Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын оргил ачааллыг бууруулах цахилгаан хуримтлуурын санхүүжилтийг хэлэлцлээ

Улаанбаатар хотын өвлийн цахилгааны оргил ачааллыг бууруулах зорилгоор Төв аймгийн Сэргэлэн суманд эрчим хүч хуримтлуулах систем байгуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банкны группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, төслийн санхүүжилт, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.

Хуримтлуурыг Улаанбаатараас зүүн урагш 50 орчим километрийн зайд, 10.2 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Систем нь 100 мегаваттын чадалтай, 400 мегаватт-цагийн багтаамжтай байна. Энэ нь бүрэн цэнэгтэй үед тооцоогоор 100 мегаваттын чадлаар дөрвөн цагийн турш цахилгаан нийлүүлэх хэмжээ юм.

Систем нь цахилгааны хэрэглээ багатай үед эрчим хүч хуримтлуулж, хэрэглээ нэмэгдэхэд сүлжээнд буцаан нийлүүлнэ. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед сүлжээнд нэмэлт чадал нийлүүлэх, сэргээгдэх эх үүсвэрийн үйлдвэрлэлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлэх, тасалдлын дараа цахилгаан хангамжийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж нийслэлийн талаас танилцуулжээ.

Нийслэл төслийг улсын төсвөөс бус, төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын санхүүжилтийн бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр зорьж байна. Олон улсын санхүүгийн корпорацын төлөөлөгчид өмнө нь Улаанбаатар хоттой ижил төрлийн төсөл хэрэгжүүлж байсан туршлагадаа тулгуурлан дахин хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан