
Энэ удаагийн хурлаар хүүхдийн төлөө “За бол Заавал хийе" үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцаж, цаашид анхаарах асуудлуудаа ярилцлаа. Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналуудыг хэлэлцэв. Аймгийн Засаг даргын 2026 оны А/352 дугаар захирамжаар мэргэжлийн хамтарсан багийг байгуулж хяналт шалгалт хийж, “Сайн хөрш” арга хэмжээ, Хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж, хүүхдийн өрөөг хамгийн сайн тохижуулсан байгуулагуудын сайн туршлагыг түгээж ажиллав.
“Хүүхдээ сонсох өдөр” арга хэмжээг 13 сумын 800 гаруй хүүхдийг хамруулан зохион байгуулж, 10 чиглэлээр санал хүсэлт авлаа.
Хүүхдүүд нийтийн тээвэр болон такси үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй болгож, нэгдсэн байдлаар бүртгэлжүүлэх,
гудамж, олон нийтийн талбайн хог хаягдлыг шуурхай цэвэрлэх, замын эвдрэл, халтиргааг арилгах, ухсан нүхнүүдийг булах, явган хүний гарцын тэмдэглэгээг сайжруулах, хяналтын камерын тоог нэмэгдүүлэх,
замын гэрэлтүүлэг нэмэх, засвар үйлчилгээг шуурхай хийх, багш сурагчийн харилцааг эерэг болгох, сургуулийн орчны дэлгүүр, цайны газрын ариун цэвэр, эрүүл ахуйд анхаарах, хогийн сав нэмэгдүүлэх, тоглоомын талбайн эвдрэл гэмтлийг засварлах, электрон тамхины хэрэглээг зогсоох зэрэг саналуудыг дэвшүүлжээ.
Түүнчлэн аймгийн Хүүхдийн зөвлөлөөс Эцэг эхийн зөвлөл, эрсдлийн хяналтын хорооны гишүүдийн дунд “Эрсдэлгүй орчин” сэдвээр уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, 500 гаруй айл өрхийг хамруулан эрсдлийн үнэлгээ хийж, зөрчлийг засуулах, арилгуулах арга хэмжээг авч ажилласан байна.
Цаашид “За бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд хийх ажлууд, анхаарах асуудлуудаа тодорхойлсоноор энэ удаагийн хурал өндөрлөлөө.























