Католик шашинтнуудын сүслэн биширдэг Ватикан тийм ч ариун гэгээн газар биш бололтой. Сүүлийн хэд хоног Италийн хэвлэлүүдээр гарч буй чих халууцуулам мэдээллүүд сүсэгтнүүдийн итгэхийг хүсэхгүй байгаа тэр үнэний зах зухаас илчилж байх шиг.
Ватикан хэмээн бяцхан вант улсын нууцад хамаарах бичиг баримт, Ромын пап лам XVI Бенедиктийн хувийн захидал зэрэг зүйлс Италийн хэвлэлүүдээр өдөр өнжихгүй шахам гарах боллоо. Энэ нь АНУ-ын нууцуудыг задалж орхисон “Викиликс”-ээс ялгаагүй шуугиантай явдал болоод байгаа учраас энэ үйл явцыг шар хэвлэлүүд “Ватиликс” хэмээн хочлоход хүрээд байгаа юм. Ватиканы эрхэм дээдэс, хамба хуврагууд санхүү мөнгөний хэрэгт холбогдсон тухай, тэр тухайгаа Ромын пап лам XVI Бенедиктэд захидал бичиж, нууцлахыг хүссэн тухай баримт сэлтийг хэвлэлүүд дэлгээд байгаа юм. Энэ нууц материалууд дэлгэгдсэний дараа Ватиканы ихэс дээдсүүд энэ бүхэн хэний гараар дамжин хэвлэлүүдэд хүрэв гэдгийг сандралдан хайсны эцэст гэм буруутнуудаа олсон бололтой. Эхнээсээ хорихыг нь хорьж, шийтгэхийг нь шийтгэж эхэлжээ. Хамгийн сонирхолтой нь, улсын нууц задалсан нөхөд нь пап ламын хамар дор байжээ. Тэдний нэг нь пап ламын шадар туслах Паоло Габриель, нөгөөх нь Ватиканы мөнгө санхүүг атгадаг Төв банкны дарга асан Этторе Готте Тедесчи байжээ.
Хоногийн 24 цаг шахам пап ламд үйлчилж, сүүдэр мэт дагалдаж явдаг хамгийн ойрын туслах Паоло Габриелийг нууц задалсан гэдэгт Ватиканы иргэд итгэж чадахгүй гайхаж байгаа ч түүний гэрээс хэргийн баримт болох нууц бичгүүд олдсон гэнэ. Пап ламын дөрвөн үйлчлэгчийг ахалж ажилладаг П.Габриель Ватиканд эхнэр, гурван хүүхдийнхээ хамт тусдаа байранд амьдардаг аж. Хэвлэлүүдээр гараад байсан нууц баримт бичгүүд түүний гэрээс олдсон учир П.Габриелийг өчиггүйгээр хориод байгаа гэнэ. Гэхдээ Ватиканд шорон байдаггүй учир цагдаагийн газар дотор байх тусгаарлах өрөөнд цагдан хорьж байгаа аж. Хэрэв түүний гэм буруутай нь нотлогдвол улсын нууц задруулсан хэмээх зүйл ангиар 30 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. Гэхдээ ялыг Италийн шоронд эдлүүлэх бололтой.
Нууц задруулсан хэрэгт орооцолдоод байгаа нөгөө нэг сэжигтэн нь Ватиканы төв банкны экс дарга Этторе Готте Тедесчи юм. Түүнийг ажлаа муу хийсэн гэдэг тайлбартайгаар төв банкны удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн долоо хоногт огцруулсан ч жинхэнэ учир шалтгаан нь улсын нууц задруулсан учраас суудлаасаа унасан гэж хэвлэлүүд бичиж байна. Харин тэр өөрөө огцорсон шалтгаанаа банкны үйл ажиллагааг илүү нээлттэй болгох гэснээс үүдсэн гэж тайлбарлажээ.
Тэдний задалсан нууц баримт материалууд сонины хуудсанд хэвлэгдээд зогсохгүй “Дээрхийн гэгээнтэн” хэмээх ном болон уншигчдад хүрээд байгаа нь Ватиканы ихэс дээдсийг ихээхэн бухимдуулж, зохиолчид, эх сурвалжуудыг нь эрүүгийн хэрэгт татан шалгуулна гэж мэдэгдэж байгаа. Уг номд Ватиканд эрх ямбаараа №2-д бичигддэг кардинал Тарцисо Бертонетой холбоотой олон ноцтой баримтууд, тэр дундаа төв банкаар шилжүүлсэн сэжигтэй мөнгөн гуйвуулгын тухай баримтыг дэлгэсэн нь шуугиан дэгдээгээд байгаа юм.
Ийнхүү католик шашны сүм хийдийг тойрсон ээлжит дуулиан дэгдээд байна. Өмнө нь, католик сүм хийдийн лам хуваргууд садар самууны хэрэгт орооцолдсон явдал газар сайгүй сонсогдож, Ватиканаас тэр дуулианыг намжаах гэж сүүлийн хэдэн жил оролдож байгаа билээ.