Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.ДАЛАНТАЙ: ...МОНГОЛЫН РАДИО, МоНЦАМЭ, “Эх орны манаа”, “Багш” сонин, Ардчилсан хувьсгал гээд хөврүүлвэл чиг...

Ардчилсан хувьсгалаар нийгмийг өөрчилсөн 31 жилийн үйл хэрэгт тасралтгүй хувь нэмрээ оруулж буй Г.Далантай гуайтай ярилцлаа. Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, сэтгүүлч, ерөөлч, магтаалч, улсын цолчин, ардын уран авьяастан, зурхайч гээд чамгүй олон эрдэмд нэвтэрсэн буурайтай ярилцах сэдэв мундсангүй. 

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. 100 гаруй жилийн түүхтэй сэтгүүлзүйн салбарт хэрхэн хөл тавьсан талаар тань ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?
-”Үүдээр нь орж болохгүй бол цонхоор нь ч хамаагүй ороод мэдээллээ олж авна” гэдэг зарчим сэтгүүлчдэд үйлчилдэг. Үүн лугаа адил сонин сайхан олон үйл явдлыг сурвалжилж уншигч, сонсогчдод хүртэж явлаа. Анх 1960 онд Нийслэлийн 16-р дунд сургуулийн туршлагын талбайн тухай “Босоо хүнээс өндөр ургасан эрдэнэ шиш” мэдээ сурвалжилга бичиж Монголын радиогоор нэвтрүүлснээс хойш идэвхтэн бичигчээс мэргэжлийн сэтгүүлч болсон хүн. Олон жил өнгөрчээ.
1974 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиолын анги төгссөн жилээ МОНЦАМЭ-д ажилд орсноор сэтгүүлч мэргэжлийн маань гараа эхэлсэн. Тухайн үед БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан юм. Ганц нэг шүлэг бичдэг байсан учир намайг ажилд авсан хэрэг. Мэргэжлийн сэтгүүлч биш гэдгээрээ буруутгагдаж байсан үе ч бий. 
Сүүлд 1978 онд Марксизм ленинизмийн оройн их сургуулийн сэтгүүлчийн салбар дүүргэсэн. 
1974 оноос Монголын радиогийн суртлын редакцид “Эрин цаг үйл явдал”, “Эрдэм мэдлэгийн радио их сургууль” зэрэг нэвтрүүлэг хариуцан ажиллаж, сэтгүүл зүйн олон жанр төрлөөр цаг үөийн нэвтрүүлгүүд хийдэг байлаа. Одоо бол дуу хураагуур хөөрөг шиг жижгэрчээ. Миний үед тав, долоон кг жинтэй аппарат үүрээд явдаг байлаа шүү дээ. 
-Ямар төрөл, жанраар түлхүү бичдэг байв?
-Монголын радио, МОНЦАМЭ агентлаг, “Үнэн”, Байлдааны гавьяаны одонт “Эх орны манаа”, “Багш” сонинд редактор, сурвалжлагчаар 40 гаруй жил тасралтгүй ажиллахдаа сэтгүүл зүйн бараг бүх төрлөөр бичиж туурвиж дээ. Сэтгүүл зүйн үндэс болох цахилгаан мэдээний төрлөөр голчилж яриа ярилцлага, сурвалжилга, зураглал тайлбар тойм гээд 20 мянган мэдээ бичиж Монголын радиогоор улс даяар цацаж олны хүртээл болгосон. 
“Үнэн”, “Багш”, “Эх орны манаа” сонинд ажиллаж байхдаа 500 гаруй дугаар хянан редакторлаж хэвлүүлснээс гадна хилчдийн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээ сурвалжилга олон бичсэн. Тэр бүү хэл хилчин дайчдад зориулж “Эх орны манаа” сонинд идэвхтэн бичигчдэд зөвлөгөө өгөх булан нээх санал тавьж, ажил хэрэг болгосон түүхтэй. Идэвхтэн бичигчдээс “зарлал” шиг юм ирдэг учир баримт нотолгоотойгоор сэтгүүл зүйн төрөл рүү ойртуулах гэсэн оролдлого маань энэ байсан юм. 
-Чамгүй олон мэдээ, мэдээлэл бэлтгэжээ. Гэхдээ та онцолж нэгийг нь дурдаач гэвэл алийг нь нэрлэх вэ. Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн нь аль нь вэ?
-1976 онд “Ноос бол алт” нэвтрүүлгээрээ нэгдлийн зарим малчид элс, хайрга, чулуутай ноос улсад тушааснаас үйлдвэрийн машин техник эвдэрч бүтээгдэхүүний чанарт муугаар нөлөөлж байгааг хөндөж, асуудал дэвшүүлсэн маань үр дүнгээ өгч ноосыг хожим аймаг сумаар нь ялган Улаанбаатар хотын Ноосны үйлдвэрийн нэгдэлд авдаг болсон юм. Гэвч энэ цуврал нэвтрүүлэг хаагдаж ажлаасаа чөлөөлөгдсөн түүхтэй. 
Учир нь В.И.Лениний хоршоол­лын төлөвлөгөөг хэрэгжүүлсэн социалист Монголын нэгдлийн гишүүн малчид, намын нэр хүндэд халдаж үзэл суртлын алдаа гаргасан гэж үзсэн хэрэг.
Энэ нэвтрүүлэгт оролцсон гэж Ноосны үйлдвэрийн нэгдлийн нэгдүгээр орлогч дарга Г.Дүгэрсүрэн бас арга хэмжээ авахуулсан. Нэвтрүүлгийг дээрээс дүрэмдэн зогсоосон нь МАХН, төрийн сайд нарын нэр хүндэд харшилсан гэж үзсэнтэй холбоотой. Тухайн үед Хүнс Хөнгөн үйлдвэрийн яамны сайд Паавангийн Дамдин /хожим Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар болсон/ гуай хэлж, хожим хотын Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны орлогч гишүүн Б.Алтангэрэл гуай намайг хөөснийг хассан болгож сулруулсан юм.  Энэ талаарх баримт бичиг улсын архивт байна билээ. Зурхай үздэг, мэргэлдэг, шашин шүтдэг гэдэг үндэслэлээр хөөгдөж байлаа шүү дээ. Ер нь баримтад тулгуурлан эдийн засаг, улс төр, аж байдлын сэдвээр олон нэвтрүүлэг хийсэн дээ. Сүүлд 1991, 1994 онд “Шинэ эрин” радио станцад ажиллах үедээ  “Зах зээлийн үеийн цагаан толгой”, “Дэлхийн бизнес” зэрэг цуврал нэвтрүүлэг хийсэн маань олон түмний эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэхэд түлхэц өгсөн гэж үнэлэгдсэн. Энэ бүхэн аймаг, сумдад радио телевизээр хурал зөвлөгөө хийх, зайнаас сургалт явуулах анхны эх үүсвэр нь болсон юм.
-“Зурхайн товчоо” цуврал нэвтрүүлэг тань бас хүмүүст нэлээд хүрсэн байх шүү?
-Тийм ээ. Зурхай судлаач, математикч Бат-Очир, С.Нинжбадгар, Цэенгийн Цэен- Очир, Д.Мөнх-Очир нарын эрдэмтэдтэй хамтарч “Зурхайн товчоо” нэвтрүүлэг анх санаачлан Чингис хааны ордны зурхайн баримтад тулгуурлан зурхайн ухааныг жинхэнэ ёсоор сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн 72 цуврал хийсэн. Энэ нь Монголын радиогийн түүхэнд анхных нь болж үлдсэн шүү. 
-Мэдээж сэтгүүлч хүн учир олон ном, хэвлэлд гар бие оролцсон болов уу?
-Тэгэлгүй яахав. Хөгжмийн зохиолч Г.Индрээгийн бүрэн эмхэтгэл “Биндэръяа хөх нуур”  ном, Чингис хааныг судалсан гадаад, дотоодын зохиолч эрдэмтдийн тухай “Тэнгэрлэг үйлстэнүүд” номын 70 орчим хувийг бичиж  хянан тохиолдуулж хэвлүүлсэн. Эл бүтээлд миний  “Кино шүншиглэгч”, “Чингис хааны онгоны тахилч”, “Хүн чулуутай ярьдаг эрдэмтэн” зэрэг хөрөг таталбарууд орсон.  
Хөгжмийн зохиолч Ц.Эрдэний “Хорвоо дэлхий миний эх орон” 108 дууны эмхэтгэл,  Цэенгийн Цэрэн-Очирын “Эрийн гурван наадам” зэрэг хамтын бүтээл номонд Монголын радиогоор дуулагддаг “Бурхан өршөөг”, Хотгойд нутаг, “Үүлэн чөлөөний нар” зэрэг дуунууд, мөн хурдан морь цоллож байгаа гэрэл зураг, шүлэг найраглал, хөрөг таталбарууд маань багтсан. “Хотгойд нутаг” шүлгийн түүвэрт “Хилийн улаан шугам”, “Хилийн овоо”, “Берлин хотын шороонд шингэсэн монгол морьд”, “Уртын дуу”, “Шадар ван Чингүнжав”, “Далай ээж-Хөвсгөл мину” зэрэг үндэсний үзэлтэй гэж 40 гаруй жил хэвлэгдээгүй шүлэг найраглалаас минь орсон гээд яривал их юм бий. 
-Сэтгүүлчээр ажиллахдаа таныг Ардчилсан хувьсгалыг дэмжиж мэдээ, мэдээлэл цацдаг байсан тухай сонссон. Ардчиллыг анхнаас нь л дэмжив үү?
-1989 оны 12 дугаар сарын 10-ны анхны болон 1990 оны 03 дугаар сард болсон жагсаал цуглаанд оролцож, ардчиллыг дэмжин Монголын радиогоор цацаж хувь нэмрээ оруулж явлаа. 
Түүнчлэн 1989 оны 12 дугаар сараас 1990 оны зургадугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд МоАХ, МоАН, Ардчилсан хүчний анхны жагсаал цуглаан, удаа дараагийн их хурал, сонгууль бусад үйл ажиллагаанд нь ч оролцож явсан. Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд манлайлан оролцсон хувь нэмрийг маань баталгаажуулсан баримт АН, МоАХ-нд хадгалагдаж байгаа.
Мөн 1990 онд Баасан лам, С.Цогтсайхан нартай хамтарч Сүсэгтний холбоо байгуулах, Шашины хэрэг эрхлэх газрыг татан буулгахад хувь нэмрээ оруулж хамт ажилладаг Цогтсайханы зөвлөгөөгөөр мэдээлж байв. 
Хөвсгөлөөс бие даан сонгогдсон УИХ-ын гишүүн асан Ономын Энхсайханы Газар шороо хөдөлгөөний жагсаалд оролцож Засгийн газрын ордныг 3 тойрсон ганц өвгөн чинь би шүү дээ. Сонирхуулж хэлэхэд Ардчилсан хувьсгалын 20 жилд зориулсан Монголын Ардчилсан Холбооны “Түүхэн цомог” номын төгсгөлийн хуудсанд “Сэрцгээе, Цаг нь ирлээ” уриан дор болсон жагсаал цуглаанд оролцож явсан үеийн маань зураг хэвлэгдсэн байдаг юм. 
-Тэгвэл таныг Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн гэж хэлэхээс аргагүй юм байна. Сэтгүүлчдийн их хурлаа хүртэл орхиж гарч, цуглаанд оролцож явсан гэдэг юм билээ?
-1990 оны 4 дүгээр сарын 27-нд МоАХ, МоАН-ынхан хамтарсан жагсаалаар Сүхбаатарын талбайд ирж Засгийн ордныг хамгаалалтад авсан цэрэг, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарсан. Эгзэгтэй мөчид С.Зориг агсан “Цуглааныг дэмжигчид дороо сууцгаа” гэж дохиход олон мянган хүн нэг хүн шиг зэрэг сууснаар нөмөрч ирсэн аюулыг зайлуулж чадсан нь өчигдөр мэт санагддаг. Тухайн үед Монголын сэтгүүлчдийн 6 дугаар их хурал хуралдаж, Бумцэндийн Эрдэний хамтаар ямар ч ардчилалгүй болж байна гээд орхин гарч, дээрх цуглаанд оролцож билээ. Сүүлд 2018 оны 11 сарын эхээр Сүхбаатарын талбайд суулт, жагсаалд оролцсон. 80 хүрсэн настай хүнийг суултад оролцуулж болохгүй гээд намайг татгалзуулсан. “Ийм настай хүн жагсаал цуглаанд оролцож тусгаар тоггнолоо хамгаалъя гэж байхад залуус хаана явна вэ” гэж сонин хэвлэлээр хүртэл бичигдсэн. Үүнээс хойш олон жагсаал, цуглаанд дэмжин оролцож ирсэн дээ. 
-Морь цоллодог тань мөн л сэтгүүлч мэргэжилтэй холбоотой юу?
-Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж айрагдсан бүх насны хурдан морины цолыг ардын аман зохиол болон өөрийн зохиосноор дуудаж ирсэн. Уулсын баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдыг 30 гаруй жил тасралтгүй цолложээ. 16 жилд нь Баян ходоодны цолыг сэргээн даага цоллосон учир “дааган” Далантай нэрийг наадамчин олноосоо авч байлаа.
“Утга төгөлдөр, яруу эгшиглэнт хурдан морь цоллогч” цалин цагаан мөнгөн хөрөг бүхий анхны өргөмжлөлөө 2002 онд авч байсан санагдана. Морь цоллодог байсан үеийн маань талаарх баримт улсын наадмын бичлэг, кино сэтгүүл, сонин хэвлэлийн тойм радио телевиз, киноны сан хөмрөгт үлдсэн. 
-Олон жил төрийн наадамд айрагдаж, түрүүлсэн хүлгүүдийн онгод хийморийг мялаажээ. Анх удаа морь цоллосон үеэ дурсвал?
-1972-2004 он хүртэл зургаан насны 200 гаруй хурдан хүлгийн цол дууджээ. Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат Гомбосүрэн гэж хүн байсан. Долоон жил аавынхаа уясан хурдан морьдыг унаж уралдуулсан. Аав минь морь уяхаас гадна цоллодог, ерөөл хэлдэг байсныг нь би өвлөж авсан гэх үү дээ. Ерөөлч, магтаалч, улсын цолчин, ардын уран авьяастан гээд энэ бүхэн аавтай минь салшгүй холбоотой. Ерөөлч магтаалчдын улсын 4, 5 дугаар уралдаанд өөрийн зохиосон “Монгол гэр” магтаал найраглал, хүүхдийн “Сэвээ мялаах” ерөөлөөр оролцож шагнуулж байсан. 
Радиод сэтгүүлч байхдаа морины талаар сурвалжилж яваад нэг удаа морь цоллосон чинь Хурц сайд “Чи улсын наадмын морь цолловол яасан юм бэ” гэж санал тавин улсын баяр наадмын хурдан морьдыг цоллох болсноос гадна Хурдан морины комиссын гишүүнээр ажилласан.
Уралдах морьдыг бүртгэнэ, дугаар өгнө,  морьдоо гаргана гээд бүхий л ажлыг хийнэ. Дээрээс нь бас мэдээллээ дамжуулна. Ерөнхийдөө 4-5 хүний ажил өлхөн хийчихдэг байлаа. 
-Та чинь бас хэд хэдэн кинонд дүрээ мөнхлөөд амжсан байх шүү?
-Тийм ээ. “Богд хаан”,  “БНМАУ-ын төлөө зүтгэе” киноны олны хэсэгт тоглоод амжсан. “БНМАУ-ын төлөө зүтгэе” уран сайхны кинонд хэлмэгдэн бөөнөөрөө хороогдож байгаа лам нарын дундаас залбирал бясалгал хийж байгаа ламын дүрээр гардаг. Харин “Богд хаан” кинонд Төр шашиныг хослон баригч Богд хааны зарлигийг дуудаж Цэргийн яам, Сангийн яам зэрэг төрийн таван яамны сайдыг тохоон томилж байгаа хэсэгт хэргэм зэрэгтэй ноёд, түшмэд, мяндаг тушаалтай ламтан ихэс дээдэстэй хамтал мандал өргөн хурайлж байгаа дүрд тоглосон.
Мөн Япон, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан “Холын наран ойртсон он жилүүд” баримтат кинонд ч бас дүр минь үлдсэн. “Говь комбинатыг ашиглалтанд оруулах “Өвсний үндэс’ хөтөлбөрийг хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хийгдсэн баримтат кино л доо. 
-Эх баригч бага эмчээр ажиллаж байсан тухайгаа хуучлаач? 
-Сэлэнгэ аймгийн Дархан хотын Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажиллахдаа 100 гаруй хүүхэд эх барьж авсан. Анагаах ухааны дээд сургуулийн анатомын тэнхим, биеийн тамирын тэнхимд эмч, эрдэм шинжилгээний туслах ажилтан хийдэг байлаа. Хүний цогцос шулж, араг ясыг нь төмөр утсаар хэлхээд Анагаах ухааны дээд сургуулийн хичээлийн үзүүлэн таниулан хийдэг байв. Хөвсгөл аймгаас тарваган хүний цогцос авчирч араг ясыг нь босгож тус сургуулийн анатомын музейд тавьсан түүх ч бий. 
Улаанбаатар хотын Анагаах ухааны дунд сургуулийн дэргэд сувилагчийн сургуулийн хугацааг нь уртасган дахин байгуулахад анатомийн хичээлийн цагийн багшаар ажилласан. Одоо Сувилахуйн ухааны их сургууль болж өргөжсөн байна билээ. 
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Урт наслаарай.


А.АКЭРКЭ
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан