Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэний нэг авто зогсоолыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн А.Ганбаатар иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өчигдөр /2026.11.23/ УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүллээ.

Одоогийн хуулиар иргэдийн өдөр тутмын хэрэглээнд ашиглаж буй нэг авто зогсоол болон түрээс, хөрөнгө оруулалт, бизнесийн зориулалтаар эзэмшиж буй зогсоолын татварыг ялгамжтай тооцдоггүй байна.

Хуулийн төсөлд Монгол Улсын иргэний өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолоос зөвхөн нэгийг нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгажээ.

Татварын ерөнхий газрын урьдчилсан тооцоогоор уг зохицуулалтад 57,453 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж, нийт 20.8 тэрбум төгрөгийн татварын ногдол хөнгөлөгдөх тооцоо гарсан байна.

Харин иргэн хоёр болон түүнээс дээш авто зогсоол өмчилдөг бол өөрийн сонгосон нэг зогсоол нь татвараас чөлөөлөгдөж, бусад зогсоолын татвар хэвээр үргэлжлэх юм. Мөн хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй авто зогсоол уг чөлөөлөлтөд хамрагдахгүй.

Төсөл санаачлагчийн үзэж буйгаар энэ нь өрхийн үндсэн хэрэглээнд татварын дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зориулалтын авто зогсоол ашиглалтыг дэмжих, нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд автомашин байрлуулах асуудлыг бууруулахад чиглэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан