Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гурван дарга, хоёр толгойтой нам

Л.НОМИН


Эерэг имиж бүрдүүлэн, дэмжигчдээс ч муугүй үнэлгээ аван, нийгэмд өөрсдийгөө зарлаад байсан Хөдөлмөрийн үндэсний нам оддын өвчинд нэрвэгдээд өндийж чадахаа больсон. Босч ирэхээргүй болтлоо дараалсан цохилтод тэд ороод байгаа ч гэж болох нь. Их хурлаа хийгээд овоо сайхан жигдэрч байтал “Би жинхэнэ дарга” “Тэр дарга биш, огцруулчихлаа” гэсэн явган хэрүүлийнхээ “ачаар”, эцэстээ сонгуулийн өмнөхөн намаа сэхэхгүй болтол нь унагааж орхилоо. Одоо бүр хэдэн ч даргатай болов. Хэн нь ч дарга нь юм гэдгийг бид байтугай өөрсдөө ч үл ухах толгой эргэм бүтэцтэй болсон ХҮН нам энэ сонгуульд оролцох хэрэг байна уу.
Хууль журмаараа бол одоог хүртэл С.Боргил Хөдөлмөрийн үндэсний намын дарга. Улсын дээд шүүхийн бүртгэлд анх 2011 онд бүртгүүлэхдээ С.Зоригтбаатар намын дарга байж. ХҮН болж нэрээ товчлохоор болсонтой зэрэгцээд намынхаа даргаар С.Боргилыг 2015 онд дүрмийн өөрчлөлт зэрэгтэй хамтад нь бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, хөх ягаан өнгийн тугаар имиж бүрдүүлж, гадаадад олон жил ажиллаж, амьдарч байсан С.Боргил гэх хүнийг улс төрд хөтөлж оруулж ирсэн нь 2015 оны тавдугаар сар. Харин жилийнхээ ойн дээр нэг толгой гурав болон үржиж, хөл толгой нь олдохгүй бантан зуураад сууцгааж байна. Зөв хандлагатай гарч эхэлсэн ч буруу замаар будаа тээж сүүлдээ хамраараа газар хатгаж мэдэх нь. Сонгууль гэдэг тэдэнд дэндүү хол, давашгүй даваа мэт харагдаж эхэллээ.

Түүнийг намаа удирдаж байх үед багш, эмч, инженер гэхчлэн залуучууд голдуу гишүүнээр элсч, цоо шинэ өнгө төрх улс төрийн хүрээнд бүрдлээ гэж тодорхойлж билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн зэрэг хэд хэдэн жагсаал цуглаан хийж, идэвхтэй ажилласан юм уг нь. Улсын дээд шүүхийн бүртгэлээр бол С.Боргил одоо ч гэсэн намын дарга. Тэгэхдээ түүний амбийц нь даргын суудал биш бололтой. Цаасан дээр бол тэр ХҮН намын жинхэнэ дарга хэвээрээ.
 
Далдын хар малгайгаа тайлсан нь

Анхны сэтгэгдэл үнэн байдаг шиг таамаг хол зөрөөгүй. Он гараад дөрөв хонож байхад бие даагч С.Ганбаатар намд элсч буйгаа зарлаж, УИХ-д суудалтай боллоо гэж хөөрцөглөж байлаа. Үүнээс хэдхэн хоногийн дараа болсон ээлжит бус их хурлаар нь тэрээр жинхэнэ дүрээ ил гаргасан юм. Энэ мэдээг хүмүүс нэг их гайхаж хүлээж аваагүй. Угаасаа ард нь байсан хүн хөшигний урд гарч ирлээ гэцгээсэн. Их хурал нэг л сайхан бие биедээ найр тавьсан, алга ташсан уур амьсгал нь эерэг болж билээ. Энэ бол зүгээр л тэдний ямар сайн жүжигчид вэ гэдгийг нотолсон хэрэг байв. Намын даргад С.Ганбаатарыг Т.Доржханд /тухайн үед Ерөнхий нарийн бичгийн дарга байсан/ нэр дэвшүүлсэн байдаг. Заалнаас Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Нийслэлийн намын хорооны дарга Т.Бат-Оргилыг намын даргад нэр дэвшүүлэхэд С.Боргил нэрээ татаж авах санал гаргаж, түүнийг нь дэмжин гараа атгалцсан аж. Ингээд ээлжит бус их хурлын 300 гаруй төлөөлөгчийн 98 хувийн саналаар С.Ганбаатар гэдэг “шинэ” дарга ХҮН-ын тамгыг гардсан. Эндээс л тэдний хуваагдал эхлэлтэй байж. Харахад эв нэгдэлтэй мэт боловч үнэндээ “Хагарал” хэмээх жүжиг тэд тоглосон бололтой.
Хурал ч яахав инээж ханиаж байгаад дууссан. Тэгж байтал ХҮН намын дарга С.Ганбаатар их дээд сургууль төгссөн үү, ер нь мэргэжлийн дипломтой юу, хаана ажиллаж байв, намтарт бичсэн мэдээлэл үнэн үү, худлаа юу гэдэг дуулиан дэгдсэн. Харин дараа нь ХҮН намын тамга гээгдүүлсэн тухай мэдээ гарч, удалгүй С.Ганбаатар дарга мөн, бишийн тухай эцэс төгсгөлгүй үргэлжилж буй маргааныг өрдөцгөөсөн.

 Мөн, биш, мөн...

Хоёр гараа өргөх нь холгүй С.Ганбаатарыг намын даргаа болгосон нөхөр нэг л өглөө хэсэг нөхдөө толгойлон суудал булаалдаж эхлэв. Жил гаруйн өмнөөс л ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа гэж залуугийн нэр улс төрд яригдсан. СЭЗДС-д багшилж байгаад Японд хөгжлийн эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан тэрээр хэд хэдэн томоохон компанид удирдах алба хашчээ. Анод банк, ХААН банк, “Эм Си Эс” группт ажилласан багагүй туршлагатай нэгэн. ХҮН намд элсээд овоо улс төрд дөртэй болсон ч одоо бүр нэлээн гүнзгий шигдчихэв бололтой.  

Ганцаарчилсан тоглолтоо энэ сарын эхээр илчилж, намын даргын суудал руу амжилттай давшилсан. С.Ганбаатар намынхаа дүрмийг зөрчиж, дотор нь хагаралдууллаа хэмээн Б.Найдалаа, генсек асан Т.Доржханд нар өөрсдийнх нь хэлснээр их цэвэрлэгээ өрнүүлэв. Долоо хоногийн өмнө тэд Намын төв хорооны 58 гишүүний 43-ынх нь гарын үсэг зурж, дэмжин баталгаажуулсан хурлаас Б.Найдалаа ХҮН намын дарга болжээ. Тэдний хэлснээр намаа цэвэрлэх гэж С.Ганбаатарыг чөлөөлсөн гэх. Их хурлаас томилогддог Хариуцлагын ерөнхий хороо нь намынхаа дүрмийг, Улс төрийн намын тухай хууль зөрчин татан буулгасан хэмээн тогтоол үйлдэж, Намын төв хороондоо өгсөн учир тэд арга хэмжээ авсан нь энэ гэнэ. Т.Доржхандыг томилолттой байхад нь генсекээс чөлөөлж, өөр хүн томилон, намын хороог татан буулгасан С.Ганбаатарт хариуцлага тооцож огцруулсан аж.

Тэгвэл тэднийг баяр ёслол болон тамга тэмдгээ гардаж байхад нөгөө талд огт өөр үйл явдал өрнөсөн. С.Ганбаатар тэргүүтэй хэсэг нь хууль бус шийдвэрээр дарга болсон гэж Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг явуургүй үйлдлээ зогсоохыг Намын төв хорооны 58 гишүүний дахиад л 43 нь гарын үсэг зурж баталгаажуулсан мэдэгдлээр шаардсан. Тэгэхээр Б.Найдалаа, С.Ганбаатар хоёрын хэн нь намын дарга вэ гэж ялгаж салгахад хүнд болоод байгаа юм. ХҮН намын дүрэм, бүтцийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан боловч нэг л амжилтгүй байгаа гэнэ. Тэр ч бүү хэл тэдний маргаан шүүхэд очжээ. ХҮН намын ирээдүйг бүрхэгдүүлсэн хэрүүл хэзээ дуусахыг хэлж өгөх хүн байтугай чөтгөр ч алга. Өнөөх дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэгч үг л тэдэнд яг тохиров бололтой.     
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан