
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрүүд хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд арьс, ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг Хэнтий аймгийн Чингис хотод /2026.06.20/, Дорнод аймгийн Чойбалсан хотод /2026.06.21/ тус тус нээлээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн болон “Булигаар” ХК, “Дархан нэхий” ХК, “Мон-Ирээдүй” ХХК, “Их-Эргэлт” ХХК зэрэг арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, аймгийн ХХААГ-ын мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл оролцов.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нээлтийн үгэндээ, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих "Цагаан алт" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд УИХ 2024 онд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолыг баталсан. Тогтоолын хүрээнд салбарын хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүхий эдийн чанар, бэлтгэлийн тогтолцоог дэмжих, үйлдвэрлэлт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан.
Энэ хүрээнд арьс, ширний үйлдвэрлэлийн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх, стандартын шаардлага хангасан түүхий эдийг үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэгийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад нээж байна.
Мөн арьс, ширний үйлдвэрүүд сайн чанарын арьс, ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд гадаадаас түүхий эд авахад хүрч байгааг дурдаад малаа эрүүлжүүлж, тарилга, туулгад хамруулснаар малын гаралтай түүхий эдийн чанар сайжирч, үнэ цэн нь өснө. Үүнийг дагаад малчдын орлого нэмэгдэнэ. Үүний нэг эхлэл нь түүхий эд бэлтгэлийн анхан шатны төвүүд юм" хэмээн тодотгов.
Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр арьс шир боловсруулах үйлдвэр, махны үйлдвэрүүд хамтран ажиллах гэрээ байгуулав. Мөн арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх дадлага сургалт зохион байгууллаа.
"Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК, МАШҮХ болон арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн гурван талт гэрээ, хамтын ажиллагааны хүрээнд арьс ширний түүхий эдийн арилжааг зохион байгуулж, малчдын гар дээрээс болон мал нядалгааны цэгүүдээс арьс, шир худалдан авна. Улмаар анхан шатны боловсруулалт хийсний дараа боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлж, нэмүү өртөг шингээсэн үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих боломж бүрдэх юм.
























