Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Орхонсайхан: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхийг бидэнгүйгээр бичихийн аргагүй

Залуу насны хүсэл зориг, гал халуун эрмэлзэлдээ хөтлөгдөн улс төрийн тэмцлийн хүнд бэрх зам туулж, Ардчилсан хувьсгалын түүхийн хуудсыг бичилцэж нэр, мөрөө үлдээсэн хүмүүсийн нэг нь яах аргагүй А.Орхонсайхан билээ. Түүнтэй ярилцсанаа уншигч танд хүргэе.

-Ардчилсан хувьсгалд анхнаас нь оролцож өдийг хүртэл үзэл бодолдоо үнэнч, тууштай яваа таны тухайн үеийн дурсамжаас хуваалцмаар санагдлаа. Таны амьдрал ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдсон түүхээс яриагаа эхэлбэл ямар вэ?

-Эгч нь Эрдэнэт хотын МоАХ-ны анхдагч гишүүн. ЗХУ-ын Новосибирск хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг 1986 онд төгсч ирээд яамны томилолтоор Эрдэнэт хотын Цахилгаан холбооны газар ерөнхий эдийн засагчаар ажилласан. Тэр үед маш хэцүү, хүн үгээ чөлөөтэй илэрхийлэх нь битгий хэл удирдлагынхаа өмнөөс үг дуугарах ч эрхгүй байсан цаг. Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсэн 1989 онд эгч нь нялх биетэй,  нэг өдөр хэсэг нөхөд маань гэрт ирээд “Ийм хувьсгал болох гэж байна. Биднийг зохион байгуулалтад оруулж, удирдаж ажиллаачээ” гэдэг хүсэлт тавьсан. Ингэж л Ардчилсан холбооны салбар зөвлөлийг Цахилгаан холбооны газарт байгуулан тэмцлийн гараагаа эхлүүлсэн. Манай салбар зөвлөл анх гурван хүнтэй байгуулагдсан ч өргөжсөөр 10 хүнтэй болсон.

Холбооны газар дарга нарын хараанд байдаг. Гэтэл даргын баруун гар эдийн засагч нь гэнэт хувьсгал ярьж эхэлснээр шахалт, хавчилтанд их өртсөн. Олон ч удаа арга хэмжээ авахуулсан даа. Тэр үед эцэг эх маань амьд, нөхөр сүүдэртэй,  хойно сургууль төгссөн, өндөр цалинтай ажил гээд бүхий л зүйл надад байсан. Гэвч залуу хүнийхээ хувиар нийгмээ өөрчлөхөд гар бие оролцох ёстой гэж үзээд үзэл бодолдоо тууштай хөтлөгдсөн хэрэг. 

-Тухайн үед гэртээ нууцаар хурал зохион байгуулдаг байсан гэж сонссон. Ой гарантай жаахан хүүхэдтэй эх хүнээс ийм зориг гарсан гэхээр сонин байна. Та учрах эрсдэлээс айгаагүй гэж үү?

-Салбар зөвлөлөө холбоон дээр байгуулсан ч гэлээ бидэнд хурал, цуглаан хийх байр сав байгаагүй. Тиймээс журмын нөхдөө цуглуулаад гэртээ хурал хийсэн, заримыг нь урьж авчирч зөвлөгөө авдаг байлаа. Харамсалтай нь үүнээсээ болоод гэр бүлийнхээ хүнээс тусдаа амьдрах болсон. Нуугаад яахав, нөхөр маань “Гэртээ хүмүүс авчирч хурал хийгээд байна” гэж байгууллагын боловсон хүчинд хов хүргэсэн байдаг юм. Үүнээс нь үүдээд л бидний дунд зөрчил үүссэн. Бид хэрэлдэж, муудалцаж биш үзэл бодол таараагүйгээс салсан. Хүмүүс гайхдаг. Эгч нь юу юунаас илүү үзэл бодолдоо үнэнч явахыг эрхэмлэдэг. Гэртээ хурал хийдэг байснаараа одоо бахархдаг шүү.

Дараагаар нь манай МоАХ Баян-Өндөр сумын хоёр давхрын жижиг өрөөнд байрласан. Хэдэн эрчүүд маань тамхи их татна. Тэр утаан дунд нь журмын нөхдийнхөө хамтаар хоол ундгүй, цалингүй ч гэлээ улс төрийн үйл ажиллагаа явуулдаг байж билээ. Энэ замыг сонгосондоо ерөөсөө харамсч байгаагүй. Ардчилалд оруулсан хувь нэмрээ үнэлүүлж алдар гавьяаг нь ч хүртсэн дээ, эгч нь.

-Та түрүүн байгууллагын зүгээс дарамт, шахалт үзүүлдэг байсан гээд цухас дурдаад өнгөрлөө. Энэ талаар жаахан дэлгэрүүлбэл?

-Манай салбар зөвлөл нэлээд өргөжсөн ч Холбооны дарга олон хүнийг айлгаж, ажлаас хална гэж дарамталж эхэлсэн. Тэр битгий хэл ажлын газрын боловсон хүчин эцэг, эхэд маань “Танай охин болж бүтэхгүй хүмүүстэй нийлээд байна” гэж захиа хүртэл явуулсан. Ажиллах нөхцөлгүй болгосон учир өөрийн хүсэлтээр халагдсан.

-Тэр захиа ээж, аавд тань их хүндээр туссан байх даа?

-Миний аав газар тариалангийн салбарт 40 жил зүтгэсэн, Сэлэнгэ аймгийн сангийн аж ахуйн даргаар ажиллаж явсан хүн. Нэг өдөр “Аавд нь захиа ирсэн, миний охин ямар хүмүүстэй нийлээд яваад байгаа юм бэ. Чамд үр хүүхэд хань ижил, сурсан сургууль, төгссөн мэргэжил, сайхан ажил гээд бүхий л зүйл байна. Наад хэл амтай ажлаа боль” гэсэн. Тэгэхээр нь “Таны үеийг би хүндэтгэж байна. Гэвч одоо нийгмээ өөрчлөх цаг болсон. Тиймээс энэ хүмүүстэй нэгдэж ажиллаж байгаа” гэдгээ хэлсэн. Аав ч гэсэн намайг дийлээгүй л дээ. Гэр бүлийнхнээсээ би ганцаараа ардчилагч нь байв.

-Ингэхэд танаас гадна анх ямар эмэгтэйчүүд хүчин зүтгэж байв. Хүн бүр л би анхдагч гэх энэ цаг үед анхнаас нь явсан хүмүүсийн мэдээлэл чухал юм болов уу?

-Мэдрэлийн Цэцэгмаа, Хандсүрэн, Тунгалаг, Мөнх-Эрдэнэ нар анхнаас нь явсан, дурсагдах ёстой хүмүүс юм шүү. Эрдэнэтийн МоАХ-той хамааралтай зургуудыг харахад л тодорхой. Зураг л түүх өгүүлэх юм. Түүх давтагдашгүй, баллуурдаж арилгаж ч чадахгүй. Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхийг бидэнгүйгээр бичихийн аргагүй.   

Нялх биетэйдээ ардчилсан хувьсгалд оролцож явсан бол өнөөдөр эмээ болчихсон явна. Ардчилсан холбооныхоо хуралд зээгээ дагуулаад очно. Манайхан чинь их эмоцтой хуралдана. Анх зээ маань уйлдаг байсан бол сүүлдээ “Эмээ хоёулаа ардчиллынхаа хуралд явъя” гэдэг болсон.

Ямартай ч өнөөдрийг хүртэл МоАХ-ныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэжээ. Эрдэнэт хотын МоАХ-ны Ардчиллын анхдагчид гэдэг түүхэн зургаа би гэртээ залсан. Ямар ч бурхнаас илүүтэй ардчиллын үүх түүх надад эрхэм. Залуу халуун насандаа журмын нөхөдтэйгөө авахуулсан зураг гэрийг минь гийгүүлдэг. Ямар ч мөнгө төгрөгнөөс илүү үнэ цэнэтэй эд юм шүү.

-Та хэдийд нь Эрдэнэтийн Мэргэжлийн хяналтын газарт ажилд орсон байдаг юм бэ. Танд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байв уу?

-Мэргэжлийн хяналтын газар мэргэжлээрээ шалгалт өгөөд орсон. Журмын нөхдийн маань тус дэм их байсан. МХГ-т 1996 оноос хойш тэтгэвэрт гартлаа ажилласан. Энэ хугацаанд улс төрөө хаяагүй. Уг нь төрийн албан хаагч хүн нам бус байх ёстой. МоАХ маань ТББ учир харшлах зүйл байгаагүй. “Алтан гадас” одонгоор шагнуулахад “Та чинь ардчиллын хүн юм уу” гээд ажлынхан гайхаж хүлээж авч байлаа.

-МоАХ-ны Удирдах зөвлөлд байсан ганц эмэгтэй нь та. Ингэхэд хэчнээн жил Удирдах зөвлөлд нь ажилласан байх юм?

-Эрдэнэтийн МоАХ-ны Удирдах зөвлөлд 15 жил, Эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 14 жил ажилласан. Мөн намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагын даргаар 8 жил ажиллажээ. Ингэж ажиллахдаа ямар нэгэн явцуу эрх ашгийг дээгүүр тавьж байгаагүй учир эмэгтэйчүүд маань надад итгэл хүлээлгэж хэд хэдэн удаа улираан сонгосон хэрэг.

Мөн даргын сэнтийд залрах гэж ямар нэгэн фракцид хамаарч байсангүй. Харин жаахан өөнтөглөгдсөн шүү. Дарга нартайгаа шударга л ярьдаг байсан болохоор.

Удирдах зөвлөлийн ганц эмэгтэй би, эрэгтэйчүүдтэйгээ эр хүн шиг л үзэлцэнэ. Хоёр жилийн өмнө гэхэд Эрдэнэтийн МоАХ-ны даргыг өөрчлөхөөр болоход нь нэрээ дэвшүүлсэн. Эрчүүд бүгд нэрээ татсан. Гэсэн хэдий ч би гурван хүнээр ялагдаж байлаа. Эрдэнэтээ төлөөлж МоАХ-той хамааралтай бүхий л хурал, зөвлөгөөнд оролцож явсан. Өдийг хүртэл жаргал, зовлонгоо хуваалцаж явсан журмын нөхөддөө энэ дашрамд баярлаж талархаж явдгаа илэрхийлмээр байна.

-Эрх ашиг хараагүй, албан тушаал горьдоогүй анхны ардчилагчдын нэг нь яах аргагүй та?

-Албан тушаал сонирхсон бол аль хэдийнэ гүйгээд оччихсон байгаа. Даанч тийм сонирхолгүй. Харамсалтай нь бидний хүссэн ардчилал өнөөдөр алга. Албан тушаал хүсч дотроо олон фракц болчихсон,  үүнийг нь олон ч удаа шүүмжилж хэлсэн. Юуны төлөө бүх амьдралаа зориулсан юм бэ гэж бодох үе ч гарч байлаа. Өрх толгойлсон эмэгтэй хэмээн олон жил явлаа. Гэсэн хэдий ч хоёр хүүхдээ ажилд оруулъя гэж явсангүй. Гэтэл зарим нь би анхнаас нь дэмжсэн гээд хүүхдээ, ах дүү нараа Эрдэнэт үйлдвэрт шахчихсан байдаг. Үүнийг нь би хурцаар шүүмжилдэг, хэнээс ч айж эмээлгүй хэлчихдэг зан маань зарим даргад таалагддаггүй. Дээрээс нь эрх мэдэлтэй болчихсон нэгэн нь нөгөөгөө танихгүй байна. Үүнд нь харамсч явдаг. Заримдаа хүүхдүүд маань “Та ардчилал гээд явдаг. Бидэнд юу өгөв” гэж асуудаг. Тэгэхээр нь “Би та нарыг ажлын байраар хангах гэж ардчилалд хүчин зүтгээгүй” гэдэг. Тэдний ингэж гутрах, асуух нь зөв ч юм шиг. Яагаад гэвэл зарим ардчилагчийн хүүхэд амьдралаас тасраад явчихсан, эрх мэдэлтэй болчихож. Би журмын нөхдөө зовоогоод “Манай хүүхдүүдийг ажлын байртай болгож өгөөч” гэж хэлэхгүй хичээсээр өдийг хүрчээ. Хамгийн гол нь бид хүүхдүүддээ зөвөөр ойлгуулах ёстой юм болов уу даа. Эцэст нь хэлэхэд МоАХ-ны журмын нөхөд минь зөв бодолтой, үзэл бодолдоо тууштай байгаасай, нэг нэгнээ хайрлаж яваасай хэмээн танай сайтаар дамжуулж хэлмээр байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан