Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль-Үнэт зүйл” сэдвээр хичээл заалаа


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын скаутын холбоо хамтран үндэсний хэмжээнд зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн ордонд боллоо. Тус нээлтийн үеэр, Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөөлөлтэй уулзаж, ардчилал, хүний эрхийн боловсролыг хүүхэд ахуй цагаас нь олгох, бүтээлч сэтгэхүйтэй, хүчирхэг монгол хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой парламентын боловсрол хөтөлбөрийн анхны хичээлийг заах болсондоо баяртай буйгаа Улсын Их Хурлын дарга хэллээ.

Хүний эрхийн талаар хүүхдүүдийн хэлж байгаа бүхнийг нийт монголчууд нийгмийн гэрээ болох Үндсэн хуульдаа “Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” хэмээн тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хичээлийнхээ эхэнд тэмдэглэсэн.

Энд дурдагдаж буй, монголчуудын байгуулахаар зорьж буй “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм”-ийн талаарх суурь ойлголтыг тэрбээр тайлбарлаж өгсөн юм. Үргэлжлүүлэн Үндсэн хууль гэж юуг ойлгох талаар, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, үнэт зүйл, засаглалтын тогтолцоо, хууль тогтоох үйл явц, D.parliament буюу цахимаар хуулийн төсөлд санал өгөх боломжийн дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар хийв. Монгол Улсын Үндсэн хуульд тусгасан иргэний эрх, үүргийн талаар тайлбарлаж, харилцан ярилцав. Хичээлийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хүн эрхээ баталгаатай эдлэх ёстой ч, тэрхүү эрх нь өөр нэгний эрхээр хязгаарлагддаг гэдгийг цохон тэмдэглэв. Хүний эрхийн суурь бол бие биеэ хайрлан, хүндэтгэх гэдгийг хэлээд хүүхэд залууст сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрт нийт 91 сурагч хамрагдана. Нийслэл хотын 9 дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн сурагчдаас төлөөлөл болгон 77 сурагчийг сонгон шалгаруулж, хүүхдийн оролцооны байгууллагуудаас 14 сурагчийг урилгаар оролцуулж байна.

Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болно. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадвар суралцах юм.

“Өсвөрийн парламент-2022” хөтөлбөрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар зэрэг байгууллагууд дэмжиж хамтран ажиллаж байна.

Ташрамд тэмдэглэхэд, “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн оролцогчид уур амьсгалын өөрчлөлт, парламентын боловсрол, өсвөр үеийнхний хооллолт, эрүүл мэнд болон хувь хүний хөгжил зэрэг сэдвээр цахим хичээл сургалтуудад хамрагдаж, сонирхолтой зочидтой уулзалт ярилцлага өрнүүлж, амьдран буй газар, сургууль дээрээ нөлөөллийн ажил, өдөрлөг зохион байгуулсан юм.

Тус хөтөлбөрийн төгсөгч Ө.Мөнгөнзул өнгөрөгч 9 дүгээр сард АНУ-д зохион байгуулсан НҮБ-ын Хүүхдийн сангийн “Generation Unlimited” арга хэмжээнд Монголын хүүхэд, залуусыг төлөөлөн оролцсон. Мөн Арабын Бүгд Найрамдах Египет Улсад одоо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 27 дугаар бага хуралд (COР27) “Өсвөрийн парламент 2021” хөтөлбөрийн төгсөгч М.Гарьд, байгаль орчны манлайлагч Э.Ундрал нар оролцож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан