Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр нээхээр болсныг Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2023.01.04/ мэдээлсэн.  Эхний ээлжид  өдөрт 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлэх аж. Үүний дараагаас нь  хоногт 500-1000 болгон зорчигчийн тоог нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Эрээн хотын хил нээгдэхтэй холбоотойгоор “Найман шарга” худалдааны төвөөр юань хайсан иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ.

“Найман шарга” валют арилжааны төвийн гадуур “Хаана хямд юань зарж байна”, “Таньдаг гуйвуулга хийдэг хүн байна уу”, “Өнөөдөр л авахгүй бол цаашид улам л өсөх байх” хэмээн холхилдох хүн цөөнгүй таарлаа. Ингээд бид арилжааны төвийн үүдээр ороход иргэд урт дараалал үүсгэн зогсож байв. Энэ дунд цар тахлын улмаас багагүй хугацаанд урд хөрш рүү яваагүй наймаачид ч байв.

Тэд хэдэн төгрөгөө юаниар солиулж урд хөршийг зорих гэж буй нь энэ. Гэвч оны өмнө арваннэгдүгээр сард “Найман шарга" валют арилжааны төвийн юанийн ханш 470 төгрөг байсан бол хил нээх болсонтой холбоотой өчигдрөөс /2023.01.04/ 504 төгрөг болж нэмэгджээ. Мөн юань солих арилжаачин ховор байв.

ЮАНИЙН ХАНШ 34 ТӨГРӨГӨӨР ӨСЧ, ХОМСДОЛ ҮҮСЧЭЭ

Арилжааны төвд байрлах “Creat capital” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б.Энхтөр “БНХАУ-ын хил нээгдэх сургаар иргэд олноор юанийн эрэлд гарснаар  хомсдол үүсч, үнэ өссөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр юань 470 төгрөгөөр борлуулагдаж гүйлгээ хэвийн байсан бол Эрээний хил нээх сургаар буюу арванхоёрдугаар сарын сүүлээр 497 болж өссөн. Харин /2023.01.03/ ны өдрийн байдлаар юань 502 төгрөг байсан бол өчигдөр гэхэд хомсдол үүсч, 504 төгрөг болж өсөөд байна. Мөн цаашид ч эрэлт их байгаа тул өсөх хандлагатай байгаа” гэв.

Тус арилжааны төвд үйл ажиллагаагаа явуулж буй ихэнх арилжаачид хэр хэмжээний юань авахаас хамаарч зарах, худалдан авах шийдийг хэлж байлаа. Иргэд арилжаачдын хэлсэн хэмжээгээр л юань худалдан авч байв.

“АРИЛЖААЧИД ЗОХИОМОЛ ХОМСДОЛ БИЙ БОЛГОЖ БАЙНА”

Удахгүй сар гаруй хугацааны дараа монгол түмний уламжлалт  баяр болох цагаан сар болох  гэж байгаатай холбоотойгоор “Найман шарга” валют арилжааны төвийг ихэвчлэн Эрээн хотоос бараа бүтээгдэхүүн татаж худалдаа эрхэлдэг наймаачид зорин иржээ. Өмнө жилүүдэд хил хаалттай байсан учраас үндэсний үйлдвэрээ дэмжин дотоодын бараа бүтээгдэхүүнээрээ бэлэг барих айл цөөнгүй байсан. Тухайн үед өөр бэлэг авч болох ч сонголт бага байв. Яг үнэндээ Монголд үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүн загвар, хийц нь сайнгүйгээс гадна өргөн сонголтгүй, үнийн хувьд өндөр гээд тоочвол олон шалтгаантай. Тиймээс иргэд сонголт ихтэй, үнийн хувьд харьцангуй хямд учраас Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонгох нь түгээмэл.

Хувиараа бизнес эрхлэгч Б.Оргилмөнх, “Бидний зүгээс хил нээж байгаад баяртай байна. Харин юанийн ханш ихээр өсөж байгаа нь зөвхөн наймаачдад дарамт болохгүй. Харин эсрэгээрээ хэдэн амиа хичээсэн өнөө маргаашаа бодсон арилжаачдын мунхаг санаанаас бүх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх талтай. Хэдийгээр цалингийн доод хэмжээ нэмэгдсэн ч барааны үнэ өсөөд буцаад л өмнөх үетэй адил болно. Хил гааль нээгдэх сургаар юань худалдан авах иргэд их байгаа ч одоогоор хомсдол үүсгэх хэмжээнд хүрээгүй. Бодит дүр зургаараа бол арилжаачид нөхцөл байдлыг ашиглан зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөргөдөл үүсгэж байна” гэлээ.

“АРИЛЖААНЫ ХАНШАА ТОГТВОРТОЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ” ГЭВ

Иргэн М.Энхгэрэл “Хил нээгдсэн нь сайшаалтай санагдаж байна. Үүнийг дагаад юанийн ханш өсч байгаа нь үнийн хөөрөгдөлтийг улам нэмэх шалтгаан юм. Удахгүй наймаачид сар шинийн баярт зориулсан бараагаар лангуугаа дүүргэнэ. Бид ч нэгнээ дуурайж байдгаа барж үнэтэй зүйлсийг нь худалдан авна. Тэгээд баяр дуусч, үнийн хөөрөгдөлтэй нийгэмд өрөө нэмсэн хүмүүсийн амьдрал үргэлжилнэ. Тиймээс арилжааны ханшаа тогтвортой барих тал дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Тиймээс юань олдоц хомсдолтой, өдөр бүр ханш өсч байгаа учраас Эрээн хотоос ирэх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж иргэдийн нуруунд ачаа нэмэх нь нэгэнт тодорхой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан