Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрөө төлж чадахгүй бол өтөнд идэгдлээ шүү

Монгол Улсын гадаад өр хоолойд тулсан хутга шиг хүн бүрийн санааг зовоох боллоо. Өрнөөс өрийн хооронд өөдөө харах заяагүй юм шиг аж төрцгөөх нь авлигачдаа даврааж, алс мэтээ тооцоогүйн гор. УИХ-ын дарга асан З. Энхболд: Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 6-хан жилд дахин 15 саяар нэмж 30 сая төгрөгийн өрөнд оруулан МАНдуулж байна. Эхний 15 саяын өр нь 1921-2016 хооронд 95 жилийн турш тавьсан өр... хэмээн жиргэжээ. Иргэдийн амьдрал туйлын хүнд, өдрийн хоолоо арай ядан олдог өлөн зэлмэн байдалтай бүтэн давхраа үүсээд байхад энэ их мөнгө хаашаа хэний карма руу ороод усанд хаясан чулуу шиг алга болдог юм бэ?

УИХ-ын дарга Г. Занданшатар: Нуугаад хаагаад өөрөө өөрсдийгөө хуураад явж болохгүй. Ирээдүйд би Монголоос хөөгдөж явахгүйн тулд та нарт үүнийг хэлж байна. "Та нар өрөнд бариулчихсан шүү дээ, хулгайч нар аа" гэж хэлүүлэхгүйн тулд. Үнэн бодитоор нь ярих хэрэгтэй. Ирээдүйд ил болно шүү дээ. Өрийн хавханд улсаа хийчихсэн эрсдэлд орохгүйн тулд хэлэх хэрэгтэй" хэмээлээ... Цочсон хүний цоорхой амаар унагасан үг биш байлтай.

Өнөөдрийг хүртэл гэрээсээ нандин, үнэтэй юмаа авч гараад хямдхан зарж уудаг архичин шиг үр хүүхдүүд нь болсон ард түмнээ тарчиг ядуу амьдруулж, уул уурхайгаас олдог түүхий эд, ашигт малтмалаа урд зүг рүү уралдан ачиж хямдхан өгөөд өөрсдөө дангаараа цулайж, гаднаас олж ирсэн зээлээ ах дүү хамаатан саднаараа нийлж цөөхүүлхнээ шамшигдуулдаг, цоорхойтой тор шиг өрийн нөхөөсийг ард түмнээрээ төлүүлж хэдүүлхнээ хаан шиг амьдардаг улс төр бизнесийн бүлэглэлийн цэвдэг сэтгэлгээг өөрчлөхгүй бол өөд нар үзэхгүйгээр зогсохгүй газар нутгаасаа тасалж харьд алддаг гашуун түүхийн хойноос гулсан орчих вий дээ. Хятадаас авсан зээлээ төлж чадалгүй газар нутгаа алдаж, тусгаар тогтнол нь хэврэгшсэн хэд хэд орны бодит жишээг дэлхий харж байна.

Монголчууд өртэй хүн өөдөлдөггүй өттэй мал таргалдаггүй, өрөнд баригдаж, өтөнд идэгдэх гэх зэргээр онон цэцэлжээ. Өрийн хямралаас гарах арга замууд нь үндэсний үйлдвэрлэлээ бодлогоор дэмжих, экспортын тогтмол орлого, төсвийн үр ашигтай зарцуулалт, аж үйлдвэржилт, хөрөнгө оруулалт татах, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зэргээр эдийн засгийн бодлогоо цогцоор нь шинэчлэн хөгжүүлж, иргэн бүр эх орондоо гар газар хөл хөсөр жарган суух бололцоог бүрдүүлбэл сая Монгол Улс бодитойгоор хүчирхэгжин орших биз ээ. Дорвитой бодлого босгоод өгөхөөр гацааж, булаацалдаж, мушгин гуйвуулж, харлуулдаг МАНАНгийн хар сүүдэр, ирж яваа цагийн дууг дуулахыг хүсэгч, харьж яваа цөөхөн бичил мафиуд, авлигын авторуудын өлөн хүсэл мөд арилаасай.

 

1 Сэтгэгдэл
Хятадаас зээл авч идэж уусан луйварчдаар нь өрөө төлүүлэх ёстой. Ард түмэнд наалдсан зүйл огт байхгүй. Эх оронгүй болж байхаар луйварчдыг хайр найргүй баривчилж, бүх хөрөнгийг нь хурааж удмаар нь цаазлах ёстой. Улс минь мөхөх гэж байна. Өвөг дээдэс минь "Хужаад алдах гэж" газар шорооныхоо төлөө үеийн үед амь насаараа хамгаалсан болох уу? Үгүй шүү. ард түмэн босно шүү
Хамгийн их уншсан