ баримт нь арилжааны хууль дүрмийг хялбаршуулах, ядуу орнуудад худалдааны хөнгөлөлт үзүүлэх заалттай болж. Тухайлбал, ядуу орнуудын экспортод тогтоодог босгыг намсгасан. Өөрөөр хэлбэл, эдгээр орноос ирж байгаа экспортын барааг хил давахтай холбоотой бүрдүүлэх бичиг баримт, татвар суутгалыг эрс цөөлөх нь. Ингэснээр гадаад эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа орнууд нь хил дээр одоо төлж байгаагаас хоёр дахин багыг төлдөг болох аж. Одоо дэлхийн хэмжээнд дунджаар хил дээр төлдөг татвар нь бараа таваарын нийт үнийн 10 хувь байсан бол энэ багц баримт хүчин төгөлдөр болсноор таван хувь болж буурна. Гэрээ нь гаалийн байгууллагууд төдийгүй мал ажуй, ариун цэвэр, хилийн албадын үйл ажиллагаанд шинэ дүрэм тогтоож өгсөн. Улс орнууд эдгээр салбарт бүгд нэгдсэн стандартад шилжих аж. Гэхдээ ядуу орнуудад ингэж шилжихэд хөрөнгө мөнгө хүрэлцээгүй тул тэдэнд нэлээд урт шилжилтийн хугацаа гаргаж өгөхөөр болжээ.
Мөн хөгжиж буй орнуудыг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлаа хангахын тулд хөдөө аж ахуйд төсвөөс илүү их тэтгэлэг өгөх боломжтой болгожээ. Энэ мэт олон чухал зүйлс хэрэгжиж эхэлснээр дараа жил гэхэд дэлхийн арилжаа ахин нэг их наяд ам.доллараар нэмэгдэн, 20 сая шинэ ажлын байр бий болох тухай ДХБ-ын тэргүүн Роберто Асеведу мэдэгдэв.
Балид батлагдсан багц нь манай улсын эдийн засаг, гадаад худалдаанд ч нааштай нөлөө үзүүлэх боломжтой. Үүний тулд манай улс экспортлодог бараа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхэд голлон анхаарах шаардлагатай болж байгаа юм. Ингэлгүйгээр нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал гэсэн байгалийн баялгаараа экспортоо бүрдүүлсэн хэвээр байвал мэдээж хэрэг Балийн багц баримт манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжгүй юм. Хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулсан тухай дээр өгүүлсэн.
Иймд манай хөдөө аж ахуйн салбарт хамгийн ирээдүйтэй гэж тооцогдож байгаа мах, махан бүтээгдэхүүний салбарт онцгой анхаарал хандуулахад илүүдэхгүй байх. Үүнд монгол малын махыг олон улсын стандартад нийцүүлэх, цаашлаад Европ, Хятад, Америкийн зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг байр сууринаас сурталчлан нийлүүлэх нь багагүй ирээдүйтэй билээ.