Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арилжааны банкууд ипотек, орон сууцны зээлийг хязгаарлажээ

Сурвалжлага: Арилжааны банкууд ипотек, орон сууцны зээлийг хязгаарлажээ

Эдийн засгийн уналтаас шалтгаалж, орон сууцны үнэ хөөрөгдөж зээл авах иргэдийн тоо өсч буй. Үүнтэй зэрэгцэн эрэлтийг хязгаарлах арга хэмжээг зарим арилжааны банкууд авч эхэлсэн байна. Тодруулбал, зарим банк ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг авч байгаа бол ихэнх нь энэ оны тавдугаар сарын 9, 23-наас эхлэн бүрэн зогсоожээ.

Учир нь Монголбанкнаас олгох санхүүжилтийн хэмжээ бага байгаа тул иргэдийн хүсэлтийн хүлээлгийн хугацаа багадаа 3-4 сар болсон байна.

Тэгэхлээр өмнө нь хүсэлт өгсөн иргэдийн олголтыг шийдвэрлэж барагдуулахгүй байгаа аж. Гэтэл үүний зэрэгцээ орон сууцны зээлүүдийг ч зогсоож байгааг иргэд эсэргүүцэж байгаа юм. Тиймээс арилжааны банкууд яагаад орон сууцны зээлийг олгохгүй байгаа болон хэдий хугацаанд зогсоогоод байгаа талаар сурвалжиллаа.

ЗУРГААН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ГУРВАН БАНК ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй олон мянган өрх бий. Гэвч зээлийн шалгуурт тэнцэх амаргүй даваа байдаг болохыг иргэд хэлж байна. Ипотекийн зээл хэдийгээр бага хувийн хүүтэй ч хамрагдах магадлал жил ирэх бүрд багасч байгаа аж. Арилжааны банкуудын эдийн засагчдын хэлж байгаагаар 160 сая төгрөг хүртэлх хэмжээтэй 30 жилийн хугацаатай зээл нь орон сууц барьцаалсан хувь банкнаас гаргадаг зээлээс хүүний төлбөр харьцангуй бага. Учир нь орон сууцны зээл буюу байр барьцаалсан зээл нь жилийн 18 хувийн хүүтэй дээд лимит нь 100 хүртэлх сая төгрөг байдаг байна. Тиймээс ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа урт ч хүсэлт өгөх иргэд багасахгүй байгаа аж.

Ачаалал, хүсэлт өгсөн ирэдийн материалыг хянах зэргээс шалтгаалж Хаан, Худалдаа хөгжил зэрэг банкууд өнгөрсөн сараас эхэлж хязгаарлажээ. Харин Төрийн банк, Голомт, Хасбанкны тухайд ямартай ч иргэдийн материал хүсэлтийг хүлээж авч байгаа гэв.

Хаан банкны зээлийн эдийн засагчийн өгсөн мэдээллээр тус банк дээрээс ирсэн тушаалын дагуу 2022 оны тавдугаар сарын 23-наас эхлэн ипотекийн зээл олголтыг бүрэн зогсоож, хүсэлт аваагүй байна. Харин Худалдаа хөгжлийн банкнаас асуухад ипотекийн зээлийн хүсэлтийг авахгүй байгаа. Мөн орон сууцны зээлийн олголт буюу урт хугацаатай зээл гаргахгүй байх шийдвэр тавдугаар сарын 9-нд гарчээ. Тиймээс байр орон сууц авах иргэдэд үйлчлэх зээлийг тус банкнаас бүрэн хязгаарласан байна. Шалтгаан нөхцөлийг тодруулахад удирдлагуудаас ирсэн шийдвэрийн дагуу зээл олголтыг зогсоосон. Тушаалаас өмнө хүсэлтээ өгсөн иргэд хүлээлгийн хугацаа нь хэвийн үргэлжилж байгааг онцоллоо. Мөн Худалдаа хөгжлийн банк хадгаламж барьцаалсан зээл, цалингийн зээл болон автомашины зээл хэвийн олгож байгаа бөгөөд ипотекийн зээлийг зөвхөн эмч нарт 100 сая төгрөг дотор гаргаж байгаа талаар салбарын ажилтан хэлсэн юм.  Учир нь Covid-19-ийн нөхцөл байдлаас болоод ипотекийн эргэн төлөлт энэ оныг дуустал хойшлуулсантай холбоотой санхүүжилтийг зогсоожээ.

Гэхдээ Монголбанкнаас тус зээлийг зогсоох, иргэдийн хүсэлтийг авахгүй байх шийдвэр, тушаал гаргаагүй байна.

ГОЛОМТ, ХАСБАНК САРЫН 1-1.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ГАРГАЖ БАЙГАА

Ийнхүү арилжааны банкууд дотоод зохицуулалтын дагуу тодорхой хязгаарлалт тогтоож эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор иргэд дараагийн шатлалын зээл болох сарын 1-1.5 хувийн хүүтэй арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах хүсэлтээ ихээр өгөх болсон байна. Энэхүү зээлд ч хамрагдах хүсэлтэй иргэд их байгаа учраас материалыг шалгуурт нийцэж байгаа эсэхийг 15-30 хоногийн дотор хянаж үзээд зээлийн эдийн засагчид иргэдтэй холбогдож байгаа аж.

Арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах иргэдийн шалгуур нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан эсэх маягт болоод сүүлийн 12 сарын дансны хуулга, өргөдөл зэрэг байна.

Мөн үүн дээр нэмээд байрны гэрчилгээ бичиг баримт хэрэгтэй гэсэн юм. Учир нь тус зээл нь тухайн авах гэж байгаа орон сууцыг барьцаалсан хэлбэрээр олгодог байна. Энэ нь иргэдэд нэг талаар хүүгийн дарамт үзүүлдэг ч бэлэн мөнгөөр төлөлт хийх боломжгүй иргэдэд харьцангуй таатай нөхцөлийг бүрдүүлж байгааг иргэд хэлж байна.

Зах зээлд ипотекийн зээл болон орон сууцны зээл тодорхойгүй хугацаанд зогсч байгаа нь нөгөө талаар үнийн хэт хөөсрөлийг арилгах боломжтойг эдийн засагчид онцолжээ.

Учир нь сүүлийн хоёр жилийн статистикаас харвал орон сууцны үнэ тасралтгүй өссөн байна. Тухайлбал, өнгөрсөн жил хуучин орон сууцны дундаж үнэ 1.6-1.9 сая төгрөг байсан бол шинэ нь 2.3-2.8 сая төгрөгөөр үнэлэгдэж байв. Энэ онд хуучин байрны дундаж үнэ 2-2.2 сая, шинэ орон сууцны дундаж үнэ 3.3 сая төгрөгөөс эхэлж байна. 2020 онтой харьцуулахад энэ жил орон сууцны үнэ 16 хувиар өсчээ. Мөн шинээр баригдаж буй 51 мянган орон сууцны төслийн 50 гаруй хувь нь Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа аж. Үнэ нэмэгдсэн шалтгааныг барилгын компаниуд бараа, материал хомсдсонтой холбон тайлбарлаж буй. Барилгын гол нэр төрлийн материал, төмөр бүтэц эдлэл болох арматурын үнэ өнгөрсөн 7-9 дүгээр сард тонн нь 3.2 сая төгрөгт хүрч нэмэгдсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар арматурын дундаж үнэ нэг тонн нь 2.9 сая төгрөг болж буурсан ч байрны үнэ буугаагүй. Харин эдийн засагчдын харж байгаагаар өндөр хүүтэй урт хугацаатай зээл олголтыг зогсоосон нь нэг талаар байрны үнэ буух боломжийг бүрдүүлж байгаа аж.

ИПОТЕКЭЭС ГУРАВ ДАХИН ӨНДӨР ХҮҮТЭЙ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД Ч ИРГЭД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

6-8 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай зээлийн шалгуурт тэнцээгүй болон материалаа бүрдүүлж чадаагүй иргэд арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах болжээ. Гэхдээ олголт хэвийн үргэлжилж байгаа банкуудын тус урт хугацааны зээлийн материал шалгуурыг хянах хугацаа өмнөхөөс хэд дахин уртассан байна. Тодруулбал, өмнө нь зээлийн эдийн засагчид иргэдийн хүсэлтийн дагуу бичиг баримтад тулгалт хийж шалгуурыг тогтоодог байжээ. Харин одоо 25-30 хувийн урьдчилгаагаа төлөөд шалгуурт тэнцсэн иргэд ч 30 жилийн хугацаатай зээлд хамрагдаж чадахгүй байгаа аж.

Мөн урьдчилгаа төлөхөөс гадна 100 сая төгрөгөөр лимит тогтоож байгаа нь иргэдийн эрхийг хязгаарлаж, банк давуу талаа ашиглаж байгааг ч хүмүүс хэлж байна.

Угтаа урт хугацааны зээлийг олгох нь иргэдийн аж амьдралд хэрэгтэй ч нөгөө талаар үнийн хэт хөөсрөл, эдийн засгийн уналтыг сэргээж болзошгүй тул ийнхүү арилжааны банкууд хязгаарлалт тогтоох шийдвэрээ ойрын хугацаанд цуцлахгүй төлөвтэй байна.

Банк хас хаан төрийн голомт атм (1 of 7)

Банк хас хаан төрийн голомт атм (3 of 7)

Банк хас хаан төрийн голомт атм (6 of 7)

Банк хас хаан төрийн голомт атм (5 of 7)

 

 

 

 

Сэтгүүлч С.УНДАРМАА

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Л. Энх-Оргил

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан