Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Довчинсэмбээ: Үндэсний бөхийн дэвжээ болгон эмчтэй болбол допингийн асуудал гарахгүй

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, үндэсний бөхийг Геннист бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” хүчит бөхийн барилдаанд их шөвгийн дөрөвт үлдсэн Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Т.Довчинсэмбээтэй ярилцлаа.

-“Үндэсний бөх-Үнэт өв” барилдаанд долоо давж их шөвөгт үлдсэнд баяр хүргэж яриагаа эхлэе?

-Баярлалаа. “Үндэсний бөх-Үнэт өв” барилдаанд амжилттай барилдсан даа баяртай байна. Засгийн газраас 128 бөх барилдуулах зөвшөөрөл олгосон ч 512 бөх барилдлаа. Цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ баримталсан сайхан барилдаан зохион байгууллаа.

-Цол олгох, олгохгүй нь олны анхаарал татаж байна?

-Нэгийн даваанд аймгийн арслангууд хоорондоо таарсан чансаа өндөр барилдаан боллоо. Барилдааны өмнө 512 бөх барилдаж, цол олгоно гэсэн ам дамжсан яриа байсан. Миний хувьд цол олгоно гэдэгт ач холбогдол өгч, ажил төрлөө зохицуулаад ирж барилдсан. Мөн бусад бөх ч цол олгоно гэж бодож барилдсан байх.

-Даваа бүрийн учраа чанга байлаа. Барилдааныхаа талаар ярихгүй юу?

-Нэгийн даваанд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн харцага Б.Батжаргал ахтайгаа таарсан. 512 бөх барилдахад нутгийн ахтайгаа оноолт таарна гэдэг ховор тохиол. Их билэгшээж сайхан барилдах бололцоотой юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн. Хоёрын даваанд бяртай арслан Б.Бадамгаравтай, гурвын даваанд улсын начин Г.Ганжадад амлуулсан. Дөрвийн даваанд улсын харцага О.Хангайтай оноолт таарсан гээд даваа бүрийн учраа чанга байлаа. Бүх өрсөлдөгчтэй барилдаанаа бүрэн гүйцэт гаргаад сайхан барилдсандаа сэтгэл хангалуун байна.

-Жил бүрийн наадмын түрүү бөхийн тааварт байдаг О.Хангай харцагатай дөрвийн даваанд оноолт таарсан. Түргэн шуурхай барилдаан болсон. Барилдаанаа төлөвлөж гарсан уу?

-Ховд аймаг бөхөө дэмжиж энэ жилийн хамгийн анхны цол олгох барилдаанаа хийсэн. Улсын цолтой бөхчүүд нь ч залуучууддаа боломж олгож зодоглохгүй өнжлөө. Цол олгох барилдааны дараа улсын цолтой 96 бөх барилдсан. Тэнд О.Хангай болон барилдааны түрүү бөх Б.Бат-Өлзий харцага, улсын заан Б.Пүрэвсайхан хоёрыг хаяж түрүүлсэн. Монголын ард түмэн төдийгүй миний бие ч О.Хангай харцагыг сайн барилдана гэж бодож байлаа. Гэсэн ч дөрвийн даваанд учраа таарсан. Энэ цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа хүчтэнтэй таараад айж бэргэх зүйлгүй шийдсэн мэхээ хийгээд барилдъя л гэж бодож гарсан. Тэгээд дархан мэхээ хийж давсан /инээв/.

-О.Хангай харцагатай ойролцоо газардаж хөлийн цэцүүд шийдвэр гаргасныхаа дараа О.Хангай харцагад бичлэг үзүүлж байх шиг харагдсан?

-Миний хувьд өөрийгөө давчихлаа гэж бодож байсан ч шийдвэр гараагүй байхад дэвэхийг хүсээгүй. О.Хангай харцага ч мөн адил. Хөлийн цэц намайг давсан шийдвэр гаргасан. О.Хангай харцага бичлэгээ үзээд “сайн барилдаарай” гээд тахимаа өгсөн. Энэ барилдаанд унасан бөхөд бичлэгийг нь үзүүлж байгаа нь их зүйтэй. Өмнө нь бөхчүүдэд бичлэг үзүүлдэггүй, шүүлтэндээ ч бичлэг ашигладаггүй байлаа шүү дээ. Бичлэг ашигласнаар унасан, давсандаа хар төрөхгүй амар болж байгаа юм.

-Энэ удаагийн барилдааны онцлог нь шинэ дүрмээ баримталж барилдсан. Барьц сонгоо байхгүй болсон нь зөв үү?

-Зөв гэж бодож байгаа. Барьц сонгохгүй учраас золгооноос өмнө эсвэл эхний золгоонд барилдаанаа шийдэхгүй бол дараагийн даваанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс бөхчүүд шийдэмгий хурдан барилдаж байгаа юм. Барьц сонгоо жин ихтэй, бяртай хүнд давуу тал олгодог. Золгооноос аль аль нь давах, хамгаалах боломжтой. Уран барилдаан ч гарна. Өмнө нь барьц сонгооны барьцаа авч өгөхдөө бараг барилдахаасаа их цаг зарцуулдаг, маргаан үүсдэг байсан. Одоо энэ байдал үгүй болж үзэгчдийг чилээх нь багаслаа гэж бодож байна.

-Б.Бат-Өлзий харцагад өвдөг шороодсон. Энэ талаар юу хэлэх вэ?

-Энэ жил золгооноос лав барьцны бэлтгэл хийгээгүй. Тиймээс бүх барилдаандаа золгооноос өмнө түргэн шуурхай барилдъя гэсэн бодолтой байсан. Б.Бат-Өлзий харцагатай ч мөн адил. Ямар ч наадам, барилдааны үзүүр, түрүүнд яригддаг хүчтэй харцагатай санасан мэхээ хийгээд барилдаад унасан. Өөрт байгаа бүхнээ гаргасан учраас харамсахгүй байна.

-Цолны даваанд биеэ хэр барьж байв?

-Хэдий цол олгоно гэж бодсон ч албан ёсны наадам биш учраас биеэ барихгүй барилдсан.  Бусад цол авсан аймгийн цолтнууд ч биеэ барихгүй сайхан барилдах шиг боллоо. Тиймээс их олон аймгийн цолтон шөвгөрлөө. Намайг тавын даваанд нутгийн начин Л.Батзориг амалсан. Л.Батзориг начинтай нэг аймаг, өмнө нь олон барилдаж байсан.

-Шөвгийн 16-д тавхан улсын цолтой бөх үлдсэн шүү дээ?

-Наадам болох нь тодорхойгүй байсан учраас том цолтой бөхчүүдийн бэлтгэл тасалдсан байх. Улсын наадам хойшилсон ч бөхчүүдийн дунд ямар ч байсан аймгийн цол олгох барилдаан болно гэсэн сураг байсан. Тиймээс аймгийн цолтой бөхчүүд бэлтгэлээ орхиогүй. Мөн цол олгох нь баттай байгаагүй болохоор залуучууд биеэ барихгүй амжилттай сайхан барилдсан байх.

-Та энэ жил цолонд хүрнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?

-Би өнгөрсөн гуравдугаар сард нутагтаа амарсан нь сэтгэл зүйн бэлтгэл болсон. Барилдааны үед сэтгэл зүй тайван сайхан байлаа. Энэ жил тэгш ой тохиож 1024 бөх барилдана. 1024 бөх барилдахаар олон залууст боломж гардаг. Тиймээс цол авахын тулд COVID-ийн үед боломжоороо ач холбогдол өгч бэлтгэл хийсэн.

-Үндэсний бөхийг харлуулж байгаа зүйл бол допинг. “Үндэсний бөх-Үнэт өв” барилдааны үеэр ч зарим бөхийн дунд маргаан гарсан. Ямар арга хэмжээ авбал допинг устах бол?

-МҮБХ нэг удаа бөхчүүдийн саналаар явцын дунд шинжилгээ авсан. Зөвхөн наадмаар биш явцын шинжилгээг олон удаа авбал алга болох байх. Бөхчүүд бид допингийн талаар мэдлэг муутай байна. Бэртэл гэмтлээ эдгээхийн тулд эм тариа авахад аль нь допингийн  төрлийн бодис агуулдаг болохыг сайн мэддэггүй. Энэ байдлаасаа болж зарим бөхөөс допинг илрээд байх шиг. Мэргэжлийн спорт шиг дэвжээ бүрт нэг эмчтэй байдаг бол энэ байдал үгүй болно. Бөхчүүд өөрсдөө хариуцлага, болгоомжтой байх хэрэгтэй гэж боддог.

-Та зэвсэгч хүчний 256 дугаар ангиас барилддаг. Бөхчүүд харьяа цэргийн ангидаа алба хаадаг уу?

-Тодорхой хэмжээнд албаа хааж ажиллана. Гэхдээ Зэвсэгт хүчний алба хаагчид шиг ажилладаггүй. Бид тухайн цэргийн ангийг төлөөлж барилдаж байгаа учраас нэрийг нь гаргахын тулд амжилт үзүүлэхийг зорьж бэлтгэлдээ илүү анхаардаг. Сар бүр ангиараа орж харуул хамгаалалтад гарах гэрээтэй байдаг. Мөн зэвсэгт хүчний штабуудын дундах тэмцээнд ангиа төлөөлж оролцоно. Сая COVID-ийн үеэр цагдаад харьяалагддаг олон бөх харуулд гарсан. “Хилчин”, “Алдар”, “Хүч”, “Сүлд” спорт хороонд олон тамирчныг бэлтгэн гаргаж байгаа. Мөн олон цэргийн анги тамирчдыг дэмжиж ивээн тэтгэдэг. Бөхчүүдэд өмсөж, зүүх гээд хүний амьдралын хэрэгцээ байдаг. Сар бүр цалинжуулах хувийн компани ховор. Тиймээс цэрэг цагдаагийн байгууллагууд тамирчдыг олон талаар дэмжиж ажилладаг. Бөхийг тодорхой хэмжээнд мэдэж хүндэлдэг хүмүүс үүнийг ойлгох байх.

-Та аймгийн арслан байхдаа өөр нэртэй байсан. Нууц биш бол нэрээ яагаад сольсон юм бэ?

-Багаас намайг энэ нэрээр дууддаг байсан. Албан ёсны бичиг баримт дээр бол одоо хүртэл Ядамсүрэн нэрээрээ байгаа. Гэр бүлээрээ ярьж байгаад Довчинсэмбээ нэрээр дуудуулж байвал зүгээр юм байна гэж шийдвэрлэсэн. Нарийн учир байхгүй. Нэр солих нэг талаараа хэцүү. Олон хүнд тайлбарлаж хэлэх шаардлагатай болдог.

2007 оноос хойш 14 жил бэлтгэл хийхэд тусалж дэмждэг аав ээж, гэр бүлийнхэн, багш дасгалжуулагч, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн хамт олон болон намайг сайн барилдаасай гэж боддог нутгийн олон, бөхөд хайртай Монголын ард түмэндээ баярлалаа. Өнөөдрийн миний энэ бүх амжилтыг хамт бүтээлцсэн юм шүү. Мөн цар тахлын хүнд үед үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуусынхаа хөдөлмөрийг үнэлж барилдаан зохион байгуулсан МҮБХ-нд баярлалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.31 МЯГМАР № 170 (6647)

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан