Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нарансэвстэйгээр наашаа, цаашаа...

Хилийн боомттой, боомт нь улирлын болон байнгын үйл ажиллагаатай аймгуудын эдийн засгийн тамир тэнхээ, хүн ардынх нь аж амьдрал, суурин газрынх бараа төрх эрс өөр байдаг. Бүр нэг ялгарч харагддаг. Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан гэж бий. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр танилцуулдаг уг хөгжлийн хэмжигдэхүүнийг боомттой эсвэл уул уурхайн томоохон төсөл хэрэгжиж байгаа, хүнд, хөнгөн аж үйлдвэр хөгжсөн аймгууд өнгөлж байна.

Боомттой, боомт нь ажилладаг аймгууд хөгжлөөрөө илүүрхэж байна

2021 оны тайланг нь авч үзвэл, Замын-Үүд болон Ханги гэсэн хоёр боомттой Дорноговь тэргүүлжээ. Газар нутгийн хэмжээгээрээ улсад Говь-Алтай аймгийн өмнө ордог Өмнөговь дөрөвт хурдалж, бусдыгаа тэргүүлсэн хэвээр. Өмнөговь аймаг Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл уулын боомттой. Бараг л бүх сум нь аймгийн төв, цаашилбал нийслэлтэй засмал замаар холбогдсон гэхэд дэгсдэхгүй Ховд аймаг Булган, Байтаг гээд хоёр боомттой, боомт нь баруун бүсийн худалдаа, эдийн засгийн гол коридор болж байна.

Боомтоо хөгжүүлэхгүйгээр баяжна, хөрштэйгээ эрх тэгш ярина гэж байхгүй дэг ээ. Үүнийг бид сүүлийн хоёр жил илүү гүн гүнзгий бүхэл бүтэн улсаараа мэдэрч, ойлгож байгаа. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр баруун таван аймаг дотроо түүчээлэх Увс аймаг гэхэд Боршоо, Тэс гэж хоёр боомтоор хойд хөрш рүү иргэд нь саадгүй зорчиж, арилжаа наймаа эрхэлж, бараа таваар үүгээр зөөцгөөнө. Тэр тусмаа Боршоо боомт гол чухал үүрэг гүйцэтгэж буй. Коронавирусийн улмаас экспорт, импорт саатсан ч эргэн хэвийн горимд тус боомт хэдийнэ шилжсэн билээ. Зүүн талын хязгаар Дорнод аймаг улсын хэмжээнд хамгийн олон боомттой нь. Ульхан, Эрээнцав, Хавирга, Баянхошуу, Хөөт гээд. Гэтэл Монгол орны нийт газар нутгийн 10 хувийг дангаар эзлэх, хүн ам хамгийн сийрэг суурьшсан, хамгийн алс Говь-Алтай аймаг хоёр боомттой боловч Бургастайн боомт л жил дамнан хаалттай байсны эцэст энэ сараас нээгдэж, үүгээр “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдрийн экспорт зөвхөн гарч эхэллээ. Сайн мэдээ гэвэл хил дээр хуримтлагдсан төмрийн хүдэр ашгүй ингээд гарах нь ээ.

Тус компани олборлолт явуулж эхэлсэн цагаасаа хойш Бургастайн боомтоор төмрийн хүдрээ Хятадад нийлүүлж байгаа. Өөр экспортын бараа, бүтээгдэхүүн тус боомтоор гарсангүй. Хатуухан хэлэхэд, ганцхан компанийн л бизнесийн үйл ажиллагааг дэмжих төдий хэмжээнд Бургастайн боомт одоо ажиллаж байна. Таяннуурын уурхайгаас төмрийн хүдэр ачсан хүнд даацын том тэргүүд л наашаа урт цагаан тоос манаруулан, говийн эмзэг хөрсийг сийчин, сэглэн ирэхээс өөр амьдрал, амь зуух арга нутгийн иргэдэд энд одоо үлдсэнгүй. Хил хаалттай, их хэмжээний хүдрийн овоолго үүссэн учраас “Алтайн хүдэр” ч уурхайн үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоосон байв. Алаг нуурын говь нялх хавраар нуруу нь амарч байна уу гэлтэй хөх мананд зүүрмэглэнэ.

Бургастайн боомт “Алтайн хүдэр” компанийн л экспортын гарц болжээ

Биднийг Бургастайн боомтыг зорин очиход Гаалийн хяналтын талбайд уул мэт нуруулдсан 2.5 сая тонн төмрийн хүдэр алсаас бараантан угтсан юм. Энэ бол боомтын ганц бараа нь. Улсын төсөвт болон орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэх орлогыг эс тооцвол аймаг, сумын иргэдэд наалдахуйц, ахуй амьжиргаанд нь жинтэй тус нэмэр болох хэмжээний эдийн засаг, худалдааны эрчимжсэн харилцаа энд алга. Мөнгөний эргэлт алга. Боомт дагасан худалдаа, үйлчилгээ, дугуй засвар, цайны газар нүдээрээ эрээд, эрээд олсонгүй. Бургастайн боомтоор хил гарлаа ч цаашаа тав алхаад хяналт шалгалт, хүнд суртал бүхий л түвшинд бүрэн нэвчсэн учраас олны урсгал энэ байдлаас нь төвөгшөөн залхжээ. Тиймээс наашаа цаашаа явах хүмүүсийн хүсэл, сонирхол хязгаарлагдсан байна.

2005 он хүртэл баруун таван аймгийн худалдаа наймааны зангилаа, хонины ноос, ноолуур, хөөвөр, хялгас, арьс шир гээд малын гаралтай бараа бүтээгдэхүүн цөм Бургастайгаар гарч, гурил, будаа, сахар, лаа шүдэнз, жимс жимсгэнэ, саван, угаалгын нунтаг, гэр ахуйн эдлэл чимэглэл гээд арвин бараа таваар Монгол руу энэ л боомтоор орж ирдэг байлаа. Харин өнөөдөр ийм байсныг бусдад ярихад үл итгэхээр дүнсгэр байдал ноёлно.

Цагийн сайханд боомт нээгдэх үеэр Алтай сумынхан бүхэлдээ шахам Бургастай руу гэр орноо нүүлгэх нь холгүй ирж дэлгүүр хоршоо, хоолны газар, засвар үйлчилгээ, зочид буудал хүртэл ажиллуулна. Малчдын хувьд малын махаа үнэд хүргэж, гурил, будаа, сахар гээд эхнэр, хүүхдийнхээ захисан болгоныг богц дүүргэн аваад буцна. Боомтын гаалийн хашаа дүүрэн бараатай. Гааль, Хилийн цэрэг, Тагнуул, Мэргэжлийн хяналт гээд холбогдох чиг үүргийн байгууллагууд нь түмэн завгүй. Боомт нээгдэх үеэр ачаалал нь дийлдэхгүй. Ачаа бараа араа араасаа шахамдуулна. Ховд, Завхан, Увс, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговиос өндөр өндөр ачаатай зил 130 машин чиргүүлтэйгээ хилээр гарах гэж уртаас урт оочер дараалал үүсгэнэ. Зарим нь буцаж байхад, нөгөө нь хил гарч арилжаа наймаа хийнэ. Бараа таваар ихээр татна. Хонь, ямааны өлөн гэдэс, тэмээний тавхай хүртэл энэ боомт дээр мөнгө болно. Боомттой байхын давуу талыг ингэж мэдэрсэн улс одоо боомтгүй байхын зовлонг хамгийн их амсаж байна.

Алтайн өвөр говиос 1300 гаруй километр замын унаанд хөл тавих зайгүй шахам явж байж нийслэл Улаанбаатарт ирнэ. Тэндээс галт тэргээр урд хөршийн Эрээн хотыг дахиад хоногоор зорино. Ирж буцах замдаа л багадаа долоо хоног үрнэ. Өдрийн газар яваад л хүрдэг байсан Бургастай болон Нарансэвстэйн боомтоор хил гарч авдаг өнөөх ижил чанартай, бараг л адилхан сонголттой бараа бүтээгдэхүүн, барилгын материал харин ч илүү өндөр үнэ, зардал шингэж сая нутгийн иргэдэд хүрнэ. Ганцхан сумын жишээ авахад л ийм бэрх байна. Энэ байдлыг өөрчлөх, үүний тулд Нарансэвстэйн боомтыг сэргээн нээх асуудал сүүлийн жилүүдэд идэвхтэй яригдаж байгаа юм.

Боомтын сэргэлт ба Нарансэвстэйг сэргээн нээх хүлээлт

Говь-Алтай аймгийн үе үеийн удирдлагууд Нарансэвстэйн боомтыг сэргээн нээж, орон нутгийн иргэдийнхээ амьжиргааг өөд татахын зэрэгцээ аймгийн хөгжлөө томоор зураглах шаардлагатай болсныг улс төрийн эрсдэл, зориг гарган хэлж, ярих болсон. Улсаас байнга татаас авдаг, аймгийн байгаа жаахан төсөв нь хаана ч хүрэлцдэггүй, томоохон бүтээн байгуулалт нь улсын нэгдсэн төсвөөс үлэмж хамааралтай, жил жилээр орж ирэх мөнгөн урсгал нь өөрчлөгдөж байдаг гээд ерөөсөө тогтвортой хөгжих баталгаа бүрдэхгүй байгааг тайлбарлаж, орон нутгийн шинж чанартай боомтын хөгжилд анхаарал хандуулж, газар дээр нь очиж танилцах, бодитоор нь харах завшаан бидний цөөн сэтгүүлчдэд тохиосон юм. Хязгаар нутгийн гүнд нь хүрч ажиллах томилолт ховордсон цаг үед ингэж явах нь том боломж л доо.

Эргэн сануулахад, 202О оны тавдугаар сард юм байна. УИХ-ын гишүүн, Говь-Алтай аймгаас хоёр дахь удаагаа хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсон Ш.Раднаасэд Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчид сайдаар Т.Бадралыг чуулганаар хэлэлцэн томилох үед Монголын талаас Нарансэвстэйн боомтыг 1991 онд нээж, төд удалгүй хаасан байдгийг дуулгаад, тус боомтыг сэргээн нээх, баруун хилийн боомтуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахыг хүссэн тухай Их хурлын тэмдэглэл байдаг.

 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” улс орны хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлсон. Үүний нэг нь боомт. Боомтын гацааг арилгах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нээх, дэд бүтцийг сайжруулах, хөгжүүлэх нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын шийдэх нэн тэргүүний ажил юм. Тус бодлогыг УИХ-аар оны өмнө хэлэлцэн батлах үеэр дэмжиж кноп дарсан УИХ-ын гишүүд бол Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд. Тэд өөрсдийн нэр дэвшин сонгогдсон тойрог Говь-Алтай, Алтай нутгийн сонгогчдынхоо амьдралын чанарыг дээшлүүлэх, нутаг орныг хөгжлийг урагшлуулахад “Шинэ сэргэлтийн бодлого”, энэхүү бодлогод тусгагдсан зургаан зорилт хэчнээн чухал болохыг онцгойлж үзсэн нь дамжиггүй. Тэр тусмаа Бургастайн боомт нь Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны дотоод асуудлаас болж хөгжил нь царцсан гэдгийг ч мэдэх. Тиймээс хоёр дахь боомтын асуудал тун чухал болж байгааг илүү сайн мэдэх, орон нутгийн иргэд, аймгийн удирдлагууд ч тэдэнд уг асуудлаар өнгөрсөн хугацаанд хандсан нь нэг бус.

Хоёр дахь боомт нь Нарансэвстэй. Боомттой хил залгах Ганьсу мужийн хөгжилд Төв Хятадын зүгээс ихээхэн ач холбогдол өгч, Нарансэвстэйн боомт хүртэлх дэд бүтцийг олон улсын норм стандартаар нь барьж байгуулж, бэлэн болгожээ. Өөрөөр хэлбэл, өмнөд хөрш Боомтын хөгжилд онцгой анхаарч байгаа нь 30 жилийн турш ашиглагдаагүй Нарансэвстэй боомтын цаадах бүтээн байгуулалтаас харагдана. Нарансэвстэй гэж Монгол Улсын хил доторх “Суварган цэнхэр уулс шиг” нурууны нэр нь юм.

Говийн их дархан газраар зорчих бус хил дагуух шинэ маршрутаар...

Монгол Улсын төрийн сүлдтэй, 496 дугаар багана Нарансэвстэй боомтод ирсний баталгаа. Байгуулагдсан цагаасаа хойш ердөө хоёр удаа нээгдээд хаагдсан Нарансэвстэйг сэргээн нээх асуудалтай хамт өөр нэгэн асуудал хамт босож байгаа. Тус боомт руу хүрэх 30 жилийн өмнөх авто зам Говийн их дархан цаазат тусгай хамгаалалттай газар нутгийн “А” бүсээр дамжин өнгөрдөг. Энэ байдлаасаа болж Нарансэвстэй 1993 онд хаагдсан юм. Тэгвэл уг маршрутыг өөрчилж, Алтай сумаас Нарансэвстэй, Нарансэвстэйгээс Шивээхүрэн чиглэлд хил дагуулан хөгжүүлэх хувилбарыг Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар танилцуулав.

Алтай сум хүртэлх 500 км үргэлжлэх дэд бүтцийг бүтээн босгоход шаардлагатай санхүүжилт болон засмал замыг барьж байгуулахад Хятадын Ганьсу муж өөрийн хөрөнгөөр туслах, бүрэн хариуцан хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ илэрхийлсэн нь анхаарал татна. Үүнд дөрөөлж орон нутгийн зүгээс хоёр талын яриа хэлэлцээний эрч сулархаас өмнө цаг хугацаа хожиж эхлүүлэхээр зорьж, шамдаж байгаа юм байна. Говь-Алтай аймаг нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогын хүрээнд 4 төсөл арга хэмжээг хөгжүүлэхээр үндсэн чиглэлээ болгожээ. Үүний нэг нь сумдын шинэчлэл, хөдөөгийн хөгжил.

Орон нутгийн хөгжлийг дараагийн түвшинд авчрах, үүнд түлхэц болох хөшүүрэг нь боомт гэж томъёолжээ. Бургастайн боомтоос бид хөдөлж, Алтай сумын төвөөр дайран хилийн зурвас даган 500 гаруй км давхисан. Энэ зуур хавтгай, хулан, хар сүүлт таарсангүй. Шувуу ч харагдсангүй. Өвс ургамал ч үзэгдсэнгүй. Баянбүрд ч гарч ирсэнгүй.

Монголын говийн хамгийн хатуу харгис зэлүүд нутгаар манай томилолтын баг замаа олж ядан нар унасан говийг туулж барахаар зүтгэнэ. Нарансэвстэйн хүрэх замд хилийн цаахна буюу Хятадын талд нүүрсний уурхай ойр ойрхон тааралдаж байлаа. Хил рүүгээ тулгах шахуу өмнөд хөрш байгалийн баялгаа олборлон, боловсруулж хязгаар нутгийнхаа эдийн засгаа дэмжиж байгаа нь илт. Харин манай талд өвс ургамал үгүй, ан амьтны бараа сураггүй их хөндий хоолой барагдахгүй үргэлжилнэ. Нөгөө талд Хятадын хилээ хамгаалан татсан бүрэн камержуулсан амьтан шургах нь бүү хэл хүн давах эцэсгүй шахам өндөр төмөр тор тасралтгүй дов толгод мөрлөн сунайна. Мөнгөтэй, баян орны дархан хил нь хүртэл ийм сүрдэм, хана хэрэм мэт байдаг аж. Нарансэвстэй боомт дээр 30 жилийн өмнө Хятадын “Цагаан хэрэм”-ээ дүрслэн барьсан боомтын барилга саяхан л ашиглалтад орсон гэмээр сүрлэг, шинэхэн харагдана. Харин бидний эх орны босго болсон боомтын барилга хаалга, цонхгүй, хана туурга нь эвдэрч нурсан, эзгүй айл шиг энд орхигджээ.

 

Үргэлжлэл бий...

 Б.Баяртогтох

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан