Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын хөгжлийн хаалга-“Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал

Аялал жуулчлалын дэд бүтцэд чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй жуулчдыг хүлээж авах хүчин чадал бүхий нисэх буудал юм. Харин манай улсын хувьд жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд бүтээн байгуулж, ашиглалтад оруулаад удаагүй байна.

Ресторан, супермаркет, түргэн хоолны газрууд, банк, шуудан холбоо, валют арилжаа, автомашины түрээсийн үйлчилгээ гээд зорчигчийн тав тух, хэрэгцээ шаардлагыг бүхий л талаар хангасан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг байгуулах ажил 2014 оноос эхлэлтэй. Монгол, Япон талын олон удаагийн хэлэлцээр, томоохон түвшний айлчлалуудаар шийдэгдсэн энэхүү бүтээн байгуулалт бүрэн дууссанаар Монгол Улсын хөгжилд, тэр тусмаа агаарын тээвэр, аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээгдэж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 32 гаруй объектоос бүрдэх бөгөөд үүнээс хамгийн том нь 37000м2 нийтийн эзэмшлийн талбайтай зорчигч үйлчилгээний барилга юм. Энэхүү нисэх буудал нь зорчигч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан өргөн, саруул хүлээлгийн танхим, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх үйлчилгээ, эх хүүхдийн өрөө, мэдээлэл авах цэгүүд, банкны салбарууд, валют арилжааны цэг, үүрэн холбооны операторууд, машин түрээс, такси, автобусны үйлчилгээ үзүүлэх цэгүүд, Монгол шуудан, худалдаа үйлчилгээ, супермаркет, олон үндэстний зоогийн газар зэрэг цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг энд бүрдүүлжээ. Мөн БОАЖЯ-ны харьяа Аялал жуулчлалын төв, Төв аймгийн аялал жуулчлалын төв болон бусад мэдээлэл, үйлчилгээгээр хангах төвүүд  ажиллаж байна.

Шинэ нисэх буудал нь олон улсын стандартыг хангасан иж бүрэн цогцолбор бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд хөөрч буух 2 талын оролт, гаралттай алсын зайд нислэг үйлдэх том оврын агаарын хөлөгт үйлчлэх 3600 метр урттай, 45 метрийн өргөнтэй зурвас, явгалах зам,  6 хүзүүвч бүхий 20 агаарын хөлгийн зогсоол, 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй нислэг хөдөлгөөний удирдлагын цамхаг, зорчигч үйлчилгээний байгууламж, захиргааны барилга, мөн түүнд холбогдох гүүрэн байгууламж, хоногт 800 м3 ус цэвэршүүлэх болон бохир усны цэвэршүүлэх байгууламж, 42МВт-ын хүчин чадалтай дулааны станц, 110/10кВ-ын “Хөшигт” дэд станц, ачаа, шуудан тээврийн үйлчилгээний барилга, агаарын хөлгийг шатахуунаар цэнэглэх газар доорх гидрант систем, 8000 тонны багтаамжтай шатахууны байгууламж, аврах гал унтраах албаны 9-р зэрэглэлийн барилга, газрын үйлчилгээний тоног төхөөрөмжийн байгууламж, аэродромын байгууламж, 1086 автомашины ил болон дулаан зогсоолтой зэрэг найдвартай, аюулгүй ажиллагааны хувьд олон давуу талтай.

Монгол Улсын хөгжил, цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх энэхүү шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлэхэд Голомт банк шаардлагатай санхүүгийн баталгааг захиалагч тал руу гарган дэмжиж ажилласан юм. Өөрөөр хэлбэл, уг төслийг зогсолтгүй үргэлжлүүлэх боломж нөхцөлийг хангахад Голомт банкны зүгээс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болно.

Монгол Улс “Алсын хараа 2050” хөтөлбөртөө 2029 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн байдаг. Манай бүс нутагт буюу ОХУ, БНХАУ, Хонгконг, БНСУ-д жилд дэлхийн өнцөг булан бүрээс 1.7 тэрбум жуулчин ирдэг байна. Эдгээрээс ердөө 0.2 хувийг л өөртөө татахад бидний 3 саяын зорилт биелэх юм. Тэгэхээр энэ зорилтыг хэрэгжүүлэх нэгэн том төсөл ийнхүү бүрэн хэрэгжиж дууслаа. “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал бол далайд гарцгүй Монгол Улсын дэлхийд гарах гарц, дэлхийг угтах хөгжлийн хаалга юм.

Хамгийн их уншсан