Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын банк орж ирвэл зээлийн хүү 4-5 хувиар буурах боломжтой

Гадаадын банк орж ирвэл зээлийн ХҮҮ 4-5 хувиар буурах боломжтой

Т.ЖАНЦАН


Монголын эдийн засагч, судлаачид “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр ярилцлаа. Уг хурлын үеэр зарим эдийн засагчид Монголын дундаж давхарга, жижиг дунд үйлдвэрийн зардал, валютын ханшийг тодорхойлогч хүчин зүйлс, гадаадын банк салбараа нээж үйл ажиллагаа явуулахад анхаарах зүйлс, нүүрсний экспортын судалгаа гээд олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Энэ хурлыг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголбанк, МУИС хамтран зохион байгуулав. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Монголбанк банкны салбарын хууль эрх зүйн орчныг өөрчлөх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Тухайлбал, Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд ОУВС-гаас техникийн туслалцаа авч байгаа. Мөн Банкны тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хууль, Векселийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Эдгээрээс гадна Валютын зохицуулалтын тухай хуулийг өөрчилнө. Энэ хуулийг 2004 оноос хойш мөрдөж байгаа тул өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байна. Ингэснээр Монголын банкны салбарын хууль эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдэнэ. Бид урьд нь эрдэмтэн, судлаачдын үгийг сонсолгүй ирсэн. Үүний сөрөг нөлөө нь өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлаас харагдаж байна. Иймд цаашид эрдэмтэн судлаач та бүхний үгийг сонсч үзэл бодлоо уралдуулан хэлэлцүүлж хүчээ нэгтгэх болно” гэлээ. Энэ хурлаар хэлэлцсэн олон асуудлаас банкны салбар, тэр дундаа гадаадын банк оруулж ирэх талаарх мэдээллийг сийрүүлье.

Монгол Улсад өнгөрсөн оны байдлаар 14 банк, 500 орчим ББСБ, 276 Хадгаламж зээлийн хоршоо, 15 даатгалын компани, 58 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж байна.  Ингээд санхүүгийн салбарын 96 хувийг банк бүрдүүлж буй юм.  Гадаадын банк, санхүүгийн байгууллага Монголын банкуудад хөрөнгө оруулж, хувь эзэмших хэлбэрээр анх нэвтэрсэн. Өнөөдрийн байдлаар нийт арилжааны банкны найм нь гадаадын хөрөнгө оруулалттай, гурав нь гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй байна. Монгол Улсад 2008 оноос гадаадын банкууд өөрийн төлөөлөгчийн газраа нээж ажиллаж буй юм. Одоогоор Хятадын хоёр, Голландын нэг Японы хоёр банк төлөөлөгчийн газраа нээжээ. Монголбанкнаас эдгээр төлөөлөгчийн газруу­дад Зах зээлийн судалгаа хийх, Эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа эрхлэх, толгой болон салбар банкаар дамжуулан дотоодын санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хямд эх үүсвэртэй санхүүжилт зууч­лахыг зөвшөөрөөд байгаа юм. Төлөөлөгчийн газраа нээсэн эдгээр банкинд одоогоор банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоогүй байна. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт нэг хувиар нэмэгдэхэд манай улсын ДНБ дунджаар 1.5 хувиар өсдөг тооцоо бий. Тэгэхээр гадаадын банк салбараа нээж үйл ажиллагаа явуулбал эдийн засгийн идвэхжил нэмэгдэж богино хугацаанд сэргэх боломж бий гэж судлаачид хэлж буй юм. Нөгөө талаар банкны салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлж банкны салбарын төвлөрлийг сааруулна гэдэг. Тухайлбал, гадаадын банк орж ирснээр томоохон таван банкны системд эзлэх хувь 17 хувиар буурах тооцоо бий. Ингэснээр хөгжиж буй орнуудын түвшинд хүрнэ хэмээн Дэлхийн банкны судалгаанд дурджээ. Мөн хөгжиж буй орнуудад гадаадын банк салбараа нээснээр зээлийн хүү бууруулах нөлөө үзүүлсэн байдаг. Тэгвэл манай улсад гадаадын банк салбараа нээснээр дунд, урт хугацаанд зээлийн хүү  өнөөгийн түвшинээс 4-5 хувиар буурах төсөөлөл гараад байна. Ингээд хөгжиж буй орнуудын адил 13.3 хувьд очих боломж бий хэмээн судлаачид үзэж буй юм.
  

Г.Бумчимэг: Суурь хүүг буулгаж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулж байж зээлийн хүү буурна

Монголын эдийн засгийн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Бумчимэгээс гадаадын банк орж ирснээр манай улсын эдийн засаг, санхүүгийн салбарт ямар нөлөө үзүүлэх талаар тодрууллаа.  Тэрээр “Монгол Улсын санхүүгийн салбарт гадаадын банк үйл ажиллагаа явуулахад анхаарах зүйлс” гэсэн илтгэл тавьсан юм.

-Сүүлийн үед гадаадын банк салбараа нээх тухай асуудал нэлээд яригдах боллоо. Хэрэв салбараа нээсэн тохиолдолд манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Үзүүлэх үр нөлөө нь манай улс ямар хууль эрх зүйн зохицуулалт хийхээс шууд шалтгаална. Доривтой судалгаа хийж байж хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. Анхаарах шаардлагатай зүйл нэлээд бий. Ялангуяа аль салбарт үйлчилгээ үзүүлэх, хэдий хэмжээний зээл олгох гээд нарийн зохицуулалттай байх хэрэгтэй гэж бодож байна. Хэрэв гадаадын банк манай банкны системийн нийт активт эзлэх хувийг хэт өндөр болговол дотоодын банкуудад сөргөөр нөлөөлөх тал бий. Тэгэхээр активын хэмжээнд нь анхаарах шаардлагатай юм. Зарим улсын туршлагаас харахад дүрмийн санд нь хэмжээ тавьж өгдөг. Дээрээс нь шалгуур үзүүлэлт, зохистой харьцаагаар нь нэг зээлдэгчдэд хэдий хэмжээний мөнгө олгох вэ гэдэгт нь бас хязгаарлалт хийдэг юм билээ.

-Тэгвэл манай улсын банкны салбарын хууль эрх зүйн орчин ямар байна гэж дүгнэж байна вэ?
-Банкны салбарт одоо мөрдөж буй хууль эрх зүйн орчин тийм ийм гэж хэлэх зүйл одоогоор алга. Олон жил засварлагдаж, шинэчлэгдэж ирсэн. Харин гадаадын банк орж ирэхэд л анхааралтай хандах нь зүйтэй.

-Гадаадын банк орж ирэхэд зээлийн хүү буурна гэж ойлгодог хүн манайд олон байна. Тэгэхээр иргэдэд тэр хүлээж буй шиг нь үр өгөөж өгч чадах уу?
-Зээлийн хүү шууд буурна гэж хэлэхэд хэцүү. Жишээ нь  “ICB” Тайланд, Америкт олгож байгаа зээлийн хүү ялгаатай. Үйл ажиллагаа явуулж буй улс орон бүрт зээлийн хүү нь өөр өөр байдаг. Тэгэхээр тухайн улс орны дотоодын макро байдалд нь үндэслээд зээлийн хүүгээ тогтооно. Түүнээс биш “ICB” л бол таван хувийн хүүтэй зээл олгоно гэсэн зүйл байхгүй. Ийм учраас бид суурь хүүгээ бууруулахад илүү анхаарах шаардлага байгаа юм. Гадаадын банк Монголд салбар нээснээр ид шидийн зүйл шиг зээлийн хүү буурна гэж байхгүй. Харин хөрөнгө оруулалт, зээл олголт өссөнөөр ажлын байр, цалин хөлс нэмэгдэж болно. Ер нь, гадаадын банкууд дотоодын банкуудаас хэтэрхий бага хүүгээр зээл олгохгүй нь ойлгомжтой. Жишээ нь, дотоодын банкууд жилийн 12 хувийн хүүтэй гадаад валютын зээл олгож байна гэж бодъё. Тиймээс зургаан хувийн хүүгээр Монголын компаниудад зээл өгнө гэж байхгүй.  Энэ бас л анхаарах ёстой зүйлийн нэг.

-Тэгвэл манай улсын эдийн засагт ямар нэг эрс­дэл учруулах нөхцөл бий юу?
-Эрсдэл учирч болох нөхцөл бий. Тухайлбал, гадаадын банк орж ирээд хэсэг хугацааны дараа зээлээ зогсоовол яах вэ гэдэг асуудал байгаа. Манай улсад 2010-2013 онд гадаадын хөрөнгө оруулалт маш их орж ирсэн. Тэгээд гэнэт зогсч хямрал үүсгээд байгаа. Энэ үзэгдэл гадаадын банкны зээлээр дамжин дахин давтагдахаас сэргийлэх шаардлагатай юм. Тэгэхээр богино хугацааны гадаад валютын хомсдлоос улбаалж огцом шийдвэр гаргах юм бол эрсдэл өмнөхөөс илүү байх болно. Жишээ нь, эхний таван жилд их хэмжээний зээл олгоод зээлээ зогсоовол эдийн засаг савлах эрсдэл бий.

-Гадаадын төрийн банк орж ирэх нь эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Учир нь тухайн улсын төрийн бодлого тэр банкаар дамжин хэрэгжинэ гэсэн болгоомжлол бий. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Хятадын банкууд Латин Америк, Африкт үйл ажиллагаагаа идвэхжүүлж салбаруудаа нээгээд эхэлсэн. Энэ нь тухайн банкны бизне­сийн стратеги гэж бодож байна. Манай улс ямар бан­кинд салбараа нээх зөвшөө­рөл өгөх эсэхийг үндэсний аюулгүй байдлаа бодолцож шийдвэр гаргах байх. Үүнээс гадна ямар зохицуулалт хийх, банкны системийн нийт активын хэдэн хувьд нь гадаадын банк эзлэх хэмжээ­ний талаар тодорхой зөв­шил­цөлд хүрч ойлголттой байх нь зүгээр гэж бодож байна.

-Улс орнуудын гадаадын банкны салбар ажиллуулах ямар ямар туршлага байна. Манай улсад тохирох хэв загвар байна уу. Гадаа­дын банкинд зээл олгох салбарыг нь онцолж  хууль­чилж өгвөл зүгээр гэсэн үзэл бодол зарим эдийн засагчид байдаг. Учир нь Засгийн газар бодлогоор дэмжих эдийн засгийн салбаруудад энэ маягаар зээл түлхүү олгох боломж нээж өгч болох болов уу?
-Хууль эрх зүйгээр эдийн засгийн аль салбарт, хэдий хэмжээний зээл олгох талаар зохицуулалт хийж өгч болно. Улс орнуудад янз бүрийн л арга туршлага бий. Ялангуяа нийгэм эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн салбаруудаа заагаад өгөх нь зүгээр. Дараа нь зөвхөн томоохон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд зээл олгодог байж болно. Харин хадгаламж татахгүй гэж байгаа. Тэгэхээр аль салбарт хэдий хэмжээний зээл олгохыг нь хуульчилж зааж өгвөл зүгээр юм болов уу гэж бодож байна. Учир нь манай улс эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд уул уурхайгаас бусад салбарт илүү их хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тиймээс энэ санааг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй.

-Таны бодлоор гадаадын банкууд зээлээ ямар валютаар олгох бол. Төгрөгөөр олгоно гээд хуульчилбал орж ирэх банкууд хэрхэн хүлээж авах бол?
-Гадаад валютаар зээл олгох байх. Төгрөгөөр зээл олгох болвол тухайн банк валютаа төгрөгт хэрхэн хөрвүүлэх тухай зохицуулалт хийх шаардлага гарна. Миний бодлоор эхний ээлжинд төгрөгөөр зээл олголгүй аажим, аажмаар шилжих байдлаар явах нь илүү зөв болов уу гэж бодож байна. 

-Манай улсын банкны системийн өнөөгийн байдал ямар хэмжээнд байна вэ?
-Эдийн засаг хямралтай байгаа тул аж ахуйн нэгжүүдийн ашиг буурсан. Энэ нь зээлийн эргэн төлөлтөд сөрөг нөлөөлж байна. Улмаар банкны салбарын чанаргүй зээл сүүлийн жилүүдэд огцом өслөө.  Иймд банк санхүүгийн системийг хөгжүүлэх, эрсдэлийг нь бууруулах арга хэмжээг төр засаг, төв банкнаас авч байгаа байх. Цаашид гадаадын банк орж ирснээр илүү хянамгай хандах болов уу гэж бодож байна. Зарим улсад гадаадын банк эрсдэл бага сайн төсөлд зээл олгож эрсдэл өндөртэйд нь  дотоодын банкууд нь зээл өгдөг дүр зураг ажиглагддаг. Тэгэхээр үүнээс сэргийлэх арга хэмжээ авах ёстой.

-Төв банкны бодлогын хүү  өндөр тогтсон  нь аж ахуйн нэгжүүдэд зээл, санхүүжилт олдоход хүнд байна гэж байгаа?
-Монголбанк бодлогоо боловсруулж хүүгээ тогтоож байгаа. Ер нь, манай суурь хүү их өндөр тогтдог. Банкуудын хадгаламжийн хүү харьцангуй өндөр байгаа юм. Хадгаламжийн хүү юунаас болж өндөр байгааг судалж тогтоож бууруулах учиртай.  Өөрөөр хэлбэл ханшийн сулралт өндөр байгаа тул хадгаламжийн хүү тэр хэрээр өндөр тогтдог. Яагаад гэвэл төгрөг үнэгүйдэх эрсдэлтэй. Тэгэхээр ханшийн сулралт өндөр байгаад анхаарах хэрэгтэй юм.
Яагаад гэвэл төсвийн алдагдал их байхад гадаад худалдааны алдагдал өсөхөөс өөр аргагүй. Иймээс сууриа засах шаардлага манай улсад бий. Түүнээс биш зөвхөн Монголбанк зах зээл дээрх бүх хүүг зохицуулж чадахгүй. Хамгийн гол нь суурь хүүг буулгах, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах гэх мэт бодлогууд хариуцлагатай, оновчтой байх асуудлууд гарч ирнэ л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан